Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Болд: Толинд чи муухай харагдаж байвал ТОЛИО ХАГАЛАХ УУ эсвэл ӨӨРИЙГӨӨ ...

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 12
iKon.MN

iKon.mn сайт Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдын дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.

Тус ярилцлагаас та бүхэн Монгол улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн шалтгаан, түүнээс хэрхэн гарах талаар цэгцтэй ойлголт авах болно. 

С.Болдын ярьсан тоо баримт мэдээллээс зөрүүтэй санал, байр суурь байвал та  news@ikon.mn, bolortuya@ikon.mn мэйл хаягаар ирүүлнэ үү. 

 

"ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ, УЛМААР 200 ОРЧИМ МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛОХ АЮУЛ БАЙСНЫГ ТОЙРООД ГАРЛАА"

 

Монголбанкны Мөнгөний бодлогын мэдэгдэлд төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй байгаад шүүмжлэлтэй хандсан байсан. Үүнийг тайлбарлахгүй юу?

С.Болд: Шүүмжлэл гэхээсээ илүү улсын төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтын зарцуулалт гэдэг зүйл дээр бид түүний цаг хугацаа, үр ашиг, оновчтой байдал, хяналт зэрэг асуудлыг эргэж харах цаг нь нэгэнт болжээ.  

Улсын төсөв нь нийт эдийн засагт асар их нөлөөтэй учраас төсвийн үнэн зөв, бодитой төлөвлөлт, төсвийн бодлогын үр ашигтай, тогтвортой, зохистой байдал нь Монголын эдийн засгийн бодлогод туйлын чухал юм. Тийм учраас төсвөөс гадуурх зарцуулалтын тухайд бид эргэж харах цаг нэгэнт ирж. Цаг хугацааны дарааллын хувьд юунд, хэзээ, яаж хөрөнгө оруулалтын зарцуулалт хийх вэ гэдгээ тооцох шаардлага гарсан. 

2014 оны эхний долоон сар дууслаа. Энэ хугацаанд Монгол улсын төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурсан, эдийн засаг бодит хөрсөн дээрээ буусан гэх мэт өөрчлөлт гарлаа. Үүний сацуу гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн мөн үеийн муудсан үзүүлэлтээсээ ахиад 870 гаруй сая ам.доллараар буурчихаад байна. 

Энэ нь төлбөрийн нийт тэнцлийг -915 сая долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн. Төлбөрийн тэнцэл гэдэг бол нийт эдийн засгийн тусгал. Энэ тэнцэл ийм их хэмжээний алдагдалтай удаан явж хэрхэвч болохгүй. Тиймээс юуг хамгийн түрүүлж хийх ёстой вэ гэвэл төлбөрийн тэнцлийг сайжруулах явдал. 

Энэ бол аль 2012 оны сүүл үеэс эхэлж Монголын эдийн засгийн бодлогын гол сорилт болсон, 2013 оноос эхлээд аминд тулчихсан асуудал хэвээр л байна. 

Тэгвэл төлбөрийн тэнцлийг яаж сайжруулах вэ? 

С.Болд: Нэг талаас экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл, худалдааны санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх.

Энэ хүрээнд прагматик алхмуудыг товч ярья.

- Нэгд, "Оюу толгой" төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг яаралтай эхлүүлэх.

- Хоёрт, улсын өрийн удирдлагын бодлоготой болох ёстой. Тэр нь Өрийн удирдлагын тухай хууль.

- Гуравт, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу төмөр замын төслийг эхлүүлэх.

- Дөрөвт, аж үйлдвэрлэлийн дэд бүтцийн, эрчим хүчний болон экспортын орлого олох том төслүүдийг хэрэгжүүлэх. Энэ хүрээнд хэд хэдэн концессийн гэрээнүүд зурагдсан гэж ойлгож байгаа.

- Тавд, гадаад худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглаж, экспортын, ялангуяа нүүрсний экспортын орлогыг бүрэн оруулж ирэх. 

Нөгөө талаас улсын төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, төлбөрийн тэнцэлд дарамт үзүүлдэг, алдагдлыг нь нэмэгдүүлэх нөлөө бүхий төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг цаг хугацааны хувьд хойшлуулах, энэ хүрээнд нэгдсэн төсвийн оновчтой, зохистой бодлоготой болох хэрэгтэй.

Төлбөрийн тэнцлийн 2013 оны хямрал үргэлжилж байгаа ийм үед бид импортыг санхүүжүүлээд байж таарахгүй. Харин валютын орлого олж ирдэг төслүүдийг үргэлжлүүлээд, валют зарлагаддаг, импортыг өдөөдөг, гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлдэг чиглэлийн аливаа төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хойшлуулах шаардлагатай болж байгаа.

Үүнийг манай Мөнгөний бодлогын зөвлөл байнга хэлж, анхааруулж ирсэн. Сая ч бас мэдэгдэлдээ дурдсан. 

Энэ ч үүднээс Монголбанкны зүгээс Засгийн газарт энэ оны үлдсэн таван сард төсвөөс гадуур санхүүжүүлэх гэж байгаа хөрөнгө оруулалтын зарцуулалтын төлөвлөлтөө эргэж харах, санхүүжилтийг 3.5 дахин бууруулах санал хүргүүлээд байна. Тэгэхгүй бол хэдийгээр мөнгөний бодлогыг хатууруулсан ч, төлбөрийн тэнцэл дэх дарамт буурахгүй байх үр дагавар бий болж, тэр нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн. 

Харин экспортыг дэмждэг, өсөлт нь саарч байгаа эдийн засагт, нийт төлбөрийн тэнцэлдээ эерэгээр нөлөөлөхүйц буюу хамгийн гол нь валют олж ирдэг хөрөнгө оруулалтын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэхийг Монголбанк зарчмын хувьд дэмжинэ. 

Монголбанкнаас хийсэн мөнгөний нийлүүлэлт нь төсвөөс гадуурх зарцуулалтаас зарчмын ямар ялгаатай вэ. Өнгөрсөн онд Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөр, банкуудад байршуулсан хадгаламж, орон сууцны ипотекийн зээл гээд бүгдийг нь оруулаад гурван их наяд төгрөгийн нийлүүлэлтийг хийсэн. Гол нь эдгээрийн үр дүн хангалттай байж чадаж байна уу?

С.Болд: Төлбөрийн тэнцэлд үзүүлж байгаа нөлөөлөл нь харилцан адилгүй гэдгээрээ, мөн зорилго нь ондоо гэдгээрээ зарчмын ялгаатай.

Тухайлбал, мөнгөний бодлогын хүрээнд хийсэн мөнгөний тэлэлт нь нэг талаас төлбөрийн тэнцлийн “хямрал”-ын эдийн засаг дахь, дундаж давхарга дахь сөрөг нөлөөллийг зөөлрүүлж, суллаж өгөх нөлөөтэй. 

Жишээ нь, ядаж бидний идэж, хэрэглэдэг мах, гурил, жижиглэнгийн шатахууны үнийн өсөлт бага байна. Нөгөө талаас санхүүгийн тогтвортой байдлыг хангах, энэ дагуу эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийн суурийг ганхуулахгүй байх зорилгоор хийгдсэн. Гуравт, хуримтлалыг нэмэгдүүлэх, тэр хэрээр эдийн засгийн дархлааг сайжруулах, дан ганц уул уурхайн салбараас нэн хараат байгаа өрөөсгөл, хэврэг бүтцийг өөрчлөх дунд, урт хугацааны бодлогыг эхлүүлсэн. 

Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд хийсэн мөнгөний нийлүүлэлт бол төлбөрийн тэнцлийн хямралт нөхцөл байдлаас болж манай орны нийт гадаад актив огцом буюу 80 хувиар буурахад дагаад дотоод активаа бууруулчихгүй байхын тулд, хуулийн хүрээнд зайлшгүй хийсэн арга хэмжээ л дээ.

"Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн мөн үеийн муудсан үзүүлэлтээсээ ахиад 870 гаруй сая ам.доллараар буурчихаад байна"

Хамгийн ойрын жишээ бол 2009 оны хямрал байна. 2008 онд гадаад актив 49 хувиар буурахад түүнийг дагаад 2009 онд дотоод актив 15 хувиар буурсан. Үр дагавар нь юу байв? Зээлийн тасалдал бий болж, банк дампуурч, таван төгрөгийн зээл тутмын 1 төгрөг нь чанаргүйдэж, нийт эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт абсолют дүнгээрээ буурч, эдийн засаг 1.3 хувиар агшиж, гуравхан сарын дотор 80 мянган хүн ажилгүй болж, гудамжинд гарч байсан. 

Маш ойрын түүх шүү дээ. Бид үүнээс сургамж авсан улс. Тиймдээ ч, 2013 онд гадаад активын бууралтыг дотоод активын өсөлтөөр нөхөх зарчмаар ажиллаж, мөчлөг сөрсөн. Үр дүнд нь банкны салбарт зээлийн тасалдал үүссэнгүй, харин ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн маань мөнгийг хадгалж байдаг банкуудын төлбөрийн чадвар, эрсдэл сөрөх, даах чадвар улам нэмэгдлээ. Тэр хэрээр хадгаламж эзэмшигчдийн мөнгө илүү найдвартай болсон гэж хэлж болно. 

Нийт эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт абсолют дүнгээрээ буурсангүй. 

Эдийн засгийн хямрал нүүрлэж, улмаар 200 орчим мянган хүн ажилгүй болох аюул байсныг тойроод гарлаа. 

Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөр байхгүй байсан бол инфляци 14-15 хувь биш, 40-50 хувьд хүрэх, төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3000-4000 болох байсан. 

Ийм зүйл тохиолдсон бол Монголд нэг ч аж ахуйн нэгж тэсч үлдэхгүй. Хэрвээ Монголбанк банкуудад хадгаламж байршуулаагүй бол системийн шинжтэй хямрал санхүүгийн салбарт нүүрлэхээр байсан.

Хэрвээ орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр байхгүй байсан бол өнөөдөр хуримтлал хийдэг өрхийн тоо 60 мянгад хүрэх байтугай 20 гаруй жилийн хугацаанд бий болгосон 29 мянган моргэйжтэй иргэд, өрх гэрүүд ажлаа алдсанаас болж орон байраа алдан гудамжинд гарч, түүнийгээ дагаад банкуудаа татан унагах ч аюул байсан. Тийм зүйл болоогүй.

Тиймээс Монголбанк яагаад ийм уламжлалт бус бодлогыг 2013 онд хийчихсэн юм бэ гэдгийг ойлгохын тулд Монголын эдийн засагт 2008-2013 оны 5 жилийн хугацаанд яг юу болоод өнгөрсөн юм бэ гэдгийг бодитоор нь, өргөн агуулгаар нь таньж мэдэх хэрэгтэй юм.

Товчхондоо Монголбанк, түүний Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрүүд нь нийт эдийн засаг, санхүүгийн салбар гүнзгий хямралд орох байсан тэрхүү аюулаас урьдчилсан сэргийлсэн гэдгийг л хэлэх байна. 

 Монголбанкны зүгээс орон сууцны нийлүүлэлт талаас мөн дэмжлэг үзүүлсэн. Барилгын салбарыг хямраахгүйн тулд мөн нийлүүлэлтийг нэмэхийн тулд гэж тайлбарлаж байсан. Гэвч орон сууцны үнэ өнгөрсөн жилээс өдий хүртэл 20 хувийн өсөлттэй байна?

С.Болд: Уул уурхайн салбар унахаар дагаад эдийн засаг унах аюул 2013 оны эхний хагаст байсан. Уул уурхайгаас хамаарал ихтэй болохоор аргагүй юм. 

Тэгэхээр уул уурхайн уналтыг аль нэг салбарын өсөлтөөр нөхөж, нийт эдийн засгаа тогтворжуулах сорилт тулгарсан. Үүний тулд бидний хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд хөдөө аж ахуй, барилга угсралт, боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг тогтвортой байлгах, дэмжихэд мөн чиглэсэн л дээ. Нөгөө талаас орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог эхлүүлэхийн тулд орон сууцны нийлүүлэлтийг нь эхлээд дэмжих шаардлага гарсан. 

Орон сууцны ипотекийн тухайд энэ бол ерөөсөө халамжийн бодлого биш. 

Харин хуримтлалын бодлого. Монгол улс хэрэглээгээ замбараатай байлгаж, хуримтлалтай болох, тэрхүү хуримтлал нь нэмэгдсэнээр урт хугацаандаа эдийн засаг нь тогтвортой тэлж байх загвар юм. Харин энэ хөтөлбөрийн зорилго нь халамж шаардлагатай иргэдийг орон сууцтай болгох гэдэг ч юмуу, эсвэл орон сууцны үнийг бууруулах тухай биш л дээ. Тийм зорилт ч байхгүй.  

Мөнгийг хадгалж байдаг банкуудын төлбөрийн чадвар, эрсдэл сөрөх, даах чадвар улам нэмэгдлээ. Тэр хэрээр хадгаламж эзэмшигчдийн мөнгө илүү найдвартай болсон.

 

Орон сууцны үнэ ямар тохиолдолд буурдаг юм бэ? Голдуу эдийн засгийн хямрал болсон тохиолдолд л буурдаг. Орон сууцны үнэ буурах ёстой гэдэг ойлголт өөрөө онолын талаас ч, практик талаас ч буруу л даа.

Үл хөдлөх хөрөнгө буюу актив хөрөнгө гэдэг иргэдийн хуримтлал. Үүний үнэ цэнэ яагаад буурах ёстой гэж.

 Бүтэн 20 жил хуримтлал хийж зүтгэсээр хөрөнгөтэй болсон иргэдийн маань хөрөнгө яагаад үнэгүйдэх ёстой юм.

Тэгэхээр үнийн өсөлт нь аль болох тогтвортой байх ёстой. Хэтэрхий хөөсрөөд, хөөрөгддөг байж болохгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны үнийн өсөлт нь харьцангуй инфляцийн түвшинтэй уялдаж тогтож байх ёстой. Статистикийн хороо, хөндлөнгийн байгууллагын судалгаагаар орон сууцны үнийн өсөлт саарч байгаа мэдээтэй байна.

Бид орон сууцны өнөөгийн үнийн өсөлтийг инфляцийн түвшинтэйгээ уялдаатай гэж үзэж байгаа. 

 

 "ХУРИМТЛАЛГҮЙ ОРОН ГЭДГЭЭ ЭХЛЭЭД БИД САЙТАР ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ"

 

 Монголбанкны бодлогын хүү 12 хувь боллоо. Гэтэл гарч байгаа ипотекийн зээлийн хүү нь найман хувь. Үүнд гайхах хүн цөөнгүй байна. Ямар тайлбар өгөх вэ?

С.Болд: Орон сууцны ипотекийн зээлийн хүү нь мөнгөний бодлогын хүүтэй хүчтэй хамааралтай байх ёстой, эсвэл түүнээс заавал өндөр байх ёстой гэсэн онол байхгүй л дээ.

Ер нь аль ч улсад мөнгөний бодлогыг хүн бүрийн сэтгэл, таалалд нийцүүлэн явуулах боломжгүй. Тэгдэг ч үгүй. Эдийн засаг маань уул уурхайгаас шууд буюу шууд бусаар 90 хувийн хамааралтай, хуримтлалгүй орон гэдгээ эхлээд бид сайтар ойлгох хэрэгтэй.

