Индэр    
2024 оны 3 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

ГРАФИК: Одоогийн ерөнхийлөгч тангараг өргөснөөсөө хойш хэдэн хүнд шагнал гардуулж өгсөн бэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу төрийн тэргүүн улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хасах бүрэн эрхтэй.

Улсын цол, одон, медаль олгох талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн анхан шатны хурлаас эхлээд аймаг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ) хүртэл хэлэлцэж байж Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-ын Шагналын тасагт очдог аж.

ЕТГ цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн, холбогдох баримт бичгийн бүрдэлт, агуулгыг судлан, санал боловсруулж, шийдвэрийн төслийг ерөнхийлөгчид танилцуулснаар зарлиг гарах талаар 1999 онд баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-д тусгасан байдаг.

Тэгэхээр одоогийн ерөнхийлөгчийн өөрийн биеэр гардуулсан улсын баатар, ардын болон гавьяат цолын тоог гаргахын тулд ЕТГ-ын албан ёсны мэдээллийн эх сурвалж болох president.mn сайтад 2021 оны долдугаар сарын 10-наас 2024 оны гуравдугаар сарын 26-н хүртэл нийтлэгдсэн мэдээллийг шүүж үзэв. 

President.mn сайтад 2017 оноос өмнөх төрийн тэргүүн нарын шагнал гардуулсан мэдээнүүд архивлагдаагүй байна. Гэхдээ 2017 болон 2018 оны шагнал өгсөн мэдээнүүд нийтлэгдсэн боловч 2019-2021 оных ороогүй байгаа юм. 

Тиймээс олон нийтэд нээлттэй байгаа мэдээлэлд тулгуурлаж уг нийтлэлийг бэлтгэв. 

зураг
 

Мөн ерөнхийлөгч хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолыг Төрийн ордонд гардуулдаг. Харин одон болон медаль хүртэж буй хүмүүсээс төлөөлөл болгон цөөн хэсэгт нь өөрөө зүүж өгдөг юм байна.

ЕТГ-ын дарга, зөвлөх, аймаг болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нар мөн ерөнхийлөгчийн даалгавраар одон, медаль гардуулдаг. Гэвч энэ тоог нарийн гаргах боломжгүй байлаа.

Одоогийн ерөнхийлөгч 2021 оны зургаадугаар сарын 25-нд төрийн тэргүүний тангараг өргөсөн. Тэрбээр 2021 оны долдугаар сарын 10-нд "Эрдэнэт Үйлдвэр"-т улсын баатар, нэг хүнд хөдөлмөрийн баатар, гурван хүнд генерал цол олгосон. Энэ өдрөөс хойш салбартаа ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан хүмүүсийг шагнаж эхэлсэн байна. 

Ерөнхийлөгч 2021 оны долдугаар сарын 10-наас хойш зөвхөн улсын гавьяат цолыг 30 гаруй салбарын төлөөлөлд өгчээ. Үүнд багш, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, аж үйлдвэрийн гавьяат цолыг хамгийн их хүнд олгосон байна.

Харин механикжуулагч, холбоочин, малын эмч хүмүүст гавьяат цолыг хамгийн бага өгчээ.

Ерөнхийлөгчийн өгч буй шагналууд дунд ардын цол томоохон байр суурийг эзэлдэг. Гавьяат болон одон медалиудыг бодвол ардын цолыг харьцангуй бага олгодог байна. 

Түүнчлэн ерөнхийлөгч ардын багш цолыг хамгийн их өгчээ. Гэхдээ доорх мэдээллээс харвал генерал цолыг ардын багштай дүйцэхүйц тоогоор өгч байгаа аж. 

Хөдөлмөрийн баатар бол улсын баатрын дараа бичигдэх том цол. Тус цолыг олгохдоо тухайн хүн ямар гавьяа байгуулсан талаар заавал бичдэг. Тиймээс доорх графикт хэдэн онд, хэнд, ямар хөдөлмөр гавьяаг нь үнэлж хөдөлмөрийн баатар цол олгосныг харуулав. 

Одоогийн ерөнхийлөгч 2021 оны долдугаар сарын 10-наас хойш одоог хүртэл 13 хүнд хошууч болон бригадын генерал, 30 хүнд хөдөлмөрийн баатар цол олгоод байгаа билээ.