Индэр    
2019 оны 3 сарын 27
Зураг
АУ-ны доктор, дэд профессор

14 төрлийн халдварт өвчнийг устгаж, бууруулж чадсан вакцинд талархацгаая

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бага насны хүүхдүүдийг 14 төрлийн халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлж болно. Энэ бол ВАКЦИН-ы ач тус бөгөөд урт хугацаанд бий болсон үр нөлөөлөл гэдгийг
дэлхийн олон орны эцэг эхчүүд мартсан байна. 14 төрлийн өвчинтэй товч танилцана уу.

1. Полиомелит (polio) Полио вирус нь уг өвчний үүсгэгч бөгөөд хүний тархи, нугасыг гэмтээж цочмог саажилт шинж тэмдгээр илэрдэг. Ихэнх улс орон төдийгүй манай улсын дархлаажуулалтын үндэсний товлолт вакцинд энэхүү халдварт саа өвчний вакцин багтсан байдаг.

2. Татран (tetanus) Маш хүчтэй булчингийн таталт өгч эндэгдэлд хүргэдэг. Энэ өвчний эсрэг вакцин бүтээгдэхээс өмнө хүүхдүүд маш ихээр эндэж байсан. Харин орчин цагт урьдчилан сэргийлэх DTaP нэртэй вакцин тариулж эхэлснээс хойш эцэг, эхчүүдийн айдас багассан гэж хэлж болно.

3. Томуу (influenza) Амьсгалын замын эрхтэн болох хамар, залгиур хоолойгоор дамжин уушгинд хүртэл очдог томуугийн вирусийн талаар хүн бүхэн сайн мэддэг. Хүний дархлааны онцлог, нас, хүйс зэргээс хамаарч өвчний илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг. Бага насны хүүхдүүдэд ханиалгах, өндөр халуурах, ядарч сульдах, бөөлжих болон суулгалт шинж тэмдгээр илэрдэг.

4. В хепатит (hepatitis B) Цус болон хүний биеийн шингэнээр дамжин хүнээс хүнд халдвар тархдаг. Дэлхий даяар жилдээ 780,000 орчим хүн энэ өвчний хүндрэлээр нас бардаг. Эхээс урагт халдвар дамждаг тул нярай хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор урьдчилан сэргийлэх зорилгоор вакциныг тарьдаг. Мөн жирэмсэн болсон бүх ээжүүд энэ вирусийн шинжилгээг өгч байх ёстой.

5. А хепатит (hepatitis A) Элгийг очиж гэмтээдэг энэ вирус нь бохир гар, хоол хүнс болон усаар дамжин хүнээс хүнд халддаг. 1995 онд вакцин бүтээгдсэн бөгөөд үүнээс хойш өвчний тархалт огцом буурч байгаа.

6. Улаанууд (rubella) Хурц хэлбэрийн халдварт өвчин. Амьсгалын замаар дамжин халддаг. Жирэмсэн үедээ халдварт өртвөл ураг зулбах эсвэл амьгүй төрөлт тохиолдох аюултай. Хэрвээ ээж энэ өвчнөөр өвдөж эдгэрсэн тохиолдолд урагт сөрөг нөлөөлөл өгч төрөлхийн гаж хөгжилтэй нярай төрөх магадлал өндөр байдаг.

7. Хемофил (Hib, haemophilus Influenzae type B) Одоогоор бүрэн судлагдаж амжаагүй боловч урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний дархлалын тогтолцоо, тархийг гэмтээдэг. Таваас доош насны хүүхдүүд халдвар авсан тохиолдолд сонсголгүй болох аюултай.

8. Улаан бурхан (measles) Энэхүү вирусийн халдвар нь маш хурдацтай тархдаг. Жишээ нь халдвартай байсан хүний өрөөнд хоёр цагийн дараа ороход вирус нь халдвар дамжуулах чадвартай. Вакцин тариулахаас өөр аргаар урьдчилан сэргийлэх боломж тун бага. 2019 онд дэлхийн хэд хэдэн өндөр хөгжилтэй орнууд төдийгүй манай оронд халдвар тархсан.

9. Хөхүүл ханиад (pertussis) Хүүхдэд хүнд тусдаг бөгөөд эндэгдэлд хүргэдэг аюултай. Хөхүүл ханиалгын үед амьсгал авахад бэрхшээлтэй болж амь насанд аюул тулгардаг. Вакцин тариулсан тохиолдолд 4-12 жилийн турш дархлаа тогтдог.

10. Пневмококк халдвар (pneumococcal disease) Энэхүү нян уушгины хүнд хатгалгааны зонхилох үүсгэгч төдийгүй чих, хамрын дайвар хөндийн үрэвсэл, менингитийн шалтгаан болдог. Мөн энэхүү вакциныг тариулснаар тус үүсгэгчээр үүсгэгддэг өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлж чадна гэсэн үг хараахан биш юм. Гэхдээ хүндрэл үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой

11. Ротавирус (rotavirus) Нарийн гэдсийг гэмтээж усархаг суулгах, бөөлжих, халуурах, гэдэс базлах шинж тэмдгүүд илэрдэг. Усгүйжиж биеийн шингэнээ алдсанаар яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.

12. Гахайн хавдар (mumps) Гахайн хавдрын вирус нь амьсгалын замаар дамжин тархдаг. Шүлсний булчирхай хавдаж халуурах, ядрах сульдах гэсэн шинжээр илэрдэг эцэг эхчүүдийн хамгийн сайн мэддэг халдварт өвчин. Манай орны 2-14 насны хүүхдүүдэд зонхилон тохиолдож байна.

13. Салхин цэцэг (chickenpox) Хүнээс хүнд дамжин халддаг бөгөөд халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнө илэрдэг. Арьсан дээр гарсан цэврүүн тууралт нь дотроо шингэн агуулсан, заримдаа 500 ширхгээс дээш тооны тууралт үүсэж болдог. Анхны халдварын дараа мэдрэлийн ширхэгт хадгалагдан үлдэж дархлаа суларсны дараа зостер буюу бүслүүр үлд байдлаар дахин илэрч болдог.

14. Сахуу (diphtheria) Амьсгалын замын цочмог үрэвслийн шинж тэмдгээр илэрч зүрх зогсох, саажилтаар хүндэрч, эндэгдэлд хүргэх аюултай. 

Эцэг эхчүүдээ, хайртай хүүхдүүдээ дээрх 14 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, өвтгөхгүй байх сонголтыг хийж ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛ-ын дагуу вакциндаа хамрагдаж байхыг зөвлөе.