2017 оны 8 сарын 13
Entrepreneur

Аялал жуулчлал ба соёлын солилцоо

- Синдикат ток нэвтрүүлгийн 13 дахь дугаар -

Энэ дугаараар бид аялал жуулчлалын шинэ хандлага, ялангуяа технологиор дамжуулан “зочид буудал” гэдэг уламжлалт бизнесийн загвар эвдэж буй Airbnb компани, улсуудын соёлын солилцоо, хувь хүний соёлын импорт ба экспортын талаар ярилцлаа. Яриа маань явсаар өмнөх олон дугаарт давтагдан дурдагдсан үндэсний ижилслийн асуудал дээр очоод мөн л огтолцов. Дараах эрхэм зочид оролцлоо:

  • Cameron Sinclair. Airbnb компанийн нийгмийн инноваци хариуцсан захирал
  • Б.Анударь. Airbnb үйлчилгээний Монгол дахь хоост буюу зочин хүлээн авагч

В.ГАНЗОРИГ: Та хоёр Airbnb компанид ажилладаг, мөн түншилдэг хүмүүс. Airbnb гэж юу хийдэг, хэзээ, яаж үүссэн компани юм бэ? 

КАМЕРОН: Airbnb бол 2008 онд үүсгэн байгуулагдсан залуу компани. Үүсгэн байгуулагч хоёр залуу маань байртай боловч санхүүгийн гачаалтай байж. Яг тэр мөчид Сан Франциско хотод олон улсын хурал болж маш олон зочин ирж, зочид буудлууд бүгд дүүрчээ. Тэр үед манай хоёр залуу илүү өрөөндөө хийлдэг гудас тавиад, өглөөний цайгаар үйлчилнэ гэж бичээд цахим хуудсаар мэдээлэл түгээгээд анх Airbnb (Air bed and breakfast буюу хийлдэг гудас ба өглөөний цай) үүссэн түүхтэй.

Цахим хуудсандаа мэдээлэл дөнгөж тавиад л эхний гурван зочноо шууд хүлээж авсан. Санаандгүй шахуу байж байгаад ингэж хүмүүс илүү өрөөгөө, илүү байраа бусдад хөлслүүлж, аялал жуулчлал төдийгүй хүн хоорондын соёлын амьд харилцааг бий болгох замаар шинэ бизнесээ нээсэн. Энэ бол зөвхөн хоноглох байр зардаг бизнес биш. Энэ бол улс орнуудын, хүмүүс хоорондын, соёл уламжлалын туршлага зардаг бизнес. Өнөөдөр дэлхий даяар хэдэн сая хүн аялахдаа өдөр бүр манай сүлжээгээрээ дамжуулан байр захиалж байна. Эдгээр зочид хүлээн авч буй манай түншүүд бол манай компанийн нүүр царай болж байгаа элчин сайдууд. Яагаад гэвэл тэд өмнө нь хэзээ ч танихгүй хүмүүсийг гэртээ байлган орлого олохоос гадна улс орнуудын соёлын солилцоог гардан хийж байгаа буянтай хүмүүс.

Манай ихэнх зочин хүлээн авагч зочид гэртээ буулгаад орхихгүй хот, тосгоноо үзүүлж, уламжлал соёлоо танилцуулдаг. Одоогийн байдлаар бид дэлхийн 192 улсын 3.6 сая айл, зочин хүлээн авагч түншүүдтэй хамтран ажиллаж, аль хэдийн 100 гаруй сая аялагчид үйлчлээд байна. Манай бизнес маш хурдацтай тэлж байгаа. Бидний хувьд Монгол Улс маш чухал. Ардчиллын түүхээс нь хөөж тооцвол Монгол маш залуу орон. ЗХУ нуран унасны дараа Монгол Улс дахин төрсөн гэж хэлж болно. Иймээс бид Монголыг хөгжиж буй улс  (developing country) биш, торниж буй зах зээл (emerging country) ч биш харин Frontier буюу цоо шинэ тутам үүсч буй ирээдүйтэй зах зээл гэж харж байна.  

В.ГАНЗОРИГ: Хөгжиж буй, торниж буй ба шинэ тутам улс, зах зээл гэдгийн ялгааг нь та нар яаж тодорхойлдог юм бэ?

