Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Бид оюуны өмчийг дээдэлдэг" аянд контент үйлдвэрлэгч, түгээгч нар нэгдэж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас 2000 онд жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд "Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр''-ийг тэмдэглэж байхаар тогтоосон байдаг.

Манай улс 2003 оноос энэхүү өдрийг "Монгол Улсын Оюуны Өмчийг Хамгаалах Өдөр" болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ жил тус өдрийг тохиолдуулан Юнител группийн санаачилсан "Бид оюуны өмчийг дээдэлдэг" аянд контент үйлдвэрлэгч, түгээгч нар нэгдэн, хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

 

Энэхүү ёслолын ажиллагааг нээж Юнител группийн Тэргүүн дэд захирал Г.Болд хэлсэн үгэндээ “Оюуны өмчийг хамгаалах бидний аянд үзэл бодол, эрх ашиг нэгтэй уран бүтээлчид,телевизийнхэн, контент үйлдвэрлэгчид, Оюуны өмчийн газар нэгдэж байгаад баяртай байна. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийн талаар бид их ярьдаг ч бодитоор ажил болж чаддаггүй. Харин энэ удаад Оюуны өмчийн газартай хамтран хийх ажил маань бодит ажил болоосой гэж хүсч бас найдаж байгаа” хэмээн ярилаа.

"Бид оюуны өмчийг дээдэлдэг" аянд нэгдсэнээр Монгол Улсад оюуны өмчийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд оюуны өмчийг хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах, оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглагч, түгээгч нартай тэмцэх зорилгын дор хамтран ажиллах юм байна.

 

Энэхүү аянд одоогийн байдлаар Юнител групп, Оюуны өмчийн газар, МҮОНТ, UBS, MN25, TV9, TV5, Eagle News, Боловсрол суваг, NTV, Монгол ТВ, iKon.mn, news.mn, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, Төрийн шагналт, СГЗ С.Цогтбаяр, МУГЖ Б.Сарантуяа, МУСТА Р.Анхням, МУСТА, кино найруулагч Д.Золбаяр, зохиолч Б.Шүүдэрцэцэг, загвар зохион бүтээгч Ариунаа Сүри нар нэгдэж “Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийг өнөөдөр үзэглэлээ.

Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Уран бүтээлчид бидний хувьд 1990-ээд оны үеэс өөр өөрсдийнхөө уран бүтээлийг оюуны өмчийн хулгайгаас хамгаалахаар тэмцэж ирсэн. Тийм учраас уран бүтээлчид, контент бүтээгчид, Оюуны өмчийн газартай хамтраад оюуны өмчөө хамгаалах бодит ажлыг эхлүүлж байгааг их олзуурхаж байна” гэлээ.

Аяныг санаачлагчдын зүгээс манай улсад оюуны өмчийн эрх тэр дундаа зохиогчийн эрх түгээмэл зөрчигддөг тул олон нийт оюуны өмчийн эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлэн, оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах, түгээх нь гэмт хэрэг гэдгийг ойлгосноор контентийн үйлдвэрлэл хөгжиж, контент түгээгчид албан ёсны эрхтэйгээр, илүү чанартайгаар дамжуулах боломжтой болно. "Бид оюуны өмчийг дээдэлдэг" аянд цаашид олон уран бутээлчид, контент үйлдвэрлэгчид нэгдэнэ гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийллээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10