Индэр    
2023 оны 3 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Никола Мас: Ураны гарц таамагласан түвшинд, олборлолтод ашиглах химийн бодисын хэрэглээ тооцоолсноос бага гарсан нь сайн үзүүлэлт

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн нутагт орших Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт дуусжээ.

Үүний үр дүнд үндэслэн Техник эдийн засгийн үндэслэлд нэмэлт тодотгол хийх юм байна. Тус төслийг хэрэгжүүлэгч "Бадрах Энержи" ХХК-ийн 66 хувийг эзэмшигч Францын төрийн өмчит "Орано Майнинг" компанийн гүйцэтгэх захирал Никола Мас Цагаан сарын баярын өмнөх долоо хоногт Монголд хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр нь түүнтэй уулзаж, төслийн явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

Тэрбээр ярилцлагын үеэр Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт амжилттай болсныг онцолж, 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв.

- Та бараг нэг жилийн дараа манай сайтад ярилцлага өгөх гэж байна. Энэ удаад таны Монголд ирж ажиллаж буй зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ байх гэж таамаглаж байна. Ярилцлагаа төслийн явц ямар байгаа талаар эхлүүлье?

- Нэг жилийн хугацаанд олон зүйлийг хийж амжууллаа. Онцолбол, бид үйлдвэрлэлийн туршилтаа хийж дуусгалаа. Үр дүнг танилцуулах ажил эхлээд явж байна. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнд тулгуурлан Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д нэмэлт тодотголууд хийгдэнэ.

ТЭЗҮ эцэслэгдсэнээр хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ эхлэх юм.

2024 он гэхэд манайхаас хөрөнгө оруулалтын шийдвэр гарч, 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгийн талаар танилцуулна уу. Та бүхний тооцоолж байснаас ямар түвшинд байсан бэ?

-2021 оны долдугаар сард манай үйлдвэрлэлийн туршилт эхэлж, 2022 оны арванхоёрдугаар сард дууслаа. Төлөвлөж байсны дагуу буюу 1.5 жил үргэлжилсэн. Туршилтын үед нэг талаар технологийн үр дүнгүүдийг авсан. Мөн үйлдвэрлэлийн туршилтаар дамжуулж нийгэм, олон нийтэд чиглэсэн мэдээлэл түгээх ажлууд хийгдсэн.

Эн тэргүүнд техникийн үр дүнгийн үзүүлэлтээс ярья. Үүгээр бидний таамгууд бүгд баталгаажсан. Ураны гарц буюу металл авалт таамаглаж байсан түвшинд, олборлолтод ашиглах химийн бодисын хэрэглээ тооцоолж байснаас бага байлаа. Химийн бодис бага ашиглах үр дүн гарсан гэдэг нь сайн үзүүлэлт л дээ. Эдгээрт тулгуурлан манайхаас ТЭЗҮ-д нэмэлт тодотгол оруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулна.

Харин нийгэм, олон нийт рүү чиглэсэн ажлын үр дүнгээс онцолбол, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин хамгаалалт, цацрагийн хамгаалалтын хувьд сайн үр дүнтэй байв. Ямар нэг аваар осолгүйгээр үйлдвэрлэлийн туршилтаа явуулсан. Түүнчлэн үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд 700 гаруй хүн манай компаниар ирж, туршилтын үйл ажиллагаатай танилцсан. Тодруулбал, оюутнууд, орон нутгийн сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нар, сум орон нутгийн иргэд, малчид, нутгийн захиргааны байгууллагынхан болон төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл очсон.

Тэд газрын доор уусган олборлох технологи гэж чухам юу болохыг өөрсдийн нүдээр харж танилцсан. Мөн газар доор уусган олборлох аргаар ураныг хэрхэн олборлодог вэ, ураны уурхай гэж ямар дүр төрхтэй байдаг вэ гэдгийг өөрсдөө харж, дүгнэлтээ хийсэн байх. Бидний авсан мэдээллээр тэр хүмүүс уурхайн үйл ажиллагаатай танилцаад, өндөр сэтгэгдэлтэй буцсан.

зураг
 

- Зөөвч-Овоо төслийн талаар үе үе сөрөг мэдээлэл гардаг. Та бүхэн үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд тодорхой тооны хүмүүсийг үйл ажиллагаатайгаа танилцуулсан гэлээ. Орон нутгийн иргэдтэй ойлголцох, тэднийг илүү мэдлэг, мэдээлэлтэй болгоход чиглэсэн өөр ямар ажлууд хийж байна вэ?

- Нэлээд олон ажлыг нэрлэж болно.

Нэгдүгээрт, манай уурхайн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн орон нутгийн иргэдийг нээлттэй хүлээн авч, танилцуулдаг.

Хоёрдугаарт, 2013 оноос Хамтын оролцоотой байгаль орчны хөтөлбөр гэж хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран улирал тутамд байгаль орчны хяналтыг хийдэг. Хамт ус, хөрс, ургамлын дээж авч, итгэмжлэгдсэн лабораторид илгээн, үр дүнг нь оролцсон хүмүүстээ дэлгэрэнгүй танилцуулдаг. Хөтөлбөр маань үйлдвэрлэлийн туршилтын үед ч үргэлжилсэн.

Гуравдугаарт, орон нутгийн сургуулиудтай тун ойр ажилладаг. Учир нь тэнд суралцаж буй хүүхдүүд бол энэ нутгийн ирээдүйн иргэд тул төслийн талаар мэдээлэлтэй байх ёстой. Иймд сургуулиуд руу чиглэсэн ажлуудыг хийж байгаа.

Нэмж хэлэхэд, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас манай үйл ажиллагаа явуулж буй талбайд өөрсдийн бие даасан хяналтын үнэлгээний ажил хийсэн. Дээжээ өөрсдөө авч, хэмжилтээ хийн, тайлангаа гаргасан. ШУА-аас манай хамтарсан компанийн үйл ажиллагааг бодитоор олон нийтэд таниулах, компанийн зүгээс хийж буй ажлууд ямар өндөр түвшинд, чанартай хийгдэж байгааг танилцуулахад түлхэц үзүүлсэн.

2024 он гэхэд хөрөнгө оруулалтын шийдвэр гарч, 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна

Мөн хамгийн том газрын доор уусган олборлох технологиор олборлолт явуулж буй Казахстан улсын салбар компанийнхаа үйл ажиллагааг Монголын эрдэмтэд, нөлөө бүхий хүмүүст үзүүлэх ажлыг хийж ирлээ.

Өнгөрсөн онд Монголын урдаа барьдаг шилдэг нийтлэлчдийг Франц улс дахь хаагдсан ураны уурхайнуудад зочлуулж, уурхайн хаалт, хаалтын дараах хяналтыг хэрхэн хийдэг үйл явцыг танилцуулсан.

Саяхан буюу хоёрдугаар сарын эхээр хуучин Цөмийн энергийн агентлаг гэж байхад удирдлагаар нь ажиллаж байсан Н.Тэгшбаяр дарга иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран өмнө нь хийгдэж байсан судалгаа шинжилгээний үр дүн, малын эрүүл мэндийн талаар хийсэн судалгаануудын үр дүнг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, иргэдэд танилцуулах ажлыг саяхан эхлүүлсэн байсан. Бид Н.Тэгшбаяр даргатай биечлэн уулзаж, санал солилцоогүй байгаа ч гэсэн аймгийн удирдлагууд усны чанар, малын эрүүл мэнд зэрэг чухал зүйлсийн талаар тун сайн танилцуулсан гэж дуулсан.

Энэ мэтчилэн бие даасан шинжээчид, байгууллагууд манайхаас тусдаа ажиллаж, энэ нь ч үр дүнгээ өгсөөр байна.

- Өнгөрсөн хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагууд зэрэг салбарын удирдах албан тушаалтнууд солигдсон. Энэ нь та бүхний ажилд ямар нөлөө үзүүлж байна вэ?

- Манай төсөл бол Монгол, Францын хамтарсан төсөл. Монгол Улс дахь түнш маань "Мон-Атом" компани. Тус компанийн удирдлага хэвээрээ байгаа.

"Мон-Атом" ХХК нь салбарын яам, "Эрдэнэс Монгол" компанитай байнга ойр харилцаатай байх үндсэн үүргийг гүйцэтгэдэг. "Эрдэнэс Монгол" ХХК, УУХҮЯ-ны удирдлагууд өөрчлөгдсөн ч гэлээ Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг сүүлийн 2-3 жилд хэрэгжүүлж ирсэн. Мөн томоохон төслүүдээ дэмжих эрч хүч, түлхэц нь огт саараагүй гэж үзэж байна. Харин ч илүү сайжирч байна гэж хэлж болно.

Бид шинэ удирдлагуудад төслийн явцаа танилцуулж байгаа.

- Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эрч буураагүйг та сая онцоллоо. Хөрөнгө оруулагч компанийн хувьд манай улсын хууль эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байдаг вэ. Хүндрэл бэрхшээл хэр тулгардаг вэ?

- Монгол Улсад ажиллахдаа албаны олон хүнтэй уулзаж ирлээ. Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хаа хаанаа бүгд баримталж байгаа бөгөөд өөр санаа бодолтой хүн алга. Энэ нь маш сайн зүйл. Учир нь бүгд нэг санаа бодолтойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

Гэхдээ энэ хүсэл эрмэлзлийг бодит ажил хэрэг болгоход хийх зүйлс харагдсан. Тухайлбал, дүрэм журам, захиргааны шат дамжлага, явц илүү хялбар, ойлгомжтой болох шаардлагатай. Хууль, дүрэм журмуудын уялдаа холбоог сайжруулах шаардлага бий. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой бүх дүрэм журмыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дор нэгтгэх нь оновчтой юм уу гэж бодож байна. Энэ чиглэлээр тушаал шийдвэр гарах тохиолдолд уялдаа холбоо нь ч сайжирч, захиргааны явц ч хялбар болох болов уу.

Баяжуулсан 7 грамм уран задрахдаа 2.5 тонн нүүрс шатаасантай тэнцэхүйц хэмжээний эрчим хүчийг ялгаруулдаг

Хоёрдугаарт, бидний сонссоноор Монгол Улс авлига, хээл хахуультай тэмцэх томоохон кампанит ажил өрнүүлж байна. Үүнийгээ улам эрчимжүүлэх хэрэгтэй болов уу. Том зургаар нь харж тэмцэхийн зэрэгцээ өдөр тутмын амьдралд тулгардаг авлигын асуудлыг халахад илүү анхаарах хэрэгтэй гэж санагдсан.

Гуравдугаарт, гаднын хөрөнгө оруулалтыг татах бодлогоо хэрэгжүүлэхдээ зарим нэг төсөлд чиглэсэн зориудаар тарааж буй худал мэдээлэлтэй тэмцэх ажлыг өргөн хүрээтэй явуулах нь зүйтэй гэж боддог. Худал мэдээллийг төлөвлөж бодлогын чанартайгаар цацдаг. Эдгээр нь тухайн улс оронд хэрэгтэй, үр ашгаа төслүүдийг зориудаар харлуулах, нэр хүндийг нь унагаах, гацаах зорилготой байдаг.

Манай төслийн хөрөнгө оруулалтын асуудал Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хамт Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулагддаг. Цөмийн энергийн тухай хуульд сайжруулах зүйлс бас бий. Манай төслийн үйл ажиллагаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах боломжтой байтал заавал Цөмийн энергийн тухай хуульд мөн захирагдах болдог. Энэ хоёр хуулийн уялдаа холбоо сайжирвал уурхайн төсөл маань хэрэгжихэд дөхөм болох байх.

Дахин хэлэхэд, манай төсөл бол Монгол, Францын хамтарсан төсөл. Францчууд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт гэж бодоод байдаг. Гэхдээ төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг, төсөлд ажиллаж буй залуусын 98 хувь нь Монголчууд. Энэ төслөөс орж ирэх татвар хураамж бүгд Монгол Улсад төлөгдөнө.

Мөн орон нутгийн нийгэм, эдийн засаг руу чиглэсэн тогтвортой хөгжлийн төслүүд бүгд Монгол Улсад хэрэгжинэ. Тиймээс энэ төслийг гадаад хөрөнгө оруулалтын төсөл гэж үзэхээс илүү хоёр улсын хоорондын хамтарсан төсөл гэж ойлгож, орж ирэх үр ашгийг нь харах хэрэгтэй байх.

- Улс орнууд цахилгааны хэрэгцээгээ цөмийн эрчим хүчээр шийдэх эрмэлзэлтэй болоод байгаа. Гэхдээ олон нийт болгоомжилсон хэвээр байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ. Судалгааны үр дүнд суурилан ярина уу?

- Баримттайгаар ярихын тулд эхлээд уран гэж юу болох талаар хэлэх ёстой. Уран бол байгаль дээр байдаг элемент бөгөөд дэлхийн царцдасанд хамгийн элбэг тохиолддог. Тодруулбал, алтнаас 1,000 дахин элбэг тохиолддог элемент юм.

Ураны өвөрмөц чанар нь байгалийн аясаар задралд орж, хуваагдах явцдаа өөрөөсөө эрчим хүч ялгаруулдаг. Баяжуулсан 7 грамм уран задрахдаа 2.5 тонн нүүрс шатаасантай тэнцэхүйц хэмжээний эрчим хүчийг ялгаруулдаг. Уг задрал хуваагдлын үр дүнг цацраг идэвхт чанар гэж нэрлэдэг. Энэ нь байгалийн үзэгдэл. Байгальд өөрөө хуваагдаж, эрчим хүч, цацраг ялгаруулж байгаа нь магадгүй хүмүүст айдас төрүүлдэг байх. Түүн дээр нь буруу зорилготой хүмүүс тоглолт хийдэг.

Цацраг нүдэнд харагдахгүй тул хүнд ойлгуулж тайлбарлахад амар зүйл биш тул өгөөш нь болоод байна.

Бид цацраг идэвхийн дунд л амьдардаг. Дэлхий дээр байгаа хүн бүр цацраг идэвхт өртөж байдаг. Уранаас гадна сансраас ирж буй туяа, цээжний зураг авхуулахад ч цацраг идэвхт өртөж байдаг.

Цацраг идэвхийг хэмжих боломжтой. Жишээлбэл, Монгол Улсад амьдарч байгаа хүн байгалиасаа жилд 1.5 мЗв хэмжээний цацрагийг амьдарч байгаа байгалиасаа авдаг. Харин манай төслийн талбайд ажиллаж буй ажилтан маань жилд нэмэлтээр дунджаар 0.35 м3в мэргэжлийн шарлагын нэмэлт тун буюу ийм хэмжээний цацраг авсан байна.

Харьцуулбал, Улаанбаатар-Парис хооронд долоон удаа нааш, цааш нисэхэд нисгэгч болон бүхээгийн ажилтнууд цацрагийн нэг нэгжийг авдаг. Тэгэхээр манай төслийн талбайд ажиллаж буй хүмүүс бүтэн жилдээ эдгээр хүнээс гурав дахин бага тун авч байна.

- Цөмийн эрчим хүчний салбарт технологийн хувьд ямар шинэчлэлүүд гарч байгаа вэ?

- Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт бодитоор мэдрэгдэж байна. Цаашид ч илүү мэдрэгдэх байх гэдгийг хүн бүр ойлгосон. Тиймдээ ч дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөөс гарч байгаа жишээ, үр дагаварт тулгуурлан шийдвэрээ гаргаж байна. Тухайлбал, ус, нар, салхины цахилгаан станцыг хөгжүүлэхэд анхаарч байна. Үүний зэрэгцээ нар жаргасан үед, салхи тогтуун үед ажиллаж нүүрсхүчлийн хий ялгаруулалгүйгээр эрчим хүч үйлдвэрлэх, байнгын ажиллагаатай шийдэл нь цөмийн эрчим хүч.

Тиймээс шатах ашигт малтмалаас ангид сэргээгдэх болон цөмийн эрчим хүч гэдэг рүү эргэлт буцалтгүйгээр орохоос өөр аргагүй болсон.

Уур амьсгалын өөрчлөлтүүдээс болоод технологийн хөгжүүлэлт хурдацтай явагдаж байгаа. Ялангуяа, жижиг оврын реакторууд хөгжүүлэх ажил тун ахицтай байна. Монгол Улс шиг хүн ам цөөтэй орнуудад жижиг оврын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цөмийн реакторууд шийдэл нь байж болно.

Жишээлбэл, жижиг реакторуудтай болбол Улаанбаатар хотын эрчим хүчийг бүрэн хангаж, агаарын чанарыг богино хугацаанд шийдэх боломжтой болно.

- Та бүхний дараагийн ажил юу байх вэ. Магадгүй цөмийн реактор байгуулахад хамтрах талаар байж болох юм?

- Монгол Улс ураны маш өндөр хэтийн төлөвтэй улс. Манай төсөл бол хамгийн эхний төсөл мөн хамгийн ахисан шатандаа явж байна. Монгол Улс ураны эрэл хайгуулын талаар бага судлагдсан. Ирээдүйд ураны өөр нөөц, өөр ордууд илрэх бүрэн боломжтой. Манай Зөөвч-Овоо төсөл хөдөлсний дараа Монгол Улсын Засгийн газар ураны хайгуулын салбарт манайхтай хамтран ажиллах хүсэлтэй байвал бид хайгуулын үйл ажиллагааг хийхэд бэлэн.

Харин цөмийн эрчим хүчний тухайд бол "Орано Майнинг" компани реактор зохион бүтээх, барих салбарт ажилладаггүй. Гэхдээ Франц улс цөмийн эрчим хүчний хэрэглээ, цөмийн реакторын ашиглалтаараа тэргүүлэгч улс. Манай хоёр улс цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллаад удаж байна. Энэ хамтын ажиллагаанд манай компани томоохон байр суурийг эзэлдэг. Монгол Улс Францын Цөмийн эрчим хүчний комиссариаттай хамтын ажиллагааг хөгжүүлээд олон жил болж байгаа.

Хэрэв Монгол Улс цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэвэл Францын EDF буюу Францын эрчим хүч гэж компани бий, энэ компани цөмийн реактор зохион бүтээх, барих, ажиллуулах чиглэлд мэргэшсэн компани бөгөөд дуртайяа хамтран ажиллах болов уу.

- Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?

- Баярлалаа. Энэ боломжийг ашиглан ажилтнууддаа талархаж байгаагаа хэлмээр байна.

Үйлдвэрлэлийн туршилт бол газрын доор уусган олборлох технологи ашиглан хийгдэж буй Монгол Улс дахь анхны үйлдвэрлэлийн туршилт юм. Энэхүү үйлдвэрлэлийн туршилтыг Монгол ажилтнууд маань гардан явуулсан. Цөөн тооны гадаад мэргэжилтэн ирж зааж, сургасан. Манай үйлдвэрлэлийн туршилтад ажилласан залуус маань юм сурч мэдэх, ажлаа сайн хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учраас туршилтыг амжилттай явуулж чадлаа.

Залуус маань үйлдвэрлэлийн туршилт дээр сурч мэдсэн зүйлээ өөр өөрийн дараа дараагийн ажил мэргэжилдээ, ажлын замналынхаа туршид ашиглана, сурч мэдсэн зүйл нь өөрсдөд нь хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Манай төсөл үндсэн олборлолтоо эхлэх үед энэ залуустайгаа хамтраад цаашид төслөө авч явбал маш их баяртай байх болно.

- Ярилцсанд баярлалаа.



“Орано” группийн хайгуулын салбар Кожеговь компани нь 1996 оноос хойш Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг хийснээр 2007 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлжээ.

Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ураны ордын нэгд зүй ёсоор ордог байна. Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны орд нээгдсэнээр Монгол Улсын ураны батлагдсан нөөц хоёр дахин нэмэгдсэн юм.

Төслийн эдийн засгийн үр өгөөж:

  • Бадрах Энержи ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын томоохон төсөл болно.
  • Төслийн нийт хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 1 тэрбум гаруй ам.долларын албан татвар төлнө.
  • Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.
  • Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1,000 орчим шууд ажлын байр мөн төдий хэмжээний шууд бус ажлын байр бий болж, өндөр ур чадвартай боловсон хүчин бүрдүүлж, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.