КАМЕРОН: Хөгжиж буй улс бол эдийн засгийн хувьд сул, өрсөлдөх давуу тал нь хязгаарлагдмал. Emerging улс нь өндөр хөгжилтэй улсуудын зарим шинжийг агуулсан байдаг ч бүх стандартыг нь арай хангаагүй байдаг. Харин Frontier улс гэдэг нь Emerging улстай голлох үзүүлэлтүүдээрээ бараг дөхөх боловч арай гүйцээгүй улс.

Өөрөөр хэлбэл Монгол хөршүүдээсээ зуун хувь хамаарахаа больсон, улс төрийн хувьд ОХУ, Хятадаас тусдаа, ардчиллын үлгэр жишээ болсон, нийгэм нь харьцангуй тогтвортой, өөрийн гайхалтай соёл, агуу түүх, өвөрмөц онцлогтой улс. Тийм учраас бид Монголыг дөнгөж үүцээ нээсэн, бусад хөгжиж буй улсуудад үлгэр жишээ болох цоо шинэ зах зээл гэж харж байгаа.

В.ГАНЗОРИГ: Анударь та Airbnb компанитай холбогдсон түүхээ сонирхуулаач. 

Б.АНУДАРЬ: Би 2015 онд анх Airbnb компанид хоостоор буюу зочин хүлээн авагчаар бүртгүүлсэн. Жуулчны улирал дууссан үе, 8 сарын сүүлээр орсон болохоор анхны жилдээ Францаас нэг л зочин хүлээн авсан. Гэсэн хэдий ч миний хувьд гайхалтай сайхан бас шинэ туршлага болсон. Өмнө би өөр ижил төстэй үйлчилгээ, дэд бүтцүүдийг ашиглах гэж оролдож байсан. Тэр дундаас Airbnb-ыг ашиглах, хамтран ажиллах хамгийн хялбар, ойлгомжтой байсан.

Би хоёр дахь жилдээ 30 гаруй улсаас ирсэн 200 гаруй зочин хүлээн авч байрандаа суулгасан. Энэ жилийн хувьд хүлээн авах зочдын тоо хараахан гарах болоогүй байна. Манайд ирсэн бараг бүх зочин Монголын нүүдэлчин ахуйг хамгийн их сонирхсон. Ийм учраас  гэрийнхэнтэйгээ ярьж байгаад би Тэрэлж ба Хустай нуруунд байрлах хоёр байр, гэрээ өглөөний цайгаар үйлчлэн гадны зочин авахаар нэмж бүртгүүлсэн. Зочин хүлээн авах ийм шинэ санал гаргахад Airbnb маш их дэмжиж хүлээн авсан. Одоо би зочдоо Монголд гурван байршилд зэрэг хүлээн авдаг.

В.ГАНЗОРИГ: Та бол үнэхээр Монгол энтрепренер бүсгүй байна шүү дээ. 

КАМЕРОН: Чухам энэ чинь л манай бизнесийн бас нэг нууц, манай түнш хоостуудын нэг гайхамшиг. Зочин хүлээн авч байгаа манай түншүүд өөрийн оронд нь зочилж байгаа хүмүүсийг яг юу хүсч байгааг дор нь мэдэж, мэдэрдэг. Уламжлалт зочид буудалд буусан хүмүүст тухайн нутагтай дотно танилцах боломж тэр бүр олддоггүй. Иймээс манай бизнесийн онцлог нь гадны зочин гэртээ байлгах дуртай зочломтгой, найрсаг, өгөөмөр хүмүүсээс гадна энтрепренер сэтгэлгээтэй, шинийг санаачлагч хүмүүст оршдог. Монгол шиг зах зээлийн нийгэмд саяхан шилжсэн залуу ардчилал бүхий улсад манай дэд бүтэц, бизнесийн загвар төгс зохицно. 

В.ГАНЗОРИГ: Airbnb-ын бизнес өдгөө үнэхээр аялал жуулчлалын салбарын голлох нэгэн дэд бүтэц нь болжээ. Тэр утгаараа аялал жуулчлалын салбарын ирээдүйг та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ? Үүргэвчтэй аялагчид, ажил хэргийн аялал жуулчлал, хариуцлагатай аялал жуулчлал гээд яригддаг болсон. Монголд аль нь ашигтай бол?

