Индэр    
2021 оны 3 сарын 15
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

КОВИД-той тэмцэхэд 2021 онд гаргасан алдаа

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч буй бүх л улс оронд хөндлөнгийн судлаачид санал, үзэл бодлоо илэрхийлэн, зөвлөмж өгч үзэл бодлоо илэрхийлж буй бөгөөд үндсэн зорилго нь алдааг засаж ажлыг сайжруулахад чиглэсэн байдаг.

2021.02.11 хөл хорионы бэлтгэл ажил

УОК-ын шийдвэрээр 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан ба ингэснээр “Нэг хаалга-Нэг иргэн” шинжилгээг зохион байгуулах замаар “халдварыг хумина” гэсэн зорилт тавьсан. Хөл хорионы үеэр өдөрт 42,000 PCR шинжилгээ хийнэ гэж мөн мэдээлсэн. Дээрх шийдвэрийг 7 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлсэн. Хөл хорионы өмнөх өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн оргилдоо хүртэл ихэссэн бөгөөд үүний нэг тод жишээ нь  2021 оны хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд ХААН банк болон бусад банкны кард ажиллахгүй болж байсан. Энэ үед иргэдийн хэт хөдөлгөөн, бөөгнөрлийг хязгаарлах ажлууд хийгдээгүйн улмаас хүн амын дунд халдвар тархах нөхцөл үүссэн байж болзошгүй юм. 

Нэг хаалга-Нэг шинжилгээ

Энэхүү PCR шинжилгээ хийх шийдвэр цэвэр улстөрчдийн шийдвэр байсан гэж дүгнэж болно. Учир нь ЭМЯ ба ХӨСҮТ зүгээс голомтыг хөөж халдварын эх уурхай болон хавьтлуудыг тусгаарлах замаар халдварын тархалтыг тогтоон барих хариу арга хэмжээг үр дүнтэй гэж дүгнэж байв. Голомтолсон халдварын тархалттай үед эдийн засгийн үр ашигтай байдал, хүний нөөцийг ажилуулах зохистой ачаалал зэргийг тооцон хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэсэн байр суурьтай байсан. Тархвар зүйн талаасаа ч  хамгийн зохимжтой.

ДЭМБ-ын зүгээс ч голомтолсон халдварын үед халдвартай хүний хамгийн ойр байсан эргэн тойрны хүмүүсийн дунд халдвар тархах эрсдэл нь өндөр учир энэхүү аргыг зөвлөдөг (WHO-2019-nCoV-Contact_Tracing-2021) (зүйрлүүлж хэлвэл алдуул малыг алга болсон баг суманд л хайх ёстой бөгөөд аймаг улс дамнан хайдаггүйтэй адил).

Нийтийг хамарсан масс шинжилгээний хувьд өөр өөр үе шатанд байгаа халдвартай тохиолдлуудыг нэг удаагийн шинжилгээгээр бүгдийг илрүүлэх боломжгүй. PCR шинжилгээ нь халдварын нууц хугацааны эхэн үед байгаа тохиолдлыг илрүүлэх магадлал бага, хуурамч сөрөг хариу гарах эрсдэл оношлуурын төрлөөс хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, БНХАУ-д цар тахлын үед сэжигтэй тохиолдлын дунд халдвартай боловч халдваргүй гэж гарсан (false negative ) нь  20-40 хувь байсан бөгөөд ийм алдаа гарахад сорьц авалт, сорьц тээвэрлэлт, эмч ажилчдын алдаа ба PCR оношлуурын мэдрэг чанар зэрэг асуудлууд нөлөөлж байжээ. Энэхүү нийтийг хамарсан масс шинжилгээнд маш олон салбарын ажилтан, ажилагсад дайчлагдсан. Тэр дундаа ЭМ-н салбарын лаборант болон тархвар судлаачид 24 цагаар ажиллаж 48 цагаар амарч байсан нь тэдний ачааллыг ихээр нэмэгдүүлсэн байна. Лабораторийн эмч ажилчдын хувьд хэт олон шинжилгээ хийж байсан нь шинжилгээний чанарт сөргөөр нөлөөлж халдвартай сорьцыг халдваргүй хэмээн оношлох алдаа гаргах магадлалыг ч нэмэгдүүлдэг. Ингэж бүх тохиолдлыг нэгэн зэрэг илрүүлэх боломжгүй нийтийг хамарсан шинжилгээнд маш их хөрөнгө болон хүний нөөцийг зарцууллаа.

Нэг хаалга-Нэг шинжилгээгээр 442,303 өрхийг хамруулсан бөгөөд илэрсэн 61 тохиолдлыг бүх халдварыг илрүүлэн хумьсан хэмээн ташаа ойлгож хоёрдугаар сарын 23-нд хөл хориог сулруулахдаа үе шаттай бус нэгэн зэрэг бүхий л үйлчилгээ, иргэдийн хөдөлгөөнийг нээж иргэдэд хуурамч тайвшрал үүсгэсэн нь хүн хоорондын харилцаа ихсэх, халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл боллоо. Түүнчлэн үзвэр үйлчилгээний улмаас үүссэн томоохон голомтот халдвар гарч өдөрт илрэх тохиолдлын тоо ч огцом өслөө. Өөрөөр хэлбэл шинжилгээ өгөөд сөрөг гарсан учраас "Хуурамч тайвшрал" иргэдийн дунд бий болж иргэдийн анхаарал суларч халдвар өсөхөд нөлөөлөв. 

Энэ нь УОК-ийн удирдлагууд нь МУЗГ-ын 2021 оны 45-р тогтоолд5 тусгагдсан ногоон, шар, улбар шар, улаан түвшингийн шалгуур үзүүлэлтийг үл ойшоож, нийслэл хотыг “алаг цоог / зөөвөрлөгдсөн халдварын тархалтын түвшин” болох “шар түвшин”-д шилжсэн хэмээн худал дүгнэлт гаргасантай холбоотой. Энэхүү тогтоолын дагуу дүгнэж үзвэл, манай улсын хувьд анхны зөөвөрлөгдсөн тохиолдол буюу “Анх-Отгон”-г илэрснээс хойш дотоодын халдвар гарч эхлэх үе буюу 2020.3.10-аас 2020.11.11-ны хугацаанд “шар түвшин” байжээ. Улмаар 2020.11.11-нээс дотоодод халдвар голомтлон гарч, “улбар шар түвшин”-д шилжсэн байна.  Уг тогтоолын дагуу ХӨСҮТ-ээс дүгнэлт гаргаж, нийслэл хотыг “Улаан түвшин” (халдвар хүн амын дунд өргөн тархалттай)-д шилжсэн тул “бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх саналыг гаргасан ч УОК мөн л үл ойшоон, “Улбар шар түвшин”-д шилжсэн хэмээн буруу мэдээлэл тарааж, өмнөх алдааг давтсаар байна. 
 
Зураг 1. Өдөрт илэрсэн тохиолдлын тоо (Эх сурвалж: Worldometer.info)

 

Хөл хорио ба вакцины аль нь халдварыг бууруулдаг вэ? 

Их Британи улсад тогтоосон хөл хорио хэрхэн үр дүн өгч байгааг тогтоох зорилготой Imperial College их сургуулийн судлаачдын React-1 судалгаа хийжээ. Тус улс 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны тавдугаар  сарыг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа юм. 2021 оны хоёрдугаар сарын 4-13 өдрүүдэд 85,400 хүний шинжилгээний сорьцыг санамсаргүй түүвэр аргаар судалсан байна.  Сорьцоос үзэхэд сорьц өгсөн хүмүүсээс 0.51 хувь нь халдвар авсан  байгааг мэдээлжээ.Тус сургуулийн Профессор Стивен Рилэй хэлэхдээ “Энэ бол бидний тооцоолж байснаас маш бага үзүүлэлт юм. Энэ эерэг бас урам өгсөн судалгаагаар бид хөл хорионы арга хэмжээ манай улсын бүх нутагт, бүх насны хүмүүсийн дунд өвчлөл буурахад үр дүн өгсөн гэдгийг нотолж байна. Хамгийн том үр дүн бол нийслэл Лондон хотод хөл хорионы өмнө 2.83 хувьтай байсан халдвар 0.54 болж буурсан. Хамгийн бага бууралт Зүүн хойд бүсэд бүртгэгдсэн ба 1.22 хувиас 0.82 хувь болж буурсан” гэж мэдэгдлээ.

Энэхүү судалгаанаас харахад 200 хүн тутмаас 1 хүн хөл хорионы үед халдвар авсан гэсэн үг. Судалгааны бас нэг сонирхол татсан дүн бол 5-12 ба 18-24 насны бүлэгт хөл хорионы үед өвчлөл хамгийн өндөр буюу 110 хүн тутмын 1 нь өвчилсөн байна. Мөн энэхүү судалгаагаар вакцин хийлгэсэн 65-аас дээш настай иргэдийн дунд өвчлөл хангалттай буураагүй ч энэ үзүүлэлт статистик ач холбогдолгүй үр дүнг хариуулсан. Тэд энэхүү баримтан дээр үндэслэн вакцинжуулалт биш, хөл хорио өвчлөлийг буурахад илүүтэй нөлөөлсөн гэсэн дүгнэлтээ хийжээ. Их Британи энэ үед  15  сая хүнд буюу хүн амынхаа 25 хувьд  вакцины эхний тунг тарьсан бөгөөд 65-аас дээш насны хүмүүсийг хамруулсан байсан. Эндээс юу гэж дүгнэж болох бэ гэхээр вакцины хамралт хангалттай дархлаа тогтоох хүртэл халдварын тархалтыг хязгаарлахад вакцинжуулалт нөлөөлөхгүй гэсэн үг бөгөөд хөл хорионоос бүрэн татгалзах нь буруу байна. 

Вакцины худалдан авалт

Одоогоор 128 сая хүн вакцин тариулаад байгаагын 70% нь “Их-7”-ийн иргэд байна. Гэтэл 130 орон ганц ч вакцин тариагүй байгаа ба эдгээр орны хүн ам нь  2.5 тэрбум юм. Зөвхөн Их Британи  улсын Засгийн газар одоогоор 400 сая тун захиалаад байгаа ба хүн ам нь 66.6 сая бөгөөд хэд дахин илүү вакцин захиалсан байгаа билээ. Их Британи улс гэхэд аль эрт 2020 оны эхний хагаст вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж, судалгаа хийж байсан бүх компанитай гэрээ хийж худалдан авахаар тохирсон байна.

Израйль улс  хувьд Pfizer компанитай 2020 онд  гэрээ хийж тэдэнд вакцинжуулалтын датагаа хуваах тохиролцоо хийсэн байна. Израйль улс эрүүл мэндийн системийн найдвартай дата нь Pfizer компанид хэрэгтэй байжээ. Үр дүнд нь Израйл улс 7 сая иргэнийхээ 4 сая иргэнд дархлаажуулалт хийж хөл хориог бүрэн суллах боломжтой болжээ. 
 
Зураг 2. Их Британи улсын худалдан авсан вакцины тоо ба компанийн нэрс 

 

Манай улсын хувьд ч ийм боломжууд  2020 оны эхээр байсан бөгөөд дан доноруудаас хараат байдлаар вакцинаа хангаж байгаа нь УОК-ын бас нэгэн алдаа юм. Энэ асуудалд ГХЯ болон ЭСЯамдууд муу ажиллажээ. Вакцины хангалт 2021 оны сүүл хүртэл аль ч улсуудад том сорилт хэвээр байгаа бөгөөд дээр хэлсэнчлэн вакцин үйлдвэрлэгчид эхний ээлжинд 2020 онд гэрээ хийсэн улсуудын вакциныг нийлүүлэхээр ажиллаж байна. COVAX хөтөлбөрийн хүрээнд 330 сая тунг Oxford/AstraZeneca ба Pfizer/BioNTech компаниас авч, 145 орны хүн амын 3.3% хувийг 2021 оны зургадугаар сарын байдлаар вакцинжуулах төлөвлөгөөтэй тул манай улсын хүн амын 3 хувийг л хангах вакцин өгөхөөр байгаа бөгөөд вакцины хангалтыг нэмэгдүүлэх чиглэлд улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна. 
 
Зураг 3 . Монгол Улсын одоогийн вакцины нөөц 

 

Тархвар судлалын шинжлэх ухаан Ковид19 цар тахалтай тэмцэх үндсэн зэвсэг болж чадсангүй 

Хүн амын дундах өвчлөл, нас баралтын  шалтгаан, эрсдэлт хүчил зүйлс, тархалтыг судалж, ханаж, үнэлж, тандалт хийж тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу асуудлыг удирдан зохицуулдаг анагаахын шинжлэх ухааны нэг салбар бол тархвар судлал юм. Тархвар судлалаар аливаа өвчнөөр хэн, хэзээ, хаана өвчилж байна, өвчлөлд ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг судлан, нотолгоонд суурилан өвчний эсрэг тэмцэх, хамгаалах, сэргийлэхтэй холбогдсон асуудлыг шийдэхэд хэрэглэдэг. Эрүүл мэндийн бодлого, шийдвэртэй холбоотой аливаа асуудлын шийдэл ямар ч үед үнэн зөв тоо баримт, нотолгоонд суурилах ёстой. Энэ утгаар тархвар судлаачдын хэрэглэдэг статистик арга, загварчлал, түүгээр дамжиж гардаг өвчний тоо мэдээнд хийсэн дүн шинжилгээ, баримт, нотолгоо эрүүл мэндийн бодлогод чухал нөлөөтэй байдаг.

Их Британи, АНУ, Тайвань, Өмнөд Солонгос,  Япон зэрэг улс орнууд ковид 19-тэй тэмцэх ажлыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн халдварт өвчин, нийгмийн эрүүл мэнд, вирус судлалын эрдэмтэд удирдаж байна. Тайвань улсын дэд ерөнхийлөгч алдарт Жон Хопкинсийн их сургуульд тархвар судлалаар доктор хамгаалсан Mr Chen Chien-jen удирдаж байгаа бөгөөд тэрээр КОВИД-19-тэй тэмцэхэд шинжлэх ухааны нотолгоо баримт чухал бөгөөд улс төрийн тоглоомоос энэ бол өөр гэж хэлсэн нь эрхбиш нэгийг бодогдуулна буйзаа.

Гэтэл манай улсын КОВИД-19-н эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд голлох шийдвэр гаргагчид нь улстөрчид бөгөөд эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал зөвлөгөөг сонсож нотолгоон дээр суурилсан бус улс төрийн ашиг хонжоо нэр хүндээ өсгөх гэсэн шийдвэрүүд гаргаж байгаа нь КОВИД-19-тэй хийж буй тэмцлийг үр дүнгүй болгож байна. 

Шадар сайд ХӨСҮТ дээрх гэнэтийн айлчлал юуг харуулав

Шадар сайд 2021 оны гуравдугаар сарын 12-ны өглөө ХӨСҮТ дээр гэнэтийн айлчлал хийсэн бөгөөд далд байсан олон асуудлыг олон нийтэд харуулж өглөө. Шадар сайд халдвар ариутгалд ихээхэн ач холбогдол өгч буй нь харагдсан. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар КОВИД-19 халдвартай хүнээс агаар дуслаар л халдвар тархах магадлал өндөр бөгөөд өвчтөний эд зүйлээр дамжихгүй өөрөөр хэлбэл дамжих үндсэн зам биш  гэж нотлоод байгаа.

ХӨСҮТ зүгээс шадар сайдад  голомтыг ба хавьтлыг  илрүүлэхэд гол хүчээ хаяж ажиллаж байгаагаа хэлэхэд хүлээж авахгүй байгаа байдал харагдсан. ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн зүгээс шаардлагагүй PCR шинжилгээг цөөлөх, хэт ядарсан ажилчдынхаа ачааллыг бууруулах, дам хавьтлын дундаас илрэх тохиолдлын тоо бага байгаа учраас гэрт нь хөл хорих, шинжилгээг тэднээс авахгүй байх зэрэг арга хэрэгжүүлэхийг тайлбарласан боловч шадар сайд шинжилгээний хариуг илүү түргэвчлэх, нөөцөө дайчлан ажиллах, ариутгалыг сайн хийх  гэх мэт зөвлөмж өгч байсан нь асуудлын агуулга, нөхцөл байдалтай уялдаагүй шийдвэр гаргаж байна гэж дүгнэж болохоор байна. 

Цар тахалтай тэмцэж буй одоогийн бүтэц тогтолцоо шаардлага хангахгүй байна 

Халдварт өвчинтэй тэмцэх ажлыг УОК удирдаж байгаа нь буруу гэж олон удаа хэлж байгаа. Зохих хууль тогтоомжуудад заасны дагуу Засгийн газар, Эрүүл мэндийн Үндэсний зөвлөл, ЭМЯ удирдах ёстой. УОК бол тэндээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд л дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Тогтолцооны энэхүү буруу байдал нь цар тахлын эсрэг хийж буй тэмцлийг үр дүнгүй болгож байна. КОВИД-19-тэй тэмцэх ажлын удирдлагыг  одоо ХӨСҮТ-ийн удирдлагын багт ажиллаж байгаа Монголын тэргүүлэх тархвар зүйч нарын гарт шууд өгөх хэрэгтэй. Улс төрчид зайгаа тавьж өгөх шаардлагатай байна. 

PCR төгс шийдэл биш

Герман зэрэг орнууд хөл хорионоос гарах нэг шийдэл олсон бөгөөд энэ бол иргэдээ 7 хоног бүр  иргэд өөрсдөө шүлснээс үзэх оношлуур  болон ам зайлах шингэн оношлуур мөн хурдавчилсан оношлуураар гэртээ өөрийгөө оношлох боломж олгож энэхүү шинжилгээний дараа шаардлагатай бол PCR хийх үе шаттай зохион байгуулалт хийжээ. Иргэд өөрсдийгөө гэртээ оношлох боломж олгож байгаа нь чухал юм. Ингэснээр бид PCR шинжилгээний ачааллыг бууруулж мөн иргэд өөрсдөө гэртээ өөрсдийгөө хянах боломж олгохоор байна. 

QR код  ба үр дүнгээ өгсөнгүй бусад илүү үр дүнтэй апп гаргаж ашиглаж чадсангүй, эрүүл мэндийн системийн нэгдсэн дата бааз бий болгож чадсангүй

Манай улсад QR код үр дүнгээ өгсөнгүй бусад илүү үр дүнтэй апп гаргаж ашиглаж чадсангүй. QR код ашиглан хавьтал илрүүлсэн тохиолдол гараагүй гэж ХӨСҮТ мэдэгдлээ. Улс орнууд хавьтлыг хянахад амжилттай ашигласан апп-уудыг харахад GPS систем ашиглан өвчтөнтэй ойр байсан хавьтлуудыг хянасан байна. 

Эрүүл мэндийн системийн ухаалаг real time дата баазтай болох шаардлага байгааг КОВИД-19 сургамж мөн харуулж байна. КОВИД-19-тэй сайн тэмцсэн Тайвань улс энэ дата баазаа КОВИД-19 хавьтлыг хянахад, өвчтнөө хянахад лабораторийн шинжилгээнд ашигласан бол одоо вакцинжуулалт ба гаж нөлөөг хянахад ашиглаж байна. Манай улсад Дэлхийн банк  зээлээр эрүүл мэндийн системийн нэгдсэн дата бааз хийж өгч байсныг Сангийн яам  2020 оны сүүлээр КОВИД-19-ийн ид халдварын үед зогсоосон байсан. УОК энэ ажлыг үргэлжлүүлэн дата ашиглаж КОВИД-19-тэй тэмцэх ажлыг хийж чадсангүй. Энэ дата баазыг бий болгох хэрэгтэй байна. 

Хожимдсон гуравдугаар түвшний  арга хэмжээ 

Улсын онцгой комисс 2021 оны гуравдугаар сарын 13-нд  хатуу хөл хорио тогтоохгүйгээр 14 хоногийн хугацаанд гуравдугаар түвшинд шилжиж ажиллах шийдвэр гаргасан байна. Үйл ажиллагаа нь хязгаарлагдах арга хэмжээнд жагсаал цуглаан, аялал зугаалга, дайллага цайллага, баар, диско, караоке, алжаал тайлах төвүүд багтаж байгаа аж. Энэхүү арга хэмжээг хоёрдугаар сарын 23-нд хөл хорионоос үе шаттай гарах хэлбэрээр хийх ёстой байсантай хэн ч маргахгүй байхаа. 

Яг энэ мөчид хөл хорионд байгаа Европын олон орон хүнд байдалд ороод байна. Гэтэл Их Британи, Израйль, АНУ зэрэг улсууд хөл хориог эрчимтэй вакцинжуулалттай цуг хийснээр жинхэнэ үр дүнд хүрч байна.
Эрдэмтэд хөл хориог эрчимтэй вакцинжуулалттай цуг хийх л хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Манай улс  хоёрдугаар сарын 23-нд хөл хорионоос гарах үедээ эрчимтэй вакцинжуулалт хийхээр амлаж байсан ч вакцин байсаар байтал удааширсан нь бас нэг алдаа боллоо. Мөн вакцинжуулалтад бусад улсуудын эрэмблэл эрүүл мэндийн салбарын өвчтөнтэй ажилладаг хэсэг, өндөр настан ба хавсарсан өвчтэй хүмүүсээсээ эхэлсэн байхад манай улс дарга нар, эрүүл мэндийн ажилчид, эмнэлгийн аж ахуй, цэрэг цагдаа, эрчим хүч гэх мэт  бүр Мобиком Unitel гэх мэт байгууллагын цэл залуу 20 гарантай залуусыг тарилаа. 
 
Зураг 4. Хөгжингүй орнуудын вакцин тарих эрэмблэл 

 

Хамгийн сүүлд иргэдийн урдуур Сүхбатаар дүүргийн ИТХ гишүүд иргэдийн урдуур орж вакцин тариулсан ёс зүйгүй явдал 2021 оны гуравдугаар сарын 14-нд болсон байна. Үр дүнд нь  ХӨСҮТ дээр гарсан  бүх нас баралт ба одоо байгаа хүндэвтэр хүмүүс бүгд настангууд буюу хавсарсан өвчтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн гэр бүл вакцин байсаар байтал  ДЭМБ зөвлөмжийг зөрчиж эрсдэлт бүлэгт биш дарга нарт вакцин тарьсан  явдал нь иргэд дарга нарыг  шүүхэд өгөх хэмжээний маргаан дагуулахаар байна. 

Ийнхүү шинжлэх ухааны биш дарга нарын улс төрийн ашиг хонжоо харсан шийдлүүд алдааны эх болоод байгааг яаралтай өөрчлөн нотолгоонд суурилсан шийдвэр гаргах  удирдлагыг эрдэмтдэд өгөх хэрэгтэй байна. 

Нийтлэлийг бичсэн: О.Батбаяр, Нийтийн эрүүл мэнд судлаач,   MSc (London School of Hygiene and Tropical Medicine, University of London ) 

Хянаж санал зөвлөгөө өгсөн: Н.Одонгуа, АУ-ны доктор, профессор, PhD ( Yonsei University) 

  1. https://www.nytimes.com/2020/05/09/world/asia/taiwan-vice-president-coronavirus.html
  2. https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0241469
  3. https://www.nature.com/articles/d41586-021-00251-4
  4. https://www.mei.edu/publications/taiwans-model-combating-covid-19-small-island-big-data?fbclid=IwAR1x-w-6RXiA3-IIYcHX5uJMZtOdEu9QYZwdRgaeCAWffwCUw7FKBD4_Y_c
  5. https://www.legalinfo.mn/annex/details/11588?lawid=16053
  6. https://www.imperial.ac.uk/medicine/research-and-impact/groups/react-study/