Индэр    
2024 оны 2 сарын 2
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Мохсен Нагави: Та нар цаашид хэдэн жил нүүрсээ шатаах гээд байгаа юм бэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Архи, тамхи, агаарын бохирдол, буруу хооллолт хүн амын дундаж наслалтад нөлөөлж байна"... 

  • Архи зургаан төрлийн хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 
  • Тамхи 17 төрлийн хорт хавдрын шалтгаан болж байна. 
  • Таргалалт 13 төрлийн хавдрын эрсдэлийг бий болгодог. 

Түүнчлэн агаар, орчны бохирдол хавдрын шалтгаанд нөлөөлөгч томоохон хүчин зүйл гэдгийг Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-өөс мэдээлж байсан. 

Харамсалтай нь Монголд хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 68 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна

Энэ талаар "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн-Хүн амын эрүүл мэнд" олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави дараах илтгэлийг танилцуулсан юм.

Тэрбээр "Хэрвээ та бүхэн дундаж наслалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол архи, тамхи, агаарын бохирдлоо бууруулах чиглэлд ажиллах хэрэгтэй.

Нярайн эндэгдэл, дутуу төрөлтийн гол шалтгаан нь агаарын бохирдол. Та нар цаашид хэдэн жил нүүрсээ шатаах гээд байгаа юм бэ?

30 жилийн өмнө, 50 жилийн өмнө ч нүүрс шатааж л байсан. Яагаад өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Өөр түлш хэрэглэж, өөрчлөгдөх нь чухал.

Үүний зэрэгцээ өдөр тутамдаа маш их мах идэж байгаа нь анхаарах асуудал" хэмээн хүн амын эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөөг хүргэсэн юм. 

 Зураг 1: Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг илтгэх зарим үзүүлэлт

зураг
 
ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгийн илтгэлээс авч, ашиглав
зураг
 
ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгийн илтгэлээс авч, ашиглав

Архи уусан үедээ тамхи татвал тухайн тамхины хор тав дахин ихсэж, шүлсэнд хавдар үүсгэгч мутац бий болдог

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Хавдрын судалгааны үндэсний төвөөс гаргасан судалгаа 2023 оны арванхоёрдугаар сард "The New England Journal of Medicine" сэтгүүлд нийтлэгдэж, үр дүнгээ зарласныг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү танилцууллаа. 

Олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийн үеэр түүний танилцуулсан илтгэлээс онцлох зөвлөмжийг хүргэе. 

Тодруулбал "Архи уусан үедээ тамхи татвал тухайн тамхины хор тав дахин ихсэж, шүлсэнд хавдрын мутац үүсгэх хүчин зүйл бий болдог гэх үр дүн гарчээ.

Энгийн үед тамхи татсанаас илүү хортойг дээрх судалгаа харуулж байна. Аливаа хүчин зүйл хүний биед дангаараа үйлчилдэг юм биш. Нэг нь нөгөөтэйгөө нэгдсэнээр өвчлөл үүсгэдэг. 

Тухайлбал агаарын бохирдолтой газарт амьдарч байж нэмээд тамхи татвал тэр хэмжээгээр хоруу чанартайг илтгэж байгаа юм" хэмээн сануулав. 

Зураг 2: Сэргийлж болох эрсдэлт хүчин зүйлс   

зураг
 
ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгийн илтгэлээс авч, ашиглав
зураг
 
ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгийн илтгэлээс авч, ашиглав

Өвчлөлийн ачаалал, дарамтын талаар профессор Мохсен Нагави хэлэхдээ "Монгол Улсын хүн амын дунд 2003 оноос хойш архины хэрэглээ огцом нэмэгджээ. Үүний цаад шалтгаан юу юм бол. Ямар нэгэн нийгмийн хямрал болов уу?

Өнгөрсөн 2000-2001 онд ямар нэгэн нийгмийн үзэгдэл болсноос үүдэн архины хэрэглээ нэмэгдсэн байж болзошгүй юм. 

Согтууруулах ундааны хэрэглээ, тамхидалт, агаарын бохирдол, тоосонцор, цусны даралт, буруу хооллолт зэрэг 20 гаруй эрсдэлт хүчин зүйлийг багасгаж чадвал хавдраас урьдчилан сэргийлж, эндэгдлийг бууруулах бүрэн боломж бий. 

Энэ ташрамд эрсдэлт нэг хүчин зүйлийг дурдъя. Монголчууд маш их мах идэж байна, ингэж болохгүй шүү.

Бразил, Аргентинчууд ч их хэмжээний мах иддэг асуудал байгаа. Тэд дэлхийн махны томоохон үйлдвэрлэгч орон төдийгүй өөрсдөө өдөр тутамдаа байнга мах иддэг байсан. Монголчуудын хэрэглээтэй яг адилхан. 

Гэхдээ одоо энэ төрлийн хэт хэрэглээ нь өөрчлөгдөж байна.

Түүнчлэн агаарын бохирдол Монгол Улсад тулгарч буй гол асуудал. Энэ нь дутуу төрөлт, нярайн эндэгдлийн шалтгаан болж байна. 

Хэрвээ та бүхэн амьдралынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол эдгээр хүчин зүйлд анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах нь зүйтэй. Ингэснээр наслалтаа нэмэгдүүлэх боломжтой" хэмээв. 

Хэрвээ Монгол Улс байгалийн хий рүү шилжиж чадвал одоогийн нөхцөл байдлыг бүр мөсөн өөрчлөх боломжтой

Үргэлжлүүлэн "Цаашид хэдэн жил нүүрсээ шатаах гээд байгаа юм бэ? Байгалийн хий ашигла л даа. Та бүхэн дэлхийн хамгийн том байгалийн хий нийлүүлэгчийн хөрш орон. 

Өөрчлөгдөх хэрэгтэй байна. Хэрвээ Монгол Улс байгалийн хий рүү шилжиж чадвал одоогийн нөхцөл байдлыг бүр мөсөн өөрчлөх боломжтой. Яг л энэ жишгээр Бээжин утаагүй хот болж чадсан.

Монгол хүйтэн орон гэдэгтэй маргахгүй. Гэхдээ хүн амын эрүүл мэндэд анхаарч, түлшээ өөрчлөхийг зөвлөе. Монгол Улсад ирээд надад харагдаж байгаа зүйл бол өөрчлөгдөх маш том эрмэлзэл байна.

Агаарын бохирдол дээр тамхидалт нэмэгдэж байна. Энэ бүхэн эрсдэлийг улам даамжруулж болзошгүй.

Тамхи огт татахгүй байх зөвлөмжийг хүргүүлж байна. 

Мөн халдварт өвчин дотроос хүний хөхөнцөр вирусийн дархлаажуулалтыг охид, хөвгүүдэд 9, 10 насанд нь хийснээр умайн хүзүүний хавдраас сэргийлэх боломжтой" хэмээн зөвлөлөө. 

"Артерийн даралт ихсэх өвчнийг хянах нь архины хэрэглээг бууруулахаас ч хялбар"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар "Хувь хүний зан үйлийг өөрчлөхөд хэцүү ч анхан шатны тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийг хянаж чадна. Эрүүл мэндийн төв дээрээ цусны даралтыг хянах шинжилгээ хийж, зөвлөгөө өгөөрэй. 

Хоёр сардаа нэг удаа л хяналт тавиад байвал артерийн даралт ихсэх өвчнийг хурдан хугацаанд бууруулж чадна. Ингэснээр зүрхний өвчнийг багасгах боломжтой. 

Артерийн даралт ихсэх өвчний хяналтыг тавих амархан. Төрөөс анхан шатны тусламж үйлчилгээгээ шахаж чадвал бүрэн боломжтой" гэлээ.

"Дундаж насныхан бага хэмжээний улаан дарс хэрэглэхэд эрсдэл багатай гэж үзсэн"

Архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар тодруулахад "Монголчуудын архины хэрэглээ хөрш ОХУ-аас илүү байна. Харин Хятадад архины хэрэглээ хамаагүй бага байгаа.

Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ бараг 10 орчим жилээр богино насалж байна. Энэ нь эрсдэлт хүчин зүйл хүн амын дунд өндөр байгааг илтгэж буй. 

Ялангуяа архи, тамхины хэрэглээ маш өндөр, артерийн даралтаа хянаж чаддаггүй, элэгний өвчлөл өндөр.

Амьдралын жилүүд нь алдагдаж, цаг бусаар нас барж байгаа монгол эрчүүдийн асуудалд дөрвөн өвчнийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Архины шалтгаантай зарим өвчлөл зөвхөн эрэгтэйчүүдэд өндөр хувьтай байна. Тухайлбал

  • Элэгний хорт хавдар
  • Элэгний хатуурал цирроз
  • Архины шалтгаантай зүрхний эмгэг
  • Архинд донтох эмгэг

Энэ дөрөвхөн өвчин л архинаас болоод 10 жилээр богино наслуулж байгаа гэж ойлгож болно.

Согтууруулах ундааг зохистой хэрэглэх хэмжээг зохих байгууллагуудаас зөвлөсөн байдаг. Дэлхийн бүх улс орныг хамруулсан 2019 оны "Өвчний ачаалал дарамтын олон улсын судалгаа"-г энд дурдаж болно. 

Үүнээс харвал "дундаж насныхан бага хэмжээний улаан вино хэрэглэхэд эрсдэл багатай" гэж үзсэн. Гэтэл монголчуудын дунд цагаан архины хэрэглээ их. Нэг уухдаа их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэж байгаа эрсдэл эрүүл мэндэд маш их хөнөөлтэй.

Монгол Улс нь гепатит B вирусийн тархалт өндөртэй орон учраас 15-аас дээш насныханд нэмэлт тун, дор хаяж нийт таван тунг өгөх зөвлөмж хүргүүлж байгаа. Гепатит B вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай.

Архины татварыг нэмэх нь хамгийн чухал алхам. Үнийн хяналтаар архины хэрэглээг бууруулах арга хэмжээ дэлхий дахинд хэрэгжиж байна.

Хатуулаг багатай дарс, шар айраг зэрэг согтууруулах ундааг зохистой бага хэмжээнд хэрэглэхийг зөвлөдөг дэлхийн жишиг хандлага тогтож байгаа"хэмээн АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави зөвлөлөө.