Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛД АРДЧИЛАЛ ЭХЭЛСЭН ТҮҮХ

Б.Дөлгөөн
2015 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын нэгэн томоохон түүхэн үйл явдал болох анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой тохиож байна.

Монголчууд бид тэртээ 1990 оны 7 сарын 22-29 -нд анхны чөлөөт ардчилсан сонгуульдаа оролцож төрийн эрх барих дээд байгууллагаа өөрсдөө сонгосон билээ. 

Анхны чөлөөт ардчилсан сонгууль бол 8 сар үргэлжилсэн тэмцлийн үр дүн, манлайлсан, идэвхийлэн оролцсон, дэмжсэн олон арван мянган хүний эр зориг, сэтгэл зүтгэлийн үр дүн, тэмцэж олсон эрх чөлөөгөө мэдэрсэн онцгой баярт үйл явдал байв.

Зориг сан, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран энэ ойд зориулан Ардчилсан хувьсгалын гол үйл явдлууд хэрхэн өрнөснийг харуулсан цомгоос эш татан хүргэж байна.

 
Гол цуглаанаас өмнө юу болов

1989 оны 12-р сарын 06-нд Эрдэнэт хотод цуглаан болж Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг бариахгүй байх, Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах гэсэн шаардлагыг НТХ-ны 5-р бүгд хуралд МАХН-н хорооны дарга н.Мянганбаяр, Эрдэнэт хотын дарга Д.Тогооч нараар явуулсан бөгөөд намын төв хорооны 5-р бүгд хуралын индэр дээрээс сэтгэлийн хөөрөлтөй, сэгсгэр үстэй хэдэн залуус давраад байна дараад өг гэж хэлж байжээ...

 

1989 оны 12 сарын 07-нд Ховдын Багшийн Дээд Сургуулийн хэсэг багш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын ТХ-ны УТТ, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан Өргөх бичгийг аймгийн НХ-ы Бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ...

1989.12.06
Дуугүй хувьсгал болдоггүй гэдэг...

Анх удаа зөвшөөрөлгүй хийсэн энэ цуглаанд 300 шахам хүн сайн дураараа ирж оролцсон.

Цуглааны үеэр Хонх хамтлагийн дуучин уран бүтээлч С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр алдарт "Хонхны дуу"-гаа дуулсан нь ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон билээ.

"Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ

Хонхны дуу зоригийг бадраа ..."

1989.12.10
МоАХ-ын анхны цуглаан болов

С.Зоригоор удирдуулсан Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа 1989 оны 12 сарын 10-нд Хүүхэд Залуучуудын Соёлын Төв /одоогийн Залуучуудын Төв/ -ийн гадаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхаглалаа.

 
1989.12.10
Уриа лоозонгууд

1989 оны 12 сарын 17, 1990 оны 01 сарын 14, 1990 оны 02 сарын 11-ний цуглаанууд дээр

"Айвал бүү хий, Хийвэл бүү ай"

"Шинэ цаг ирлээ, сэрцгээе"

"Монголчуудаа мориндоо" 

"Зээлийн социализмыг халъя"

"Тусгай халамжийг халъя" зэрэг олон уриа лоозон нэмэгдсэн нь залуучуудыг зоригжуулж байв.

 
1989.12.17
Дөрөв дэх цуглаан улсын төв талбайд

МоАХ-ны улс төрийн шаардлагуудыг нам, төрийн удирдлагууд хүлээж авахгүй байсан тул МоАХ дөрөв дэх цуглаанаа 1990 оны 01 сарын 21-нд нийслэлийнхээ төв талбайд зохион байгуулсан юм.

Цуглаан дээр МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг "МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч мөн" гэсэн томъёоллыг Үндсэн хуулиас хасахыг дахин шаардав.

Үг хэлсэн хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг шаардаж, МАХН-ын хэмжээгүй эрхийг эсэргүүцэж байлаа.

 
1990.01.21
Монголын Ардчилсан Нам байгуулагдав

Монгол орны 16 аймаг 3 хотоос, 611 төлөөлөгч, 200 зочин ирж оролцсон МоАХ-ны анхдугаар их хурал амжилттай болж Монголын Ардчилсан Нам байгуулагдсанаа зарласнаар олон намын тогтолцооны эхлэлийг тавьлаа.

 

МоАХ-ны гишүүд дэмжигчид анхдугаар их хурлынхаа ажиллагааг телевиз радиогоор орон даяар шууд дамжуулахыг шаардаж замын хөдөлгөөн хаасны үр дүнд олон нийт хурал дээр дэвшүүлсэн шинэ санаануудыг сонсож, ардчилал эрх чөлөөний уур амьсгалыг үзэж мэдрэх боломж гарсан юм.

Хурлаас сайд нарын зөвлөлийг огцруулж, ардын их хурлыг тараах шаардлага тавьсан юм.

Эл арга хэмжээг гадаадын 30 гаруй сэтгүүлч ирж сурвалжилсан юм.

1990.02.18
Төрийн хяналтаас хараат бус анхны хэвлэл гарав

Орон даяар байгуулагдсан МоАХ-ны салбар зөвлөлүүд төлөөлөгчдөө их хуралд оролцуулсан юм.

Энэ өдөр "Монголын ард түмний чөлөөт хэлэл" гэсэн тодотголтой төрийн хяналтаас хараат бус анхны хэвлэл болох "Шинэ толь" сонины эхний дугаар гарчээ.

1990.02.18
4 холбоо нэгдэж 100 мянган хүн нэгдсэн цуглаан болов

Ардчиллын төлөөх дөрвөн холбоо МоАХ, АСХ, ШДХ, МОХ нэгдэж БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдэд хандан МоАХ-ны тавьсан шаардлагуудад хариу өгөх болон намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлахыг шаардсан юм. Энэ цуглаанд 100 мянга гаруй хүн оролцсон байдаг. 

 
1990.03.04
Өлсгөлөн зарлав

Эрх баригч МАХН, төрийн удирдлагын зүгээс хариу өгөөгүй учир 1990 оны 03 сарын 07 -нд МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарлав.

Улс төрийн өлсгөлөнд оролцогчдын тоо нэмэгдсээр 09-ний өдөр 33 хүрсэн юм. Өлсгөлөн зарлах тэмцэлд Ш.Нина гэх цор ганц эмэгтэй оролцсон.

 
1990.03.07
Зөвшилцөлд хүрч өлсгөлөн зогсов

3-р сарын 08-нд радио телевизээр шууд хийсэн яриа хэлэлцээнд нэг талаас МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг өлсгөлөн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном орлогч дарга Д.Бямбасүрэн нар оролцсон юм.

Ийнхүү 8-9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч нам төрийн тэргүүн Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм.

 
1990.03.08
Намууд зөвшилцөв

3-р сарын 10-нд улс төрийн нам, холбоод хамтарсан мэдэгдэл гаргаж эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдэлж тэгш эрхтэй байх, бие биенээ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, нэг нэгнийхээ эсрэг хүч үл хэрэглэх зарчим баримтлах бөгөөд улс төрийн тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөж тохиролцоонд хүрэхийг эрмэлзэхээ зарлан тунхаглав.

 
1990.03.10
Улс Төрийн Товчоо огцров

МАХН-ын төв хорооны 8 дугаар бүгд хурал 3 дугаар сарын 12-14 -нд болж Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намынхаа Онц их хурлыг 4 дүгээр сарын 10-нд хуралдуулахаар товлов.

1990.03.12-14
Үндсэн хуульд өөрчлөлт оруулав

1990 оны 03-р сарын 21-23-нд хуралдсан БНМАУ-ын АИХ-ын ээлжит бус 8 дугаар чуулган Үндсэн хуулиас: "БНМАУ-ын төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгосон МАХН мөн" гэсэн заалтыг хассанаар нэг намын далан жил үргэлжилсэн ноёрхол төгсгөл болсон юм.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж"...ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн мөрийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй" гэсэн шинэ заалт нэмж баталжээ.

 

Чуулганаар нам төрийн удирдлагыг салгаж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар П.Очирбатыг сонгож батлав.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж Ерөнхий сайдаар Ш.Гунгаадорж томилогдов.

1990.03.21-23
Чөлөөт хэвлэлийн үндэс тавигдав

Монголд олон намын тогтолцооны үндэс суурийг тавьсан Монголын ардчилсан намын анхдугаар их хурал 1990 оны 04 сарын 7-8-нд хуралдаж хүнийг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулах зорилт бүхий мөрийн хөтөлбөр, дүрмээ батлав.

Их хурлаас ардчилсан бүх нийтийн сонгууль явуулах, ардчилсан үндсэн хуулийг улс төрийн бүх хүчний оролцоотойгоор боловсруулах, хэвлэлийн эрх чөлөөг хангахыг эрх баригчдаас шаардсан юм.

Төр засгаас хараат бус анхны чөлөөт хэвлэл Ардчилал сонин 100 мянган хувиар хэвлэгдэн гарснаар чөлөөт хэвлэлийн үндэс суурь тавигдан "Шинэ толь" , "Ардчилал" сонины араас "Үг" , "Үндэсний дэвшил" сонинууд гарч эхэлсэн юм.

 
1990.04.07-08
Биднийг дэмжиж байгаа нь суугаарай

МоАХ, МоАН -ын шаардлагуудыг амьдралд хэрэгжүүлэх явц удаан байгааг эсэргүүцэж 1990 оны 04-р сарын 27-нд засгийн газрын ордныг бүслэн "пикет" гэж алдаршсан цуглаанаа хийв. 

