Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хавтгайн Намсрайг "Чингис хаан" одонгоор шагналаа

ikon.mn
2014 оны 11 сарын 23
iKon.MN

Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг "Чингис хаан" одонгоор шагналаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг" хэмээн онцолсон юм. 

Ц.Элбэгдорж: Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг

Мөн "Х.Намсрайд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм" гэлээ.

Академич Х.Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа аж.

Тэрбээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.

Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. 

Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ. 

Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлсэн байна. Мөн олон зуун залуу эрдэмтэн, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан багш хүн.

Мөн Х.Намсрай нь 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан их эрдэмтэн юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир