Индэр    
2017 оны 4 сарын 5
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

Нэг сая долларын үнэтэй дусал хөлс

Зураг

Төмөр торон дэвжээний хаалга хаагдаж хонх дуугарахад хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авах тэмцэл хоёр тулаанчийн дунд таван минутаар өрнөж, тэмцээний зэрэглэлээсээ хамааран 3-5 үе үргэлжлэх ба цохих, өшиглөх, өвдөглөх, тохоодох, өчих, боох гээд өөрийн дархан мэхээрээ хугацаанаас нь өмнө өрсөлдөгчөө буулгаж авч ч  болно. Энэ бол холимог тулааны спорт. 

1993 онд Америкт UFC хэмээх брэнд нэрийн дор хамгийн анхны холимог тулааны тэмцээн зохиосноор тулааны спортын энэхүү шинэ төрөл үүсэх эхлэл болсон гэж үздэг. Холимог тулааны анхны тэмцээнүүдэд бокс, кикбокс, карате, таеквондо, жүдо, бразилын жиү жицү гэх мэт спортын төрлийн тамирчид өөр өөрийн эзэмшсэн төрлөөрөө хэн нь илүү вэ гэдгээ батлах гэж дүрэмгүйгээр тулалдаж эхэлсэн нь тулаан сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ. Холимог тулааны спортыг дэлхийд хамгийн хурдтай хөгжиж байгаа спортын төрөл хэмээн тодорхойлсон юм. 

Улаанбаатар хот, Баянзүрх худалдааны төвийн хойд жигүүр, Ширэн бээлий тулааны төв

Бусдын нүднээс далд Б1 давхарт ханаараа толь, шалаараа зөөлөвч дэвжээ, таазнаасаа өлгөөстэй мишокууд, буландаа боксын ринг байрлуулсан бэлтгэлийн зааланд оронгуут хөлсний үнэр, хувцсаа солих тамирчид угтан авлаа. 18 цаг болж тамирчдын бэлтгэл эхэллээ.

Хөнгөнөөс хүнд жингийн, өсвөрөөс насанд хүрэгчид гээд эрэгтэйчүүд нь давамгайлсан 20 гаруй тамирчид жагсаж зогсон багштайгаа мэндлээд заалаа тойрон гүйж бэлтгэлээ эхлүүлэв. Бэлтгэл ид дундаа өрнөх үед сауны ууранд цохиулах мэт ханаар байх толь хөлсөнд цантаж эхэллээ. 

Өлмий дээрээ бууж байгаа нь үл мэдэгдэх хөнгөн үсрэн дээс тоглох эмэгтэй, хонхойтол нь мишок цохих хүнд жингийн эрэгтэй, ринг дээр хоорондоо хөнгөн тулалдах залуучууд, зөөлөвч дэвжээн дээр хэвтээ барилдаан давтах тамирчдын дунд анхаарал татахуйц хөл гарын хүчтэй бөгөөд эвлэгхэн техниктэй 30 гаруй насны дундаж өндөртэй тамирчин бэлтгэлээ хийнэ.

Бух эврээрээ хоёр тийш сэжлэн мөргөхтэй адил харагдах тэр тамирчны гарын баруун зүүн хажуу цохилтууд, хөлийн шулуун, хурдтай өшиглөлтүүд, үе үе 360 градус эргэж өшиглөх техникүүдийн цохилтонд нь оногдсон үхэр ч газар дээрээ нам унахаар санагдана. Эргэж өшиглөх болон гарын хүнд цохилтоо дархан мэхээ болгосон энэ тамирчин бол холимог тулааны нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцохоор шалгарсан Х.Амартүвшин аж. 

 

Тэрбээр анх “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбат багшаар тулааны техникээ заалган мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байна. Бэлтгэлийн дундуур Д.Төрбат багштай хэсэг хугацаанд ярилцахад “Манай клубийн тамирчин Х.Амартүвшин азидаа чансаагаараа 44-т, Монголдоо гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин” гэдгийг хэллээ.

Дэлхийн чансаа өндөр 32 тулаанчдын дунд өрнөх энэхүү тэмцээнд шалгарахын тулд Х.Амартүвшин өмнөх тулаанаа Бразилын Жиү Жицүгийн хар бүсний төрөлдөө европ, дэлхийн аварга, холимог тулааны RUFF холбооны хөнгөн жингийн аваргаа 7 удаа хамгаалсан босоо аварга Rodrigo Caporal-ийг шүүгчдийн нэгдсэн саналаар буулгаж авснаар нэг сая долларын шагналын төлөө тулалдах эрхээ авчээ.

Энэ тэмцээнд ялалт байгуулахын тулд тэрбээр зургаан удаагийн тулаан хийж ялалт байгуулах ёстой. Эхний тулаан нь 2017.04.15-ны бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Жангчунг цэнгэлдэхэд болно. Өрсөлдөгч тамирчин нь Хятадын тулаанч Shang Lianru юм. 

Амартүвшин бэлтгэлээ дуусгаад нүдээ анин цэх суугаад залбирч байгаа харагдлаа.  Хэсэг хугацаанд төвлөрөөд жингээ үзсэний дараа нь ярилцсанаа хүргэе.

 

-Бэлтгэл хэр хангагдаж байна даа? Одоо жин хэдээс хэд дээр буучихаад байна? 

-Дажгүй ээ. Жингээ хасах тал дээрээ анхаарч хэт их ачаалал авахгүйгээр техник хөнгөн давтах байдлаар бэлтгэлээ хийж байгаа. Нэг сарын өмнө 83 кг жингээс эхэлж тэмцээний бэлтгэлдээ ороод яг одоо 73.5 кг-тай байна. Өнөөдрийн бэлтгэл эхлэхэд 75.8 кг тай байсан гэхээр өнөөдрийн бэлтгэлээр 2 кг хасчихаж. 

-Сайн хассан байна шүү. Жингээ хасах гэж хооллолт болон бэлтгэлээ ямар програмаар хийж байна вэ? 

-Жин ихтэй байсан болохоор огцомдож хасахгүй бол болохгүй байсан юмаа. Ажлын өдрүүдэд өглөө оройдоо өдөрт хоёр удаа бэлтгэлээ хийгээд амралтын өдрүүдэд нэг бэлтгэл хийж байгаа. Хооллолтын хувьд 24 цагт 200 гр үхрийн хуурсан мах, жаахан лууван, хоёр зүсэм хар талх, бэлтгэлийн үеэр 250 мл амино ууж байгаа. Нүүрс-ус аа багасгахаар тамирдаад байх юм.

-Тэмцээний бэлтгэлдээ орчихоор нэг өдрийн хэмнэл нь яаж өрнөж байна даа?

-Өглөө 06:02 минут дээр сэрүүлгээ тавиад босдог. Өдөрт хоёр минут илүү унтана гэхээр сард 1 цаг илүү унтаж амрахаар тооцчихсон /инээв/. Тэгээд босоод л орой нь бэлдэж тавьсан махаа хөргөгчөөсөө аваад махаа хуураад хатсан хувцсаа цүнхлээд ажлын хувцсаа өмсөөд хоолоо цүнхлээд гэрээс гарч автобусанд суугаад ажил дээрээ ирэхэд цаг яг 07:00 юм уу 07:05 болсон байдаг. 

-Ажил чинь хэдээс цугладаг вэ?

-Би төрийн албан хаагч болохоор манай ажил 08:30-д цугладаг. Ажил дээр заалтай. Ажил эхлэхээс өмнө ажлынхаа заалан дээр өглөөний бэлтгэлээ хийдэг.

-Өглөө гэрээсээ гарахад гэрийнхэн чинь унтаж байдаг уу?

-Хоёр хүүхэдтэйгээ хоногийн 24 цагийн 2 цагт нь л уулздаг. Ажлаа тараад оройны бэлтгэлдээ ороод 20:40 гэж тараад алхаад очиход 21 цаг болдог. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ уулзаад жаахан тоглож байгаад эрт унтуулахгүй бол нөгөө хоёр чинь өглөө цэцэрлэгтээ явах гэж босохгүй шүү дээ. 

-Тамирчин хүн байна гэдэг амар биш. Тэр дундаа тулаанч байна гэдэг бүүр хэцүү. Яагаад тулааны тамирчин болохоор шийдсэн бэ? 

-Би хар багийн л бөх барилдах дуртай хүүхэд байлаа. Тэгээд 2000 он буюу 15 настайдаа анх Х.Болдбаатар багшийн шавь болж жүдо заалгаж эхэлсэн. 2000 оноос 2009 он хүртэл жүдогоор хичээллэсэн. Энэ хугацаандаа 2007-2009 онд улсын шигшээ багт багтаж байсан. Тэгээд 2009 оноос жүдогийн тамирчин Мөнхбаясгалан ахыг дагаж тулааны спортоор хичээллэхээр шийдэж анх Ширэн бээлий клубийн Д.Төрбат багшийн шавь болоод анхны тулаануудаа хийж эхэлж байсан.

-Танай гэрийнхэнд бөх эсвэл тулааны спортын хүн бий юу?

-Яг тамирчин хүн байхгүй ээ. Манай аав бага байхдаа чөлөөт, самбо бөхөөр бага зэрэг хичээллэж л байсан түүхтэй. Харин манай өвөө Дэндэвийн Наваанхайдав гэж Дундговь аймгийн их газрын хад чулуугаар хадан хороо барьдаг бахим биетэй, бяр чадал ихтэй хүн байсан. Хар багаасаа хар ажил хийсээр байгаад хүзүү нь бүдүүн булчинтай, том цээжтэй том биетэй хүн байсан.

Нэгэн удаа тэмээ худаг руу бөгсөөрөө уначихаад босож чадахгүй байж л дээ тэгээд өвөө тэрүүгээр явж байгаад таараад нэг мөрлөөд л гаргачихаж байсан гэж ярьдаг. Өвөөгийн маань өргөж байсан өвдгөөр татахаар авдар шиг чулууг одоо аав бид хоёр нийлээд өргөж дийлээгүй.  

-Тамирчдыг мэргэжлийн тулаанд орохоос нь өмнө амь насны эрсдэлээ өөрөө бүрэн хариуцна гэсэн баталгаажуулалтын гарын үсэг зуруулдаг. Гарын үсэг зурж байх үед өөрт тань юу бодогддог вэ?

-Энэ бол тоглоом биш шүү гэж ухамсарладаг. Нэгэнт гарын үсэг зурсан л бол эргэж буцах гарах замгүй. Маш том эрсдэл ч гэж болно.

-Холимог тулаан бол эрдэл өндөртэй спортын төрөл. Гэр бүлийнхэн чинь тэмцээнд ороход яаж хүлээж авдаг вэ?

-Манай гэр бүлийнхэн бүгд эсэргүүцдэг. Хамгийн хэцүү нь гэр бүлийн эсэргүүцэл. Боль гэсэн эсэргүүцэл. Тэрэнд л би одоо болтол бачимдаж явдаг.

-Тэмцээнд явах болгонд л гэр бүлийнхний эсэргүүцсэн уур амьсгал бүүр хэцүү байдаг байх даа?

-Яг явах үед бол гэрийнхэн гайгүй л дээ. Нэгэнт явахаар болсон бол гайгүй. Шийдвэр гаргахаас өмнө гэрийнхэн за одоо боль оо, өөр юм хийж амьдар чамд зөндөө боломж байгаа гэж хэлдэг. 

-Мэргэжлийн тулааны нэг онцлог бол медаль гэж байдаггүй. Ялсан ч ялагдсан ч их бага хэмжээтэй бооцооны мөнгө авдаг. Шагналынхаа мөнгийг юунд зарцуулж байна?

-Одоохондоо би тоглосон тулаануудаасаа ямар ч хуримтлал үүсгэж чадаагүй байгаа. Авсан шагналаасаа багш даа өгнө. Гэхдээ нээх их шалихгүй л дээ. Тэмцээнд бэлдэх гэж мөнгө их орно. Хүнээс зээл авна, хүн олдохгүй бол шууд цалингийн зээл авна. Тэмцээнд явж ирээд шагналын мөнгөнөөсөө зээлээ төлдөг. Энэ зүйлд манай  гэрийнхэн их уурладаг. Эрсдэлтэй спорт, дээр нь хуримтлал үүсгэхгүй буруу хоббитой байна гэж юу байдаг юм гэж гэрийнхэн шүүмжилдэг. Уурлах нь ч аргагүй л дээ.

-Одоо оролцох тэмцээний шагналын сан нь нэг сая доллар. Хэдэн тулаан хийж энэ тэмцээний эцсийн ялагч нь болохоор байгаа вэ?

-Би зургаан тулааны гэрээ хийсэн. Зургаан тулаандаа бүгдэд нь ялж байж ялагч нь болно. Нэг сая долларын шагналын сантай тулааны тэмцээн гэдэг бол томдоо орно. Америкийн UFC бол өндөр бооцоо шагналтай. Мөн Америкийн Bellator гэж холбооны тэмцээн бас томдоо ордог. Сингапурт төвтэй One Championship холбоо гэхэд дэлхийд UFC-ийн дараа, азидаа #1-т эрэмбэлэгдэж байна.

 

Миний оролцож байгаа энэ тэмцээнийг зохиож байгаа Солонгост төвтэй ROAD FC холбоо нь азидаа One Championship тэмцээний дараа орох чансаа өндөртэй том тэмцээн байгаа юм. Тиймдээ ч нэг сая долларын шагналын сан амласан тэмцээн азидаа анх удаа зохиогдож байгаа юм.

-Нэг сая долларын шагналын сан гэдэг бол холимог тулааны спортод өндөртөө орно. Хэрвээ энэ тэмцээний эцсийн ялагч нь болбол шагналын мөнгөө юунд зарцуулах вэ?

-Өөрийн гэсэн гоё спорт цогцолбортой болно гэсэн мөрөөдөлтэй байгаа. Яг энэ асуултыг эхний тулаан хийхэд тэмцээн зохион байгуулж байгаа байгууллагынхан асууж байсан. Тэгэхэд би яг ингэж хариулж байсан. Өөрийн гэсэн спорт цогцолбортой болно гэж хариулж байсан. Миний мөрөөдлийн спорт цогцолборын зураг нь толгойд бүрэн хэмжээгээрээ зурагдсан байгаа /инээв/ Гоё байршил сонгоод л гаднаа Рагби спортын талбайтай, хөлбөмбөгийн талбайтай, дотроо саун бассейн, тулааны дэвжээ, ринг гээд л дөрвөн улирлын цогц спорт төв байна гэж төсөөлж байгаа даа. 

-Тэмцээн нь хэдэнд, хаана болохоор байгаа билээ?

-Энэ 4-р сарын 15-ны бямба гарагт Сөүлийн цэнгэлдэхэд болно. 4-р сарын 13-ны Пүрэв гарагт Улаанбаатараас яваад, баасан гарагт нь жингээ үзүүлнэ, эмчийн үзлэгт орно тэгээд бямба гарагт тулаанаа хийхээр байгаа.

-Тэмцээнд явахад нь ажлаас нь чөлөө өгдөг үү?

-Дараа долоо хоногоос ажлаасаа чөлөө гуйна даа. Пүрэвт явах юм чинь Лхагватаа ажиллаад хуруугаа уншуулчих болохоор пүрэв, баасан гарагийн чөлөө л хүсэхээр байгаа. Тэгээд ням гарагт ирчих болохоор ирэх даваа гарагт нь ажилдаа ирчихнэ.

-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Ялалт байгуулаад мөрөөдөлдөө нэг алхам ойртоод ирээрэй. Амжилт хүсье!

-Баярлалаа. Хичээх болно оо.

/Конрад-Аденаур-Сангийн сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсын оюутан/