Уул уурхай нь уначихаар бид бүх зүйлээ тавиад туучихаж болохгүй. Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг яагаад төлбөрийн тэнцлийн ийм хүндрэлийн үед эхлүүлсэн бэ. Товчхондоо энэ бол нэг талаас урт хугацааны хуримтлалын бодлогын эхлэл, нөгөө талаас төлбөрийн тэнцлийн хүндрэлийн үед хуримтлал хийж байгаа иргэдээ дэмжсэн, тэдний хуримтлал хийх сэдлийг нэмэгдүүлсэн, хуримтлал хийж байгааг нь урамшуулсан, тэр хэрээр төлбөрийн тэнцлийн хүндрэлээс болж учирч байгаа ачааллыг нь зөөлрүүлсэн арга хэмжээ болсон. 

Энэ арга хэмжээний үр дүнд Монголд орон сууцны ипотекийн зээлтэй иргэн, өрхийн тоо 60 мянгад дөхлөө.

Бүтэн 20 жилд энэ тоо 29 мянга хүрээд гацсан. Энэ түвшинд хүрээд л тулж байсан юм шүү дээ. Энэ 20 жилийн хугацаанд банкны системийн олгосон нийт орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдлийг ДНБ-тэй харьцуулахад хэзээ ч 6 хувиас хэтэрч байгаагүй.

Тэгвэл одоо ганцхан жилийн дотор 14 хувь болоод байна.

Тэр хэрээр дундаж давхаргын хуримтлал өсч, хуримтлал хийдэг өрхийн тоо эрс нэмэгдлээ. Хуримтлалын бодлого Монголд олон жил үргэлжлэх ёстой. Монголбанк үүнийг тууштай үргэлжлүүлнэ.

Эдийн засаг маань уул уурхайгаас шууд буюу шууд бусаар 90 хувийн хамааралтай, хуримтлалгүй орон гэдгээ БИД сайтар ойлгох хэрэгтэй.

 

 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх "Эзэн 100" хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж буй.  Энэ хөтөлбөрийн хүрээнд хууль, эрх зүйн орчинд  хийгдсэн өөрчлөлтийг эс тооцвол эдийн засгийн бодит үзүүлэлт, тоонд ямар нэгэн эерэг өөрчлөлт авчирч чадав уу?

С.Болд: УИХ-аас 34-р тогтоол батлаад 3 сар орчим хугацаа өнгөрч байна.

Энэ хүрээнд шаардлагатай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих, хууль батлуулах, зохих шийдвэрүүд гаргах, бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшилд учирч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон ажлууд хийгдсэн. Гэхдээ хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төлбөрийн тэнцлийг л сайжруулах ёстой.

Гэтэл энэ чиглэлд авч буй арга хэмжээний үр дүн хангалттай байж чадахгүй л байна. Үүнийг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл санал нэгтэй хэлж байгаа. 

Төлбөрийн тэнцэл маань оны эхний хагаст -915 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Ноднин өдийд алдагдлын хэмжээ -983 сая ам.доллар байсан.

Урсгал тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.доллараар, гадаад худалдааны алдагдал 7 дахин буурсан эерэг хандлага гарсан.

Гэхдээ төлбөрийн нийт тэнцэл дээр зарчмын сайжралт гараагүй. Яагаад гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны муу үзүүлэлтээсээ ахиад 70 хувиар буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр хэвээр л байна.

2014* - 2014 эхний хагас жилийн дүн.

2014 оны эхний хагас үеийн ГШХО 2013 оны мөн үетэй харьцуулахад 70% буурсан байна.

Хятадад нүүрсээ экспортод гаргачихаад орлогоо бүрэн гүйцэд авч чадахгүй, манай экспортын компаниуд авлагатай сууж байна.

Нефтийн импортын төлбөр дээр гадаад худалдааны санхүүжилтийн механизм үгүйлэгдэж байна.

Төлбөрийн тэнцлийн хямралтай ийм үед нефтийн импортын төлбөрийг хойшлуулмаар л байна.

Том төслүүдээ түргэн урагшлуулмаар байна. Концессоор хэрэгжүүлэх төслийн хүрээнд хөрөнгө оруулалт, санхүүжилтүүдээ аль болох хурдан эхлүүлмээр байна. Улсын өрийн удирдлагын бодлоготой болж, улс өөрөө өөртөө хөгжлийн санхүүжилтийн, цаашлаад хувийн секторын хөрөнгө оруулалтын боломжуудаа нээж өгмөөр байна. Ингэж байж эдийн засгийн хүндрэлээс гарна. 

Хятадад нүүрсээ экспортод гаргачихаад орлогоо бүрэн гүйцэд авч чадахгүй байна.

 

 Ам.доллар 1870 орчим төгрөгтэй тэнцэж буй энэ ханшийг эдийн засагчид төгрөг бодит ханшин дээрээ ирлээ гэцгээж байгаа. Тэгвэл өмнө нь байсан 1400, 1500 гэдэг бодит бус ханш байсан гэсэн үг үү?

С.Болд: 1300, 1400 ч гэдэг ханш уул уурхайг дагасан валютын орох урсгалын нөлөөлөлд орсон ханш байлаа.

Тэр үед эдийн засагт орж ирэх валют нь гарч явах валютаасаа үлэмж их, төлбөрийн нийт тэнцэл ашигтай байлаа. Тийм ханшин дээр импортын бараа илүү хямд болж, тэр нь халамж, хэрэглээг тэтгэсэн бодлоготой хавсрахаараа нийт хэрэглээг, импортыг, гадаад худалдаа, урсгал дансны алдагдлыг огцом нэмэгдүүлэхэд нөлөөлж байсан.

Тэрхүү уул уурхайг дагасан валютын урсгал нь огцом буурчихлаар өнгөлөн далдалж байсан зүйл нь үгүй болж, бүх юм нүцгэрч ил гарч байна гэх үү дээ.

Товчхондоо өнөөгийн энэ ханш Монголын эдийн засгийн бодит тусгал нь юм.

Эдийн засаг яг хөрсөн дээрээ буухаараа ханш ийм болж байна.

Гэхдээ хэрэв эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ аваагүй бол, эдийн засгийн бодит секторт хувийн хэвшлээр мөнгөний нийлүүлэлт хийж, мөнгө, зээлийн өсөлтийг тогтворжуулаагүй бол, санхүүгийн салбараа хамгаалаагүй байсан бол, гаднаас бондын эх үүсвэрүүд татаагүй бол, ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх интервенцүүд тогтмол хийж яваагүй бол энэнээс ч бүр дор байдалтай байх аюул ч байсан.

Ханш гэдэг төлбөрийн тэнцлийн, нийт эдийн засгийн тусгал гэдгийг хэлсэн.

Хүн толинд хараад нүүр царай, бие хаа нь таалагдахгүй байх юм бол толио хагалах бус, харин нүүр царай, бие хаагаа тордож, сайжруулах ёстой биз дээ.

Яг түүнтэй ижил өнөөгийн ханшийг засахын тулд түүний шалтгаан нь болсон төлбөрийн тэнцлийг л засч сайжруулах учиртай. Толь хагаллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Валютын ханшийг хүчээр барих ч юмуу, эсвэл хүчээр бууруулах гэж оролдоод ямар ч үр дүн гарахгүй, нөхцөл байдлыг улам л дордуулна гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй.

Тэгэхгүй намайг гоё харагдуулах нөлөөтэй толь олж ирж тавь ч гэдэг юмуу, эсвэл энэ толийг хагалж хаяна гээд муйхарлан зүтгээд нэмэргүй шүү дээ.

Өнөөдөр ханшийг бариачээ, буулгаачээ гэж байгаа хүмүүсийн үгийг би хувьдаа валютын орж ирэх урсгалаа нэмэгдүүлээчээ, дотоод бүх боломжоо дайчлаад хэрэглээ, зарцуулалтаа багасгаачээ гэж орчуулж ойлгомоор байна.

Түүнээс биш энэ нь толь хагалах, эсхүл нөлөөтэй толь авчруулах тухай ойлголт биш гэж найдаж байна. 

Одоогийн энэ ханш импортын барааны үнийн өсөлтөөр дамжаад эдийн засагт сөрөг нөлөөлөлтэй байна уу гэвэл байна. Импортын чиглэлтэй бизнес үүнийг дагаад хүндэрсэн үү гэвэл хүндэрсэн. Гэхдээ зоосны нөгөө талд нийт эдийн засгаараа хямарч, нийтээрээ дампуурах муу хувилбар байгааг бодох л хэрэгтэй. 

Тэгэхээр бид энэ ханшийг хүчээр буулгах, хүчээр нэг түвшинд байлгах гэдэг туйлын гэнэн бөгөөд буруу ойлголт юм. Валютын захыг тогтвортой байлгах, улмаар импортын барааны үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд тэдгээрт шууд нөлөөлдөг гарал үүсэлтэй нь ажиллах буюу төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстойг дахин дахин хэлмээр байна.  

 Валютын ханшийг хүчээр буулга гэвэл? 

!!! С.Болд: Валютын ханшийг хүчээр буулгах арга хэмжээг Төв банк хэзээ ч авахгүй. Авах ч ёсгүй гэдгийг эхлээд хэлье.

 Учир нь үүний тулд түр хугацаанд валютын нөөцөөс асар их хэмжээгээр зарж түр хугацаанд валютын ханшийг хүчээр буулгаж болно. Үүний үр дагавар юу болох вэ гэхээр богино хугацаанд валютын нөөцөө барж нийт Монголын эдийн засаг төлбөрийн чадваргүй болох, улсаараа дампуурах аюултай. Дахиад санхүү, эдийн засгийн гүнзгий хямрал руу богино хугацаанд давхиад орно гэсэн үг. Ийм буруу үйлдлийг төв банк хэзээ ч хийхгүй нь ойлгомжтой. Учир нь валютын ханштай гадаадын валютын нөөцөөрөө байлддаг төв банк гэж дэлхийд хаа ч байхгүй, байх ч ёсгүй. 

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцэл сайжрахгүй орчинд валютын ханшийг хүчээр барина, буулгана гэх юм бол эдийн засагт байгаа төгрөгийг огцом буцааж татах үйлдэл хийхэд хүргэнэ.

Тухайн орны үндэсний валютын ханш ам.долларын эсрэг сулралт /2013.I-2014.VI хооронд/

 Мөнгөний хатуу бодлого?

С.Болд: Тийм.

Гэхдээ мөнгөний бодлогын гол зорилт өөрөө валютын ханш биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Учир нь бодит сектороос төгрөгийг хэт огцом татвал буцаагаад эдийн засаг дахь дотоод активаа бууруулах, улмаар бүх хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсооход хүрнэ. Үүний төлөөс нь олон мянган бизнес дампуурч, олон мянган хүн ажилгүй болоход хүрнэ. Тиймд зөвхөн валютын ханшаас болж мөнгөний бодлогыг огцом хатууруулна гэдэг нь зөв үйлдэл хэзээ ч биш. Тийм болохоор л Мөнгөний бодлогын зөвлөл маань мөнгөний бодлогын шийдвэр нь нэгдсэн төсвийн зохистой бодлоготой хамт хэрэгжиж байж илүү үр дүнтэй байна, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалттай байж чадахгүй байна гэж хэлээд байгаа.

Тэгэхээр валютын ханштай ганцхан мөнгөний бодлогын, мөнгөний захын арга хэрэгслээр тэмцэнэ гэдэг ойлголт үндсээрээ буруу, харин валютын ханшийг нийт эдийн засагт эерэг нөлөөтэй байлгах тэрхүү тэнцвэртэй түвшинд нь байлгахын тулд төлбөрийн тэнцэл ашигтай, тэр нь тогтвортой байх ёстой болох нь хэн бүхэнд ойлгогдох бизээ.

Бүр энгийнээр хэлбэл, шинээр Монголын эдийн засагт орж ирэх валют Монголын эдийн засгаас гарч байгаа валютаас л их байх ёстой. Энэ хоёрын цэвэр зөрүү дандаа эерэг утгатай байх ёстой. Тэгж байж өнөөдөр валютын ханш дээшээ өсөх биш тогтвортой болох, улмаар буух боломжтой юм. 

 

ВАЛЮТ НЬ ЭКСПОРТЫН ОРЛОГО, ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ГАДААД ЗЭЭЛ ГЭСЭН ҮНДСЭН ГУРВАН СУВГААР Л ЭДИЙН ЗАСАГТ ОРЖ ИРНЭ

 

  Төлбөрийн тэнцлийг сайжруулж, улмаар нэмэх утгатай болгох ажлыг, доллар олж ирэх ажлыг ХЭН ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

С.Болд: Хувийн хэвшил. Гэхдээ хувийн хэвшил чадахгүй байвал чаддаг болох тэр орчныг нь, механизмыг нь төр бодлогоороо дэмжих ёстой. 

Эдийн засагт доллар яаж орж ирдэг гэдгийг эхлээд тайлбарлах хэрэгтэй байх л даа. Ханшийг тогтворжуулах эмчилгээ нь гаднаас шинээр валют оруулж ирэх​. Тэгж чадахгүй бол ханшийн ийм орчинд дасан зохицохоос өөр сонголт гэж үгүй.

Монголбанк бол ханшийн хэлбэлзлийг нь аль болох бага байлгаж, хувийн хэвшил түүнд дасан зохицох боломж, орон зайг л олгож байна. Зарим хүний, эсхүл зарим бизнесийн хэлж байгаа шиг Монгол улсын гадаад валютын нөөцөөр интервенц хийгээд гэдэг ч юмуу, эсвэл мөнгөний бодлогын хүүгээр эдийн засгаас төгрөгийг гозойтол нь татаад, эсвэл бүр онцгой дэглэм тогтоож валютын урсгалыг, валютын актив, пассивыг захиргааны аргаар хязгаарлах замаар ханшаа тогтвортой барь, буулга гэвэл энэ эндүүрэл шүү.

Яагаад гэвэл нийт эдийн засгийн эрх ашиг, нийт санхүүгийн системийн тогтвортой байдал, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх тэр суурийг алдагдуулахгүй байх нь бидэнд юу юунаас илүү чухал учраас. 

Валютын орж ирэх урсгал юунаас бий болдог вэ гэдэг рүүгээ эргээд оръё л доо. 

Энгийнээр хэлбэл, шинээр Монголын эдийн засагт орж ирэх валют Монголын эдийн засгаас гарч байгаа валютаас л их байх ёстой

 

Валют нь экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл гэсэн үндсэн гурван сувгаар л эдийн засагт орж ирнэ. Үүн дээр нэмээд манай орны онцлог нь алттай учраас алтаа олборлоод, тэрнийгээ төв банкиндаа тушаавал тэр нь шууд гадаад валютын нөөц болж байдаг. Төгрөгөөр валютын нөөцөө нэмэх боломж гэсэн үг. Ийм л дөрвөн үндсэн замаар гадаад актив өсдөг. Энэ дөрөв нь гацахлаар гадаад актив буурч, эдийн засаг хүндэрдэг. 

Тэгэхээр эдийн засгийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн хямрал, хувийн хэвшилд учирч буй бэрхшээлүүд, импортын барааны үнийн өсөлт, валютын ханш гээд энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх суурь арга хэмжээ нь дээрх дөрвөн сувгаа бүрэн цэвэрлэх явдал юм. Улмаар валютын орох урсгалаа нэмэгдүүлэх замаар гадаад активаа өсгөх явдал гэдгийг бид сүүлийн 20 сарын турш Мөнгөний бодлогын шийдвэр гаргах бүртээ хэлж, анхааруулж ирлээ.

Энэ хугацаанд засагдсан, сайжирсан, шинээр бий болгосон олон эерэг өөрчлөлт байгаа ч үр дүн нь 2014 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцэл дээр дорвитой харагдахгүй байна. 

САР БОЛГОН МОНГОЛ УЛС ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ ДЭЭРЭЭ 150 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХИЙГЭЭД БАЙНА

 

 Шууд утгаараа Монголбанк ам.доллар олох ёстой газар биш. Хувийн хэвшил ч мөн дорвитой хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Харин энэ орчныг бүрдүүлэх ёстой нэг л ..... газар байна аа даа. 