КАМЕРОН: Ажил хэргийн аялал жуулчлал айхтар том тренд болно гэж бодохгүй байна. Тэр ч утгаараа том том хурлын танхим, заал талбай их барьснаар Монгол жуулчдыг өөртөө татаж, нэгж жуулчнаас олдог орлогоо нэмэгдүүлж чадахгүй. Нөгөө талаасаа үүргэвчтэй аялагчдыг хэт өөгшүүлбэл байгаль орчинд, танай улсын аялал жуулчлалын нэр хүндэд бас халтай. Камбож, Тайландыг сайн ажиглах юм бол энэ эрсдлийг олж харна. Аялал жуулчлалын бизнес өдөр ирэх тутам тогтвортой, хүртээмжэй, хариуцлагатай болж, чиглэл бүрээр төрөлжин солонгорч байгаа. Олон хүн Монголд зочлох тухай бодоогүй ч үгүй яваа. Учир нь тэд Монголыг мэдэхгүй, бас Монголтой холбоотой бизнесгүй тул шаардлага гардаггүй.

Аялагчид, жуулчид өндөр үнэтэй, хэт тансаг үйлчилгээг тэгтлээ таашаахаа больсноос гадна тийм өндөр үнэ төлж аялах сонирхолгүй байдаг. Нөгөө талаасаа жуулчид боломжийн хямд үнэтэй хэдий ч тав тухгүй хатуу ор, шүршүүр, жорлон гээд анхан шатны дэд бүтэцгүй, аюултай, эрсдэлтэй аялал хийхийг огт хүсдэггүй.  Монголын хувьд үүний голоор нь байршиж хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Энд заавал дурдах нэг зүйл бол соёлын тогтвортой байдал. Би өнөөдөр машинаар аялж явахдаа жишээ нь нэг хэсэг газар маш олон аялал жуулчлалын бааз бөөгнөрсөн байгааг хараад дотроо харамсч л явлаа. Яагаад гэвэл нэг дор шавсан гэрүүдийг хараад л надад Монголд байгаа биш мэт мэдрэмж шууд төрсөн.

Би Монголд анх удаа ирэхдээ Airbnb-р Улаанбаатар хотоос 100 гаруй км хол байрладаг малчин айлын гэр захиалж гэр бүлтэй нь цуг хоносон юм. Гэрийн эзэн намайг онгоцны буудал дээр тосч аваад хаашаа юм бүү мэд аваад л хотоос гараад давхисан. Энэ бол миний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж, бас туршлага байсан. Яагаад гэвэл бид тэр айлд зүгээр л хоног төөрүүлэх гэж  очоогүй. Морь унахыг, мал хариулахыг гэрийн эзнээр заалгаж, хоолоо хамтдаа хийж идэн, гэрийн гадаа суугаад анх удаа сүүтэй цай уух ямар байсан гээч. Үнэхээр гайхалтай. Энэ айлд нэг хоноход төлсөн үнэ магадгүй 3 одтой буудал, жирийн нэг стандарт зочид буудлын үнэтэй адил боловч энэ айлд хоносон, гэр бүлийн гишүүдтэй өнгөрүүлсэн цаг хугацаа, Монгол ахуйтай танилцсан туршлагыг би хэзээ ч мөнгөөр үнэлэхгүй.

Би одоо буцаад АНУ руу очоод л Монгол гээд эвдрээгүй соёлтой, өвөрмөц ёс уламжлалтай, нүүдлийн амьдралын бодит туршлагыг мэдрүүлдэг ийм гайхалтай улс байдаг тухай таньдаг хүн бүртээ ярих болно. Магадгүй Монголын хувьд Airbnb-ын хоостуудын тал нь хотын хүмүүс, тал нь хөдөөний хүмүүс байвал зохистой харьцаа болох болж, танай улс аялал жуучлалын салбараа тогтвортой авч явахад эерэгээр нөлөөлөх болов уу. Өөрөөр хэлбэл аль нэг салбар, чиглэлд хэт автах, хэтрүүлэн хийхээс болгоомжлох хэрэгтэй.

Монголчууд та нар өөрсдөө та нарт ямар том, ямар үнэтэй соёлын өв байгааг төсөөлөх ч үгүй сууж байна. Энэ бол танай уул уурхайн баялгаас хэд дахин том, хүчтэй баялаг юм шүү. Алтыг бол ухаад л авчихна. Дахиж үржихгүй. Харин соёлын өв, нүүдэлчин ахуй бол дараа дараагийн үедээ шилжээд явна. Нүүдлийн ахуй дээр суурилсан орчин үеийн амьдралын хэв маяг аажим аажмаар хүчээ авч байгаа. Нүүдлийн соёл хаана үүссэн юм бэ? Яг одоогийн байдлаар манай сүлжээг ашиглан 3000 гаруй хүмүүс 3 жил гаруй дэлхийг тойрон янз бүрийн улсуудаар аялан амьдарч явна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь байраа зараад, тэр мөнгөөрөө дэлхий ертөнцтэй танилцана гээд ганцаараа, гэр бүлээрээ хэдэн жилээр аялаад явж байна. Тэд бол өөрсдийн хүслээрээ амьдарын энэ хэв маягийг сонгосон орчин үеийн нүүдэлчид юм. 

В.ГАНЗОРИГ: Airbnb дээр ингэж олон жил тасралтгүй аялаж буй хүмүүс голцуу настай хүмүүс байна уу?

КАМЕРОН: Маш сонирхолтой асуулт. Яг тал нь 30 хүртэлх насны залуус. Тал нь настай хүмүүс буюу тэтгэвэрийнхэн. 80 гарсан тэтгэвэрийн хоёр хөгшин хүртэл ингээд явж байна гээд бод доо. Эдгээр хөгшчүүдийн зорилго нь дэлхийг тойрон аялаж байгаад нүд аних. Ийм учраас Airbnb компани Монголын нүүдлийн соёлоос асар их суралцах ёстойг ойлгож авсан. Магадгүй энэ нь бидний бизнесийг хөгжлийн дараагийн шатанд гаргах байх. 

В.ГАНЗОРИГ: Airbnb компаниар дамжуулан гадны зочин хүлээн авдаг хүний хувьд та Монголын аялал жуучлалын салбарын боломж ба сорилтыг яаж харж байна вэ?

Б.АНУДАРЬ: Маш өөдрөгөөр харж байгаа. Жуулчдын тоо жил бүр бага ч гэсэн байнгын өсөлттэй яваа. Ялангуяа Зүүн өмнөд Азийн улсууд тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, манай хөрш Хятад, Оросоос жуулчдын тоогоо өсгөх бүрэн боломж бидэнд байна. 

КАМЕРОН: Үнэн. Зүүн Азийн орнууд, ялангуяа Хятадын тойрсон улсуудын хоёр мянганы зааг дээр төрсөн залуус аялах хоббитой, бүр соёлтой болж байгаа. Азиудын туг барьсан жуулчдын цувааг та нар анзаарч байсан байлгүй. Автобусанд суугаад буугаад явдаг энэ аялал жуулчлалын тренд бол 1980-аад оны имиж байсан. Одооны залуусын хувьд бол шал өөр болсон.

Б.АНУДАРЬ: Залуу хүмүүс маш их аялах болсныг би батална. Дөнгөж 18 нас  хүрээд анхны аялалаа хийж яваа Хятад залууг би саяхан гэртээ авсан юм. Насанд хүрээд паспортоо гар дээрээ авмагцаа Монголд ирсэн. Энэ аялалаа бүр эртнээс төлөвлөсөн байсан. 

В.ГАНЗОРИГ: Та хоёрын хэлж буй зүйлс “Таван одтой зочид буудал бол тансаг зэрэглэлийн шорон” гэдэг хэлцийг өөрийн эрхгүй санагдууллаа. Ирээдүйд аялал жуулчлал төдийгүй зочид буудлын бизнест том өөрчлөлт гарна гэсэн үг үү?

КАМЕРОН: Таван одтой зочид буудлын хэрэгцээ үргэлж байна гэж би боддог. Airbnb зочид буудлуудтай өрсөлддөггүй. Харин ч бид хоршиж ажилладаг. 

В.ГАНЗОРИГ: Airbnb зочид буудлуудтай өрсөлддөггүй харин хоршиж ажилладаг гэдгээ та жишээгээр хэлж өгөөч!

