Индэр    
2017 оны 9 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

САЙХАН АМЬДРАЛД ХҮРЭХ ЭСРЭГ ЗАМ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Эерэг зүйл рүү тэмүүлэх нь өөрөө сөрөг зүйл юм. Эсрэгээрээ сөрөг зүйлийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө эерэг зүйл юм” МАРК МЭНСОН

Төгс төгөлдөр рүү тэмүүлэх, эерэг байх гэж үргэлж хичээх нь хүнийг зовлонд унагадаг ажээ. Өдийг хүртэл хэвлэгдсэн хэдэн зуун хүний хөгжлийн тухай зөвлөгөөнүүд биднийг ийм байхыг шаардаж байсан. Бид ч алдар нэр, мөнгө хөрөнгө, гоо үзэсгэлэн, сайхан амьдрал, карьер, “тийм байх ёстой”, “ийм байх ёстой” гэсэн туйлын төгс байдал руу мацсаар ядарч, өөрийн үнэ цэнэ, зөвхөн өөрт л буй гайхалтай шинж чанаруудыг үнэлэх чадвараа алдсаар байна. Товчоор бол өөрсдийгөө алдсан...

Үүнийг стрессээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд, санаа зовох өвчин, сэтгэлийн гүн дарамт, амиа хорлолтын тохиолдлууд сүүлийн 30 жил огцом өссөн гэдэг тоо баримтууд нотолно. 

Бидний хямрал материаллаг зүйлсээс даван оюун санаа, оршихуйн түвшин рүү хүртэл гүнзгийрчээ. 

"The Subtle Art of Not Giving a F*ck: A Counterintuitive Approach to Living a Good Life" буюу “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх ном 2016 оны есдүгээр сард хэвлэгдсэнээр хүн төрөлхтний түгээмэл төөрөгдлийг зоригтой шүүмжилж, хувь хүний хөгжлийн чиглэлээр бичсэн номуудад тэсрэлт хийсэн юм. Тус номыг есдүгээр сарын 22-ны өдөр Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, монгол уншигчдын гарт хүргэлээ.  

Ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан байна.

Номыг АНУ-ын нэрт блогчин Марк Мэнсон бичжээ. Тэрбээр өмнө нь markmanson.net хэмээх блогоороо хувь хүний хөгжлийн чиглэлээр нийтлэлүүд бичиж, олон сая уншигчдын дуртай зохиолч болсон юм. Ном хэдийгээр хөнгөн, хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн ч гайхалтай амьдралын туршлага, түүхийн баримт, бүтэлтэй бүтэлгүй дурсамжуудыг багтаасан гэдгээрээ онцлогтой. 

Бид номын орчуулагчдыг ярилцлагад урьсан бөгөөд бодож байснаас хамаагүй залуу /21 настай/ бүсгүйчүүд ирэв. Их сургуулийн нэг ангийн найзууд бусдад хэрэгтэй, өөрсдийгөө ч гэсэн хөгжүүлэх ажил хийхийг хүссэнээр энэ номыг орчуулах ажлыг эхлүүлсэн байна. Уншигч миний зүгээс дүгнэхэд орчуулга цэгцтэй, энгийн, ойлгомжтой болсон байлаа. Орчуулагчаар Р.Нармандах, Б.Алтжин, Ц.Наянжин нар ажиллажээ. 

 
Зүүн гар талаас орчуулагч Ц.Наянжин, Р.Нармандах

ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ ГЭЖ ЮУ ВЭ?

Номонд дурдагдаж буй “тоомжиргүй амьдрах”, “сайхан амьдралд хүрэх эсрэг зам” гэдэг ойлголтыг орчуулагч Р.Нармандах “Юу чухал вэ, юу чухал бус вэ гэдгийг хүн өөрөө ялгаж, чухал зүйлдээ ач холбогдол өгөх тухай юм. Ихэнх хувь хөгжлийн номууд уншигчиддаа эерэг зүйл рүү тэмүүлж байхыг зөвлөдөг. Харин энэ номонд хүн өөрийн зовлонтойгоо нүүр тулж, түүнийгээ даван туулах ёстойг хэлж байгаа. Бид зарим зүйлээ өөрсдөөсөө ч нууж өнгөрдөг. Гэвч тэр нь бидний суурь үнэт зүйл, ач холбогдол өгөх ёстой зүйл байх нь бий. 
Үнэнтэйгээ эвлэрч, зовлонгоо даван туулах нь хэчнээн гайхалтай зүйл болохыг энэ номноос унших боломжтой” гэв. 

“Тоомжиргүй, ач холбогдол өгөхгүй байх гэдэг нь хэнэггүй байна гэсэн үг бус харин бусдаас ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм" Марк Мэнсон

Харин орчуулагч Ц.Наянжин “Бид өдөр тутамдаа сайн байх, шилдэг нь байх тухай ярилцаж, бусад хүмүүс ч энэ талаар зөвлөдөг. Гэтэл амьдралд үнэхээр тэнэг алдаа гаргах үе зөндөө бий. 

Алдаа гаргах, бүтэлгүйтэх нь өөрөө амьдралд байх ёстой зүйл бөгөөд хувь хүн үүнээс суралцаж байгаа гэдгийг харуулсан” хэмээн тодотгов. 

Номонд дурдагдаж буй өөр нэг чухал санаа бол хүн суурь үнэт зүйл, хэмжүүрээ хэт өндөр байлгах тусам түүндээ хүрч чадахгүйн зовлон ирдэг тухай юм. Баян, ядуу, царайлаг, царай муутай, ухаантай, мунхаг хэнд ч бай энэ дүрэм үйлчилнэ. Энэхүү номыг баялаг түүхээр дүүрэн гэдгийг дээр дурдсан. Орчуулагчдын саналыг авсны үндсэн дээр хүний суурь үнэт зүйл, хэмжүүрийн тухай номон дээр гарч буй нэгэн сонирхолтой кейсийг оруулж байна. 

НОМЫН ХЭСГЭЭС: РОК ОДЫН АСУУДАЛ

 
Дэйв Мустайн-Мегадейт

1983 онд авьяастай залуу гитарчин хамтлагаасаа байж болох хамгийн адгийн байдлаар хөөгджээ. Тэд дуу бичүүлэх гэрээ байгуулаад, эхний цомгоо гаргах гэж байв. Гэвч дуу бичүүлэхээс хэдэн өдрийн өмнө хамтлагийнхан гитарчныг хаалга руу түлхэв. Ямар ч яриа, сануулгагүй, сүртэй дуу шуугиан дэгдээлгүйгээр зүгээр л түүнийг сэрээгээд, гэр лүү нь явах автобусны тасалбарыг нь гарт нь өгчээ.

Нью Йоркоос Лос Анжелес руу буцах автобусандаа суусан гитарчин: Яагаад ийм зүйл болчихов оо? Би юуг буруу хийсэн юм бэ? Би одоо яах ёстой вэ? Дуу бичлэгийн гэрээ, ялангуяа шинэхэн металл хөгжмийн хамтлагт зүгээр л тэнгэрээс буугаад ирдэггүй шүү дээ гэж байнга өөрөөсөө асууна. Тэр цорын ганц боломжоо алдсан гэж үү?...

Гитарчны нэр Дэйв Мустайн, харин түүний байгуулсан шинэ хамтлаг нь домогт хүнд металлын хамтлаг Мегадейт. Өдгөө Мегадейт хамтлаг 25 сая гаруй цомог борлуулж, нэлээд олон удаа дэлхийг тойрон аялан тоглолт хийгээд байна. Өнөөдөр Мустайн хүнд металл хөгжмийн түүхэн дэх хамгийн нэрд гарсан, нөлөө бүхий хөгжимчдийн нэг.