Эрх баригчид засгийн газрын ордныг цэргээр хамгаалуулсан нь тайван замаар өрнөж байсан ардчилсан хувьсгалд томоохон сорилт болсон юм.

Цугласан олон арван мянган хүн цэрэг цагдаатай мөргөлдөх аюул үүссэн тул С.Зориг "Биднийг дэмжиж байгаа нь суугаарай" гэдэг алдарт үгээ хэлж олон түмнийг тайвшруулж чадсан юм.

 
1990.04.27
Хувьсгал тайван замаар өрнөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэмүүд

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга УТТ-ны гишүүн Ж.Батмөнх ард түмний тайван тэмцлийн эсрэг хэрхэвч хүч хэрэглэж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан нь ардчилсан хувьсгалыг нэг ч хүний хамраас цус гаргалгүй тайван өрнөхөд чухал нөлөө үзүүлсэн юм. 

МоАХ-ны ЕЗЗ-ийн Ерөнхий зохицуулагч С.Зориг өндөр боловсролтой төлөв төвшин зантай, аливаа хурцадмал асуудалд хүлээцтэй ханддаг, зөвшилцлийг эрхэмлэдэг хүн байсан нь тайван замаар хийсэн ардчилсан хувьсгалын амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Ж.Батмөнх, С.Зориг хоёрын зан төрх, байр суурь ижил байсныг санах хэрэгтэй.

 
1990.05
Улс төрийн намууд зөвшилцөлд хүрэв

Улс төрийн намууд яриа хэлэлцээ хийж зөвшилцөлд хүрсний үр дүнд МоАХ, МоАН-ын улс төрийн өлсгөлөн зарласан гишүүд Ард түмний Онц Зөвлөл байгуулах шаардлагаа татан авч, АИХ-ын Тэргүүлэгчид цуглаан жагсаалыг хориглосон 86 дугаар зарлигийнхаа зарим заалтыг хүчингүй болгож 5-р сарын 10-нд болох АИХ-ын чуулганаар Намуудын тухай хуулийг баталж 18-20 насны залуучуудын сонгогдох эрхийг сэргээх зөвшилцөлд хүрэв.

5-р сар гэхэд МоАН-аас гадна МСДН, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам, МҮДН зэрэг улс төрийн намууд үүсгэн байгуулагдаж гэрчилгээгээ аваад байлаа.

 

Энэ үеийн онцлог нь сонгуулийг 7 дугаар сард явуулахдаа шинээр бүртгэгдсэн бүх намуудыг оролцуулах, Ардын түр хурлын оронд Улсын Бага Хурал байгуулах, сонгуулийн комиссын бүрэлдэхүүн зэрэг хэд хэдэн асуудлаар улс төрийн намууд зөвшилд хүрсэн явдал байлаа.

1990.05.05
Анхны ардчилсан сонгууль болов

БНМАУ-ын АИХ-ыг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 оны 7 дугаар сарын 22-29 -нд боллоо. Монголчууд анх удаагаа оролцохгүй бол шийтгүүлнэ гэсэн айдас хүйдэсгүйгээр олон намаас нэр дэвшсэн олон хүнээс нэгийг нь сонгохоор саналаа өглөө.

Ардын Их Хурлын сонгуулийг олон намын оролцоотой мажоритар зарчмаар, Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын депутатууд пропорциональ зарчмаар сонгохоор тогтсон нь шинэ сонгуулийн онцлог байв.

Анхны санал хураалтаар Ардын Их Хурлын сонгуулийн 430 тойргоос 402 депутат сонгогдсон юм. Үлдсэн 28 тойрогт дахин санал хураалт явуулж эцсийн дүн гарахад МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, МЧХН 1 суудал авч 51 хүн нам бусчуудаас сонгогдсон байна.

 

АИХ-ын чуулганаас байнгын ажиллагаатай парламент Улсын Бага хурлыг сонгож 50 суудлаас МАХН 31, МоАН 13, МҮДН, МСДН тус бүр гурван суудал авчээ. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдоржийг, орлогч даргаар К.Зардыханыг, Нарийн бичгийн даргаар Б.Чимид нарыг сонгож баталсан юм.

 
 

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 1990 оны 9 дүгээр сарын 3-9 -нд чуулж БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгосон юм. Ийнхүү монголын төр анх удаа Ерөнхийлөгчтэй болов.

 
1990.07.29
Шинэ үндсэн хууль батлагдав

БНМАУ-ын АИХ-ын чуулган 70 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд шинэ Үндсэн Хуулиа баталж улсынхаа нэрийг МОНГОЛ УЛС болгов.

Монголд хүний эрх улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөөг шинэ ардчилсан үндсэн хуулиар тунхаглав.

 
1992.01.13