КАМЕРОН: Жишээ нь та Монголд ажил хэргийн шугамаар ирлээ гэж бодъё. Зочид буудлын стандартаар та өглөөний 6 цагт халуун кофегоо уух, фитнест орж биеийн чилээгээ гаргах, интернэтэд холбогдон ажлаа амжуулахаа мэднэ. Үүнийгээ ч сайн ашигладаг. Бизнесийн ажлаа дуусгах хүртлээ та энд таван одтой буудалд буугаад Монгол оронтой жинхнээсээ танилцах хүсэл төрвөл, Монгол айлд зочлон ахуй амьдралыг нь мэдрэхийг хүсвэл зочид буудал дэмий л болов уу.

Би жишээ нь сая хөдөө жуулчны бааз дээрээс ирлээ. Хэдий хөдөөний жуулчны тур бааз ч гэсэн миний хувьд долоон одтой зочид буудал шиг л байсан. Тэнд би интернэт холбогдож скайпаар ажлаа хийж чадаагүй, утасны сүлжээ байхгүй, өглөө бүр дуртай кофегоо ууж чадаагүй ч би долоон одтой тансаг буудлаас дутахгүй сэтгэл ханамжийг авч чадсан. Яагаад гэвэл Монгол ахуйг бодитоор нь мэдрэхээс гадна өөр ийм мэдрэмжийг дэлхийн хаанаас ч олж авч чадахгүй шүү дээ.

Дараа би найзууд, гэр бүлтэйгээ ирэхдээ хотод түр саатан зочид буудалд байрлахаас бус хөдөө гараад л явна. Ингэж аялахын нэг гол ач холбогдол бол тухайн орон нутагт оруулж буй эдийн засгийн бодит үр нөлөө байдаг юм. Хөгжиж буй улсуудад байгаа дэлхийн том сүлжээ буудлуудын орлого, ашиг тухайн улсдаа үлддэггүй. Харин Airbnb-н бизнесийн зарчмаар нийт орлогын 97% нь тухайн улсдаа үлддэг. Хамгийн чухал зүйл нь Airbnb-д буусан хүн тухайн аймаг, тосгон, сумын жижиг дэлгүүрт орж худалдан авалт хийнэ, тухайн орон нутгийн гуанзаар үйлчлүүлнэ. Өөрөөр хэлбэл хост хийн зочин хүлээж авч байгаа айлын хүн тухайн орон нутгийнхаа бизнесийн нүүр царай, хөтөч, зөвлөгч нь болдог юм аа.

Бид сая компани дээрээ судалгаа хийж үзэхэд Airbnb-ээр дамжуулан аялаж буй хүмүүс тухайн хот, тосгондоо бусад жуулчдыг бодвол гурав дахин их орлого оруулдаг үр дүн гарсан. Хэдий тэд зочид буудлын зардлаа хэмнэж Airbnb-р боломжийн үнэтэй хонох газар олж байгаа боловч энэ нь тэд аялаж явахдаа бага мөнгө тухайн улсдаа зарцуулна гэсэн үг огт биш. Чухам тэр хэмнэсэн мөнгөөрөө тухайн аялагчид орон нутгийн хүмүүсээс худалдан авалт хийж тэдэнд шууд хөрөнгө оруулалт оруулдаг. 

Монгол шиг гуравхан сая хүнтэй жижиг зах зээл бүхий улсын хувьд энэ бизнес загварыг улам хөгжүүлж, аймаг сум бүртээ бодлогоор жигд хүргэж чадвал аялал жуулчлалын салбараа та бүхэн цоо шинэ шатанд гаргахаас гадна орон нутгийнхаа төсөв, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж, тэр байтугай дэд бүтцийн салбартаа ч хөрөнгө оруулалтыг хийлгэж чадна. Airbnb-ээр дамжуулан хамтран ажиллах зарчмаар орон нутгийн аялалын шинэ татвар гаргаад тэрийгээ Монгол улс өөрөө авч болно. Би жишээ нь маргааш үүрээр 3 цагт буцна. Тэгэхэд манай гэрийн эзэн шөнө такси дуудаад суулгаж өгнө гэсэн. Энэ мэт ямар зочломтгой, өгөөмөр зантайгаа та нарын зарим нь бүрэн ухаарч мэдрээгүй л яваа. Магадгүй гадны хүмүүс энэ тухай чинь та нарт хангалттай хэлж ярьдаггүй байх. Иймээс энэ зочломтгой, нээлттэй зангаа манай бизнесийн загвартай уялдуулбал богино хугацаанд эерэг үр дүнг салбар, улсын хэмжээнд гаргах боломж байгааг би харж байна.