Харамсалтай нь түүнийг хөөсөн хамтлаг дэлхийд 180 сая гаруй цомог борлуулсан Металлика байжээ. Металлика бүх цаг үеийн хамгийн агуу хамтлагуудын нэгд тооцогддог.

Үүнээс болоод 2003 онд өгсөн ховор, чин сэтгэлийн нэгэн ярилцлагадаа Мустайн нүдэндээ нулимстайгаар «Өөрийгөө одоо хүртэл азгүй нэгэн гэж үзэхээ больж чадахгүй байна» гэж хэлжээ. Хийж бүтээсэн бүх зүйлийг нь үл харгалзан тэр өөртөө үргэлж Металликагаас хөөгдсөн залуу байх болно...

Дэйв Мустайн өөрөө мэдсэн ч бай, үгүй ч бай Металликагаас илүү амжилттай, илүү нэр хүндтэй байна уу гэдгээр өөрийгөө хэмжжээ. Хуучин хамтлагаасаа хөөгдөхдөө амссан өвдөлт нь өөрийгөө болон хөгжмийн карьераа дүгнэх хэмжүүрээ «Металликатай харьцуулагдах амжилт» -аар сонгосон байна.

Одоо та бид хоёр Дэйв Мустайны нөхцөл байдлыг хараад инээж болох юм. Сая сая доллар, мянга мянган шүтэн бишрэгчидтэй, хамгийн дуртай зүйлдээ амжилттай байгаа энэ залуу хорин жилийн өмнөх рок хамтлагийн найзууд нь түүнээс алдартай байна гээд усан нүдэлж байна.

Учир нь та бид хоёр Мустайныхаас өөр үнэт зүйлтэй, мөн өөрсдийгөө өөр хэмжүүрээр хэмждэг. Бидний хэмжүүр «Би үзэн яддаг даргатай ажилламааргүй байна», «Би хүүхдүүдээ сайн сургуульд явуулж чадахаар хангалттай мөнгө олмоор байна» эсвэл «Усны сувагт сэрэхгүй л бол би аз жаргалтай байна». Эдгээр хэмжүүрээр бол Мустайн зэрлэг, төсөөлж боломгүй гэмээр амжилттай нэгэн. Гэвч түүний «Металликагаас амжилттай, алдартай байх» гэсэн хэмжүүрээр харвал тэр ялагдагч.

...

Орчуулагчидтай үргэлжлүүлэн ярилцаж байгаад нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийлээ. Ц.Наянжингийн хувьд Христийн шашинтай бөгөөд номны суурь ойлголтууд нь Библи дээр гардагтай ижил байгаа гэв. Харин Р.Нармандах Буддын сургаалиудтай ижил санагдсан гэсэн юм.

Шашин шүтлэг, үндэс угсаа, хувь хүний ялгааг үл харгалзан сайхан, амар тайван амьдрах үндсэн суурь нь “тоомжиргүй байх” ажээ. 

Би үүнийг Монгол хүмүүст яг одоо хамгийн хэрэгтэй гэж хувьдаа дүгнэсэн. Учир нь өдгөө бидэнд суурь үнэт зүйлээ олох, бусдын хэрэгт оролцохгүй байх, хүнийг болон өөрийгөө өөр байхыг, алдаа гаргахыг хүлээн зөвшөөрөх чанар хамгийн ихээр дутагдаж буй.

Энэ ном өвдөлт, зовлонг чинь намдаахад зориулагдаагүй. Тэгээд ч та ингэх нь шударга гэдгийг мэднэ. Энэ ном бол ямар нэгэн агуу зүйл рүү хөтлөх хөтөч биш. Угаасаа тийм байж ч болохгүй. Агуу гэдэг бол бидний тархин дахь төөрөгдөл, бид өөрсдөдөө хүртэх ёстой гэж тулгасан нэг цэг, бидний сэтгэлийн Атлантида юм. МАРК МЭНСОН

 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn