Индэр    
2023 оны 12 сарын 1
Зураг
Эрх зүйч, судлаач

Сайн боловсрол-Сайхан амьдрал

Зураг

- Хичээлийн гадуурх сургалтын тухай зарим санаа -

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгоод 30 гаруй жил болоход урагшлан хөгжсөн нь гарцаагүй.

Гэхдээ өнөөдөр хөгжлийн бодлого төлөвлөлтийг шинжлэх ухаанчаар явуулах чухал үе ирсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээнд боловсролын салбарт хүүхдийн хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааны талаар зарим ойлголтыг нийгмийн анхааралд хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн боловсролд хамгийн ихээр анхаарч буй нь тодорхой. Харин хичээл сургалтын агуулгыг илүү өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Тухайлбал боловсрол нь зөвхөн сургууль танхимын сургалтаар бус хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хүрээнд олж авдаг болохыг сургууль, эцэг эх, нийгэм ойлгон хүлээн авах хэрэгцээ шаардлага байна.

Орчин үед танхимын болон хичээлээс гадуурх сургалт үйл ажиллагааны ялгаа улам бүдгэрч, STEM боловсрол зэрэг сургалтын онол, арга зүй гарч ирснээр агуулгыг зөвхөнд танхимд олгох боломжгүй тул хичээлээс гадуурх сургалтын хэрэгцээ шаардлага өсөж, чухал бүрэлдэхүүн хэсэг болсныг судлаачид тэмдэглэх болжээ.

Хичээлээс гадуурх сургалт нь танхимын хичээлийн хамт цогц сургалт болох бөгөөд харилцан биенээ нөхөж хэмээнэ хүүхэд рүү чиглэсэн сургалтын зорилго, зорилтыг хэрэгжүүлж чадах ажээ. Үүний зэрэгцээ суралцагч хичээлээс гадуурх сургалтад хамрагдсанаар өөрийн онцлогтоо тохируулан бүх талаар хөгжих боломж нь илүү нээгдэнэ.

Хичээлээс гадуурх сургалт үйл ажиллагааг оролцогчдын оролцооны түвшингээр нь дараах байдлаар ангилдаг бололтой. Үүнд:

  • ССА /Co-curriculum activities сургуулийн оролцоо өндөр/,
  • ECA /extra curriculum activities, нийгмийн оролцоо өндөр/,
  • SLA /student led activities суралцагчийн оролцоо өндөр/.

Хэний оролцоо ямар байхаас шалтгаалан суралцагчид асуудлыг олон талаас нь харах, бодлого шийдлийн олон хувилбарыг тунгаан, бүх талаар тэгш хөгжих боломжийг олгодгоороо ангилах ач холбогдолтой тодорхойлогдоно.

Тухайлбал CCA буюу Co-Curriculum Activities-г зохион байгуулахад сургууль, багш нарын дэмжлэг, зөвлөгөө чухал байгаа нь суралцагчийг аливаа шинжлэх ухааны мэдлэгийг олж авахад чиглүүлж өгч байгаатай холбоотой. Суралцагч хүүхдүүдэд шинжлэх ухааны аливаа мэдлэг шинэ тутам тул багшийн удирдамж, сургуулийн дэмжлэг байж гэмээ нь шинэ мэдлэгийг ойлгох эзэмших боломжтой болно.

Гадаадын олон улсын хөтөлбөртэй сургуулиудад шинэ суралцагчдадаа спорт, урлаг болон бусад хобби сонирхлыг хөгжүүлэх өөр өөр хөтөлбөр санал болгодог. Ингэхдээ улирал бүрийн төгсгөлд суралцагчдад өөрийн дуртай, өөрт тохирох хөтөлбөрийг сонгоход нь туслах зорилгоор эцэг эхчүүдтэй санал солилцож, цахим платформ ашиглаж, сонирхсон хөтөлбөрүүдэд нь бүртгүүлдэг байна.

Багш нарын хувьд шинэ суралцагчид урам зориг өгч, бүтээлч чадвар, уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч, суралцагчдад гоо зүй, шинийг санаачлах хүсэл тэмүүлэл өгөх нь чухал ажээ.

ECA нь Extra-Curriculum Activities гэсэн үгийн товчлол юм. ECA арга хэмжээний үеэр суралцагч гол оролцогч хэвээр байх боловч хичээлээс гадуурх нөгөө хоёр үйл ажиллагаатай харьцуулбал суралцагчдад орчин үеийн технологитой газар дээр нь танилцах, хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслийг ашиглах, мэргэжлийн салбарын талаар бодит мэдээлэлтэй болоход нь дэмжлэг үзүүлдгээрээ ялгаатай юм.

SLA гэдэг нь суралцагчийн оролцоонд тулгуурласан үйл ажиллагаа бөгөөд гол оролцогчид нь суралцагчид өөрсдөө юм. Суралцагч төвтэй энэхүү үйл ажиллагааны хүрээнд бие даасан байдал, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ суралцагч хоорондын холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой ажээ.

Энэ бүхнээс дүгнэхэд хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахад зөвхөн танхимын сургалтад найдах нь хоцрогдсон бөгөөд үр дүн муутай шийдэл тул хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөрийг дэмжиж, танхимын хичээлтэй ижил түвшинд анхаарах зайлшгүй шаардлага бийг харж болох юм.

Иймээс хичээлээс гадуурх сургалт-үйл ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцооны шинэчлэлийн томоохон хэсэг, боловсролыг тэгш хүртээмжтэй түгээх шинэ арга хэрэгсэл болно гэж үзэж байна.