В.ГАНЗОРИГ: Ану та өөрийнхөө байрны хоногийн төлбөрийг хэрхэн тооцож гаргадаг вэ? Тэр үнэ нь Улаанбаатарын дундаж зочид буудлуудтай өрсөлдөхүйц байж чаддаг уу? Гадны зочид ирээд зочид буудлыг биш яагаад танай байрыг сонгох ёстой юм бол?

Б.АНУДАРЬ: Би хоногийн үнээ тооцохоос илүү Airbnb надад үнэ санал болгодог. Миний байрны эргэн тойронд байгаа ижил төрлийн байрнуудыг үнийг ялгаж харуулаад энэ танд хамгийн тохиромжтой, өрсөлдөхүйц үнэ гээд гаргаад ирдэг. Би тэдгээрийг нь харж байгаад сонголтоо хийдэг. Үнэ тогтвортой байдаггүй. Эрэлт, нийлүүлэлт, аялал жуулчлалын улирал зэргээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг. 

КАМЕРОН: Таны асуултанд Риогийн олимпоор жишээ авч хариулъя. Олон улсын олимпийн хороо, Рио Де Жанейро хотын удирдлага бидэнд хүсэлт тавьсан. Олимп болох гээд байдаг. Рио хотод хангалттай зочид буудлын хүрэлцээгүйн улмаас дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа зочдоо хүлээн авах байргүй болсон. Ингээд Airbnb Риогийн олимпийн зочид байрлах байрны албан ёсны түнш болж хамтран ажилласан. Олимп болсон нэг сар орчмын хугацаад Airbnb-ээр дамжин 20,000 гадны зочид Рио хотын айлуудад амьдарч олимпоо үзсэн. Энэ оргил үед байрны дундаж үнэ хямд биш байсан. Яагаад гэвэл эрэлт асар их байв.

Харин олимп дууссаны дараа Рио Дэ Жанейро хотын байрны үнэ бууж, хэвийн байдалд орсон. Монголд хэрвээ Азийн спортын наадам болох, эсвэл бүсийн хөлбөмбөгийн тэмцээн зохиогдох болж олон улсын хэдэн мянган зочид ирвэл мөн л адил нөхцөл байдалд орно. Буудал хүрэлцээгүйн улмаас Монголын Airbnb айлуудын үнэ ч дагаад өснө шүү дээ, зах зээлийн хуулиараа. 

В.ГАНЗОРИГ: Airbnb хиймэл оюун ухааныг системдээ ашиглан энэ бүх тооцоог хийж, үнээ тогтоодог байх нь ээ?

КАМЕРОН: Яг тийм. Хиймэл оюун ухаан ашиглан үнээ тогтоохоос гадна бид зочдын үнэлгээ ба сэтгэгдлийн функц ашигладаг. Олон, эерэг үнэлгээ ба сэтгэгдэл байрны эзэн авах тусах тухайн байрны эрэлт өсч, байрны эзэнд итгэх итгэлийн түвшин дээшилдэг үнэлгээний шаталсан системийг бид ашигладаг. Үнэлгээний дээд түвшинд хүрсэн байрны эздийг бид Super host буюу супер зочин хүлээн авагч гэж нэрлэдэг. Одоо манай системд бүртгэлтэй байгаа нийт байрны эздийн 7% энэ ангилалд багтаж орсон байгаа.

Тэгэхээр олон зочин хүлээж авсан нь биш зочиддоо таван одтой буудлын үйлчилгээг үзүүлж, сэтгэл ханамжийг нь дээдэлж чадаж байна уу гэдгээр бидний үйчилгээний чанар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл энгийн хүмүүс, ердийн өрх гэр зочиддоо тансаг зочид буудлын үйлчилгээг хүргэж буй бизнесийн загвар. Өндөр үнэлгээтэй айл арай өндөр үнэтэй байдаг. Тэр нь тэр айлын кофе нь илүү амттай, эсвэл байр нь хотын төвд байдагт биш гэрийн эзэн зочныхоо сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүргэж, найрсаг, хуурамч биш үйлчилгээг үзүүлдэгт оршдог. 

В.ГАНЗОРИГ: Бидний ярьж байгаа сэдэв зөвхөн аялал жуулчлал, байр саваар хязгаарлагдахгүй. Өргөн утгаараа хүн хоорондын харилцаа, ялгаатай үндэстнүүдийн ёс уламжлалын солилцоо, улс хоорондын соёлын экспорт ба импортын асуудал юм. Даяаршиж буй энэ хорвоод зарим хүмүүс хоорондоо холбогдож ажиллаж амьдрахыг эрхэмлэж байхад зарим нь эсрэгээрээ хамгаалалтын байдалд орж бусдаас тусдаа байхыг хүсдэг айдас байна. Энэ ялгаатай байдлыг та нар яаж дүгнэж байна вэ?

КАМЕРОН: Airbnb бол мэдээлэл холбож өгч буй дэд бүтэц. Тэрнээс биш бид байраа түрээсэлж буй эзэд, аялагчдад юу хийх ёстой, яах ёстой гэдгийг нь хэлж өгч, зааварчилдаггүй. Тэд өөрсдөө гэрийнхээ тоглоомын дүрмийг зохиодог. Би нэг юманд маш итгэлтэй байна. Монгол хүмүүс Хятад, Япон хүмүүсийг бодвол маш ялгаатай байдлаар зочноо угтаж, хүлээн авч үйлчилдэг. Би жил орчим Японы хөдөө нутагт ажиллаж амьдарсан. Тэдний туршлага, соёл, үйлчилгээ нь Монголын хөдөө нутгийн малчин айлаас тэс өөр. Тэр утгаараа Монголд байхгүй сонин содон, гайхалтай үйлчилгээг ч тэд санал болгодог.

Airbnb 192 улсад үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа бид 192 брэнд бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд тухайн хувь хүн, бизнес гэхээс илүүтэйгээр тухайн улсын онцлог маш чухал байдаг. Олон зуун улсын хэдэн сая айл өрхийг хамарсан манай бизнес загвар нь тухайн улс бүрийн өвөрмөц соёл, дотоод дүрэм, ялгаатай ёс заншилд маш хүндэтгэлтэй бас болгоомжтой хандахыг шаарддаг.  Хэрвээ би Монгол айлд захиалга өгч гэрт нь байгаа бол энэ бол Монголын л туршлага, стандарт байна. Тэрнээс биш би эндээс Америкийн стандарт, соёлыг шаардах нь ямар ч утгагүй зүйл. 

В.ГАНЗОРИГ: Та тэгэхээр Airbnb бол зөвхөн аялаж яваа хүмүүсийн толгой хоргодох газар биш гэж хэлэх гээд байна аа даа?

КАМЕРОН: Би танд ганц жишээ хэлье. Манайд Өмнөд Солонгос улсын мундаг сайн зочин хүлээн авагч байсан. Байрны байршил, үйлчилгээ, хоол унд гээд бүгд дээд зэргийн үйлчилгээтэй байв. Найрсаг гэр бүлтэй, хөгжилтэй хүүхдүүдтэй энэ айлд ганц нэг зочид нь ор нь жаахан тухгүй, хатуу байсан гэдэг сэтгэгдэл үлдээсэн. Тэр нь Солонгос улсын уламжлалт ор гудас, дэвсгэр байсан. Байрны эзэн ч тун удалгүй Ikea дэлгүүрээс барууны тухтай ор худалдан авч уламжлалт ороо сольж орхисон. Түүнээс хойш ирсэн зочид бүгд сөрөг сэтгэгдэлтэй буцаж эхэлсэн. Шалтгаан нь Өмнөд Солонгос улс гэсэн ямар “үнэр” тэр айлаас үнэртэхээ больж, барууны байдаг л нэг айл болж хувирчээ.

Тэр айлын үнэлгээ нь дороо унаж эхэлсэн. Байрны эзэн ч яаралтай арга