С.Болд: Мэдээж.

Төв банк бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргалтай нь биш дээ. Төв банк хувьцаа гаргаад, түүндээ хөрөнгө оруулалт таталтай ч биш. Төв банк гаднаас зээл аваад явж байх уу даа. Төв банк алт олборлоно ч гэж юу байхав дээ. Хамгийн наад захын энгийн ойлголт юм даа. 

 2014 оны инфляцийн зорилт найман хувь. Та бүхэн эдийн засгийн бүх үзүүлэлтээ төсөөлж байж энэ тоог таамаглаж гаргадаг байх. Инфляцийн түвшин зорьж байгаагаас өндөр байгаа нь юунаас болов? Юун дээр зөрөв?

С.Болд: Одоо 14-15 хувьтай байгаа инфляцийг 8 хувь болгохын тулд хоёр л ажил хийх хэрэгтэй. Нэг нь төлбөрийн тэнцлийг эрс сайжруулж ашигтай болгох, нөгөө нь төсвийн тогтвортой байдлыг тууштай хангаж нэгдсэн төсвийн зохистой бодлогод шилжих.

Төлбөрийн тэнцлээ нэн тэргүүнд хямралт нөхцөл байдлаас нь гаргаад эрс сайжруулах хэрэгтэй.

Сар болгон Монгол Улс төлбөрийн тэнцэл дээрээ 150 орчим сая ам.долларын алдагдал хийгээд байна.

Гадаад худалдааны алдагдал багассан уу багассан. Энэ үнэн. Өнгөрсөн жилийн эхний хагаст гэхэд тэрбум ам.долларын алдагдал хийдэг байсан. Одоо гадаад худалдаа 150 сая ам.долларын алдагдалтай байна. Энэ бол иргэд, өрх, хувийн хэвшлүүд маань бүсээ чангалсны дүнд, нөгөө талаар эдийн засгийн идэвхжил өөрөө саарсны нөлөөгөөр гарч байгаа өөрчлөлт.

Гэтэл алдагдлыг нөхөж байдаг үзүүлэлт маань улам л муудаад байна.

Өнгөрсөн жилийн өдийд 1.2 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт байсан бол энэ жил ердөө 370 сая ам.доллар болчихоод байна.

Сард дунджаар 60-хан сая долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж байна.

2011-2012 онд Монголд сар бүр 380 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт дунджаар орж ирдэг байсан.

Төрөөс гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болоод байгаа хүчин зүйлүүдийг эхнээс нь зассаар л яваа. Хууль эрх зүйн орчноо эрс сайжрууллаа. Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээж, бодлого, зохицуулалтаа оновчтой болголоо. Гэхдээ энд нэг том зүйл шийдэгдэхгүй л яваад байна. “Оюу Толгой” гэх мэт эдийн засагт маш том нөлөөтэй төслийн санхүүжилт он дамжин удааширч байна. Энэ бол хүссэн ч, эс хүссэн ч шинээр хөрөнгө оруулалт орж ирэхэд гацаа, тээг болж байгаа асуудал.

Өнгөрсөн жилийн өдийд 1.2 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт байсан бол энэ жил ердөө 370 сая ам.доллар болчихоод байна. 

Хэрвээ улсын зээлжих зэрэглэл буурсантай уялдаад хувийн хэвшил гаднаас эх үүсвэр татах боломжгүй болоод байгаа бол энд нэг локомотив (зүтгүүр) хэрэгтэй.

Энэ нь юу вэ гэхээр улс өөрөө урт хугацаатай валютын эх үүсвэр татаж оруулж ирэх чадамжтай болох ёстой. Энэ чадамжийг нээж өгөх гарц нь хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх, урт хугацаанд улсын өрийн удирдлагын бодлоготой болох явдал.

Өрийн удирдлагын тухай хуулийг Монгол улсын өрийг нэмэх гээд байгаа зүйл гэж өрөөсгөл ойлгож боломгүй байна.

Монгол улс урт хугацаандаа өрөө удирдах боломжтой, бодлоготой, хяналттай, хариуцлагатай, зарчимтай болъё оо гэсэн агуулгаар хандах учиртай санагддаг. Энэ хуулийн хүрээнд яг одоо тулчихсан байгаа эдийн засгийн хүндрэлийг ч зөөллөх, бүр цаашилбал шийдвэрлээд явах бололцоо бүрдэнэ. Яагаад гэвэл энэ хуулийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал бас байгаа. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулах эсэх нь 2/3 саналаар л дэмжигдэнэ.

Уул нь аливаа нэг улс төрийн эрх ашиг гэлгүйгээр өнөөгийн эдийн засагт учирсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тэрхүү шийдлүүд, шийдвэрүүдийг л гаргаж баймаар байна.

Одоо Монгол улсын хэмжээнд, улс төрийн орчинд, хувийн хэвшил, бодлого боловсруулагчид, олон нийтийн түвшинд эдийн засгийн хүндрэлээс түргэн гарах, үүний тулд төлбөрийн тэнцлийг бүх талаас нь эрс сайжруулах ёстой гэдэг дээр ойлголтоо бүрэн нэгтгэж, тэрнийхээ төлөө бүхнийг хиймээр л байх юм.

