Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

6 долоо хоног=300,000 амь

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
 

6 долоо хоног=300,000 амь

Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хараар үлдсэн аймшигт хядлага болсон хугацаа, амиа алдсан хүмүүсийн тоо.

Түүхэнд Наньжины их хядлага нэрээр үлдсэн энэ үйл ажиллагаа 1937 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхэлж зургаан долоо хоног үргэлжилсэн юм. Энэ хугацаанд Хятадын 300 мянган эгэл ард амиа алдсан байдаг.

Японы түрэмгийлэгчид энд хүчиндэх, галдан шатаах, дээрэмдэх, олноор цаазлах болон эрүүдэн шүүх гэх мэт олон ёс бус хэрэг үйлдсэн ажээ...


Бээжин хотоос хурдны гал тэргээр 4 цаг орчим явж Жансу мужийн Наньжин хотод хүрнэ. Хятадын эртний нийслэл, соёл, эдийн засгийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх энэ хотод жуулчдын зорьж очдог нэгэн музей бий.

“Наньжинд болсон их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборбуюу Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн энэ музейд Наньжины их хядлагатай холбоотой 10 мянга гаруй түүхийн үнэт зүйлс, баримт хадгалагддаг.

1985 оны наймдугаар сард байгуулагдсан тус музейн үүдээр ороход энэ хөшөө нүдэнд тусна. Хүүгээ алдсан эхийг харуусал, гунигийг хурцаар илэрхийлсэн бөгөөд жуулчдын анхаарлыг татаж байв. Эргэн тойрон энэ хөшөөгөөр зогсохгүй тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлсэн олон бүтээлүүд харагдсан юм.

 

Амиа алдсан эгэл иргэдийн дурсгалын цогцолбор учраас хар саарал өнгө энд ноёлно. Дотогш ороход Наньжины хядлагатай холбоотой гэрэл зураг, түүхэн баримт, дурсгал, хүндэтгэл, археологийн олдворуудыг ангилан хадгалсан танхимууд бий.

Их хядлагын үеэр 12 секунд тутамд нэг хүн амиа алдаж, нийт 20 мянга гаруй эмэгтэй хүчиндүүлсэн гэсэн аймшигт тоо бий. Энэ бүхнийг илчлэх гэрэл зургууд ч хангалттай арвин ажээ.

Тухайн үед Хятадын засаг захиргааны төв байсан энэ хотод 1 сая 10 мянган хүн оршин суудаг байсан бөгөөд дайны үеэр 500 мянган хүн дүрвэж, 100 мянган цэрэг хотоо хамгаалан үлдэж, 300 мянган хүн амиа алдсан байна.

ХЭН НЬ ОЛОН ХҮН ХӨНӨӨХ ВЭ?

 

1937 онд Токио Ничи Шимбун сонины нүүрэнд нэгэн нийтлэл хэвлэгджээ. Японы цэргийн хоёр офицер бахархалтай зогсох зурагны дор хэн нь олон хүний толгойг сэлмээр тасдаж хөнөөх вэ гэх тэмцээн зохиосон тухай бичжээ. Тэдний нэг нь 105, нөгөө нь 106 хүнийг хөнөөжээ.

Тэд ялагчаа тодруулж чадахгүй байсан тул дараагийн өдөр хэн нь түрүүлж 150 хүн хөнөөх вэ гэдэг тэмцээн эхлүүлсэн аж.

Энэ мэтээр Японы түрэмгийлэгчдийн хядлага үргэлжилж байхад гадагш худал мэдээллүүд цацагдаж байв.

Япон цэргүүд Наньжин хотынхонд тусалж, элэгтэй байгаа гэсэн мэдээнүүд ар араасаа цуварсаар байсныг гэрчлэх олон материал энд байсан юм.

Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш ажээ.

ХӨГЖИМ, АХУЙ, ОЛДВОР, ГЭРЭЛ ЗУРГУУД

 

Түүхийн олдворуудын хувьд нүд хальтирам. Түрэмгийлэгчид иргэдийг хөнөөгөөд шатаах юм уу газарт булах аргаар үгүй хийдэг байжээ.

Музейн нэг танхимд долоон давхар, 208 хүний араг яс байх бөгөөд хядлага болсон газар барьж байгуулсан гэдэг утгаараа энэ музей тэр чигтээ оршуулгын газар мэт.

Мөн тухайн үед амьд үлдсэн хүмүүсийн ярианаас үндэслэн орчин, ахуйг бүрдүүлсэн байна.

Амиа алдагсдын зургийг хар танхимд цагаан гэрлээр тодруулсан байх бөгөөд 12 секунд тутам солигдоно. Тухайн үед 12 секунд тутамд нэг хүн амиа алдаж байсныг харуулах зорилгоор ингэж хийжээ.

Харин музей дотор нэг л жихүүцэм ая явах нь их хядлагын үед байгаа мэт айдас төрүүлж байсныг нуух юун. 

Хядлагыг хожим Дайны гэмт хэрэгтний шүүхээр шүүж, зохион байгуулагч, удирдагч, тэмцээнд оролцсон хоёр офицер зэрэг олон буруутныг цаазаар авсан ажээ.

PEACE: ХҮН ТӨРӨЛХТӨНД ДАЙН ХЭРЭГГҮЙ

 

Их хядлагын музейгээс гарсан хүмүүсийг цэлгэр том хиймэл нуур, Peace хэмээх бичигтэй, хүүхэд тэвэрсэн эмэгтэйн хөшөө угтана. Энэ бол хүн төрөлхтөн үргэлж энх тайван, амар амгалан байхыг бэлгэдсэн цогцолбор.

Наньжины их хядлагын музейг үзэж сургамж авсан хүмүүсийн сэтгэлийг сэргээж, ухаарал өгөх зорилгоор энэ хэсгийг байгуулжээ.

Хятадын ард түмэн өөрсдийн гашуун түүх, дайны хар мөрийг тод томруунаар үзүүлэх энэ цогцолборыг байгуулахын тулд 700 сая юань зарцуулсан байна. Түүгээр ч зогсохгүй их хядлага эхэлсэн арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг үндэсний хэмжээнд харууслын өдөр болгон зарлажээ.

Энд өдөр бүр маш олон тооны хүн ирдэг бөгөөд гадны жуулчдаас гадна нутгийн иргэд хүртэл дараалалд зогсоно.

Ямартай ч тэд түүхийг айж, ичихгүйгээр үнэн мөнөөр нь дэлгэн харуулжээ. Харуулахдаа бүрэн цогцолборын хэмжээнд зохион байгуулж, жуулчдыг татах нэгэн төв болгосныг харахад сургамжтай байлаа.