Индэр    
2024 оны 4 сарын 17
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Загвар ойтой танилц

Зураг

Ой мод нь ургамал, амьтны гэр болж, хүн төрөлхтөнд хүнс, ус, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлсээр ирсэн.

Байгалийн жамаараа хөгшрөн, өвчилж, булгаран унаж буй моддыг эрчимтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахад хүний оролцоо зайлшгүй хэрэгтэй болж байна. Цаашлаад ойг хамгаалах, эрүүлжүүлэх, түүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх нь хамгийн зохистой шийдэл билээ.

Гэтэл бид ойн тогтвортой менежмент гэж яриад 20-оод жил болсон ч яг юу болох талаар тэр бүр сайн мэдэхгүй хэвээр байна. Тийм ч учраас ойн тогтвортой менежментийн үр дүнг нүдэнд харуулж, гарт бариулах зорилгоор 100 га талбайтай загвар ойг дөрвөн байршилд байгуулах ажлыг Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төслийн Ойн бүрэлдэхүүн хэсэг өрнүүлсэн юм. 

Сэлэнгэ, Хэнтий аймгийн дөрвөн байршилд сонгосон тус бүр 100 га бүхий Загвар ойн талбайд ойн тогтвортой менежментийн сайн туршлагыг хэрэгжүүлж, салбарын мэргэжилтнүүд, оюутан судлаачдыг дадлага хийх боломжоор хангахыг зорьж байна. Улмаар загвар ойгоор дамжуулан олон зорилтот, урт хугацааны тогтвортой менежмент, ойн олон талын ашиг тусыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдлэгийг түгээн, таниулах зорилготой юм.

Монголын газар нутгийн найман хувийг эзэлж буй ой маань Сибирийн их тайгын хамгийн урд зах бөгөөд экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаардаг. Төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа торгон заагт оршдог учраас гаднын нөлөө болох хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд амархан өртдөг.  Түүгээр  зогсохгүй өвөл, зундаа 30-40 градуст хэлбэлзэх цаг уурын нөхцөлийг тэсвэрлэн ургаж буй нь Монголын ойн онцлог билээ.