Индэр    
2021 оны 5 сарын 13
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

Ажлаас халшрах өвчлөл ба эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэцийн нөхцөл байдал

Зураг
mpa.mn
Өдөр тутмын хийж буй ажлын ачаалал өндөр, удирдлагын үүрэг даалгавар тодорхойгүй, бусад зүйлд гаргах цаг багатай, дэмжлэг урам ховор, ажлаа хийж буй зорилго тодорхойгүй болсон үед “ажлаас халшрах өвчлөл” үүсэх эрсдэлтэй.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Ажлаас халшрах өвчлөлийг ажлын байранд зохицуулж чадаагүй (зохицуулах боломжгүй) ужгирсан стресс гэж тодорхойлсон байдаг.

Ажлаас халшрах өвчлөлийн нийт 9 шинж тэмдэг байдгаас энэ удаа гурвыг нь танилцуулж байна.

 УЖГИРСАН ЯДАРГАА

  • Өглөө орноосоо босоод явах газар, уулзах хүмүүсээ бодохоор аз жаргал бус сэтгэлийн болон биеийн өвдөлт мэдрэх
  • Амралтын өдрүүд хангалттай санагдахаа болих.

БҮХ АСУУДАЛ ТОМ АСУУДАЛ МЭТ САНАГДАХ

  • Бүх зүйлийг хийхэд болон шийдэхэд маш хүнд санагдах
  • Хүний гуйлт, хүсэлтийг ачаа дарамж мэт хүлээж авах.

ҮР БҮТЭЭЛГҮЙ САНАГДАХ

  • Ажлаа сайн хийж чадна гэсэн итгэлээ алдах
  • Хийж буй ажлынхаа хүрээнд ирээдүйн төсөөлөл, хүсэл тэмүүлэл харагдахгүй байх

Дээрх шинж тэмдгүүд илэрч байвал "Би юуны төлөө ажиллаж байгаа билээ?" гэдэг асуултад хариулах цаг нь болсон байгааг илтгэнэ. Халшрал нь зөвхөн ажлын байран дээр явагддаггүй. Гэр орон, найз нөхөл, хамаатны харилцаанд илэрч гарч ирэх талтай.

Ажлаас халшрал өвчлөл үүсэх хамгийн эрсдэлтэй нөхцөл байдлууд:

  • Хариуцлага өндөртэй ажлын байр
  • Гэртээ байгаа ээж
  • Ачаалал ихтэй оюутан
  • Хүндрэлтэй хосын харилцаа
  • Өвчтэй хүн асрах
  • Гэр бүл салалт

 Ажлын байранд халшрал үүсэж байгааг анзаарсан бол дараах 2 зөвлөмжийг дагаж мөрдөхийг санал болгож байна.

  • Өөрийн биеийн хариу үйлдлээ хүндэл. Амьсгалаа зөв авах, нойроо бүтэн авах, тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрах зэрэг нь өөрийн биеийг халамжлах халамж юм. Энэхүү халамж дутагдвал бие физиологийн ядаргаа үүсэх, өөрийг нь ядрааж буй зүйлээс холдох хүсэлтэй болдог. Тиймээс өөрийгөө халамжлах цаг хугацаа, орон зайтай болох хэрэгтэй. Өөрийгөө дан ганц бодлоор удирдах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөн, бие физиологийн хариу үйлдлээ анхаараарай.
  • Хүнд туслах хариуцлагаа багасгах. Ажлаас халширсан хүмүүсийн бусдад туслах хүсэл өндөр болсон байдаг. Энэ хүсэл нь эргээд хэт их хариуцлага үүрэх шалтгаан болдог. Та ажлаа зөвхөн “бусдад туслах” зорилгоор хийж байна уу? Хэрвээ тийм бол энэхүү ажлаас танд өөрт тань юу үлдэх вэ гэдэг асуултанд хариулан тэмдэглэл хийж болно.

КОВИД-19 цар тахлын энэ үед эрүүл мэндийн ажилтнууд хамгийн өндөр ачаалалтай ажиллаж буй бөгөөд эмч, сувилагч нарт ажлаас халшрах шинж тэмдэг ихээр бий болж буй. Энэ үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, асуудлыг нь хуваалцах нь ихээхэн дэмжлэг болдог.

Тиймээс коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан, ажлаас халшрах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг цөөн эмчид үзүүлэхээр төлөвлөөд байна. Үнэ төлбөргүй явагдах уг зөвлөгөөнд хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан та ЭНД дарж цаг авах хүсэлтээ илгээнэ үү.