Цаг алдаад баймааргүй. Эс бөгөөс хувийн хэвшил, иргэд дээр ирж байгаа ачаалал улам бүр нэмэгдэж, байдал улам л хүндэрч болзошгүй байна.

Нөхцөл байдал дээрдэхгүй байвал Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл он дуусталх хугацаанд ахиад ч мөнгөний бодлогоо хатууруулахад хүрч магадгүй.​ Хүсэшгүй ийм арга хэмжээ авмааргүй л байна уг нь.

Монгол улс урт хугацаандаа өрөө удирдах боломжтой, бодлоготой, хяналттай болъё оо гэсэн агуулгаар хандах учиртай. 

 2014 он дуусахад таван сар үлдлээ. Ирэх таван сар буюу богино хугацаанд валютын орох урсгал нэмэгдэх эерэг хандлага байна уу. Импортын барааны эрэлт улам нэмэгддэг сарууд бидний өмнө байна. Бид хүсээд байсан хөрөнгө оруулалтаа хаврын ид цагт татаж чадсангүй. 

С.Болд: Ойрын хэдэн сард төлбөрийн тэнцэл мэдэгдэхүйц эерэг болчихно гэсэн хүлээлттэй хүн байхыг үгүйсгэхгүй л дээ.

Эдийн засгийн суурь талаасаа бүтэн жил хагасын хугацаанд гадаад худалдаа, урсгал тэнцэл дээр зайлшгүй өөрчлөлтүүд гарчихсан тул он дуустал валютын эрэлт эрс огцом өснө гэж бодохгүй байна.

Харин улирлын шинж чанартай нөлөөллүүд бол гарна. 

Эрт, орой хэзээ нэгэн цагт он дамнан удааширсан томоохон төслүүд бүрэн утгаараа хэрэгжинэ байх гэсэн өөдрөг хүлээлттэй хүмүүс байна. Ийм зүйл гарахыг үгүйсгэхгүй.

Сая Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалаас харж байхад Тавантолгой төслийг хувийн хэвшлийн түлхүү оролцоотой хэрэгжүүлэх нь тодорхой байна лээ.

Хэрвээ төрийн янз бүрийн оролцоогоор биш, хувийн хэвшлийн оролцоотойгоор энэ төслийг авч явна гэвэл төсөл хурдан хэрэгжиж эхэлнэ гэж найдаж байна.

Засгийн газар хэд хэдэн концессийн гэрээнүүд үзэглэсэн мэдээтэй байгаа. Энэ хүрээнд хэзээ, ямар хэмжээний хөрөнгө оруулалт аль төсөлд орж ирэх вэ гэдэг нь чухал байна.

Дунд хугацаанд буюу цаашдаа эерэг өөрчлөлтүүд олон байгаа.

Дунд хугацаанд буюу цаашдаа эерэг өөрчлөлтүүд олон байгаа. 

Тухайлбал, хайгуулын ажлууд цэгцэрч эхэлнэ. Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа илүү замбараатай, зохицуулалттай, тодорхой болсноор энэ чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Мөн нэг том төсөл хөдлөхөд манай эдийн засаг дороо сэргэдэг онцлогтой. Жишээ нь 2009 онд нийт эдийн засаг -1.3 хувиар агшчихсан, 80 мянган хүн 3 сарын дотор ажилгүй болчихсоны дараа 2010 онд цэвэр дүнгээрээ эдийн засагт 1.6 тэрбум ам.доллар орж ирсэн. 2011 онд цэвэр дүнгээрээ 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ үед эдийн засаг ямар огцом сэргэж, хүлээлт ямар эерэг болсныг хүмүүс санаж байгаа байх. Дагаад улсын зээлжих зэрэглэл сайжраад явсан. 

Одоо яг үүнтэй адил хүлээлтийг эерэг болгох зарчмын нэг том эерэг өөрчлөлт гарахад л эдийн засаг маш хурдан хугацаанд сэргэх боломжтой. Яагаад гэхээр манай эдийн засаг жижиг, ердөө 11.5 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ шүү дээ. Сэргэхэд их хурдан. 

2015 оны эхний хагаст багтаад Япон улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээ зурагдах нь тодорхой болчихлоо. Гэрээг хоёр орны парламент батлах ёстой гэсэн. Энэ гэрээ дунд хугацаанд эдийн засагт асар их үр дүнтэй. Тухайлбал, Японы хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид, даатгалын сангууд манай хувийн хэвшилд санхүүжилт хийх маш өргөн боломж нээгдэх болов уу. 

Тэгэхээр дунд хугацааны хандлага тийм сөрөг биш. Харин ч эерэг. Бүх зүйл сайжрах боломж байна. Гол нь энэ боломжоо алдмааргүй байна.

Богино хугацаанд эдийн засгийн энэхүү хүндрэлийг хямрал болгохгүй. Үүний тулд Монголбанк шаардлагатай бүх арга хэмжээг авсан, авах ч болно. Авч байгаа арга хэмжээний маань үр дүн дунд хугацааны тогтвортой байдалд чиглэсэн учраас тэр нь дунд хугацааны эерэг өөрчлөлтийн хүлээлттэй нийлэхээрээ манай эдийн засгийн дунд хугацааны төлөв эерэг байх магадлалыг улам л нэмэгдүүлж байгаа юм. 

Ярилцсан Ч.Болортуяа bolortuya@ikon.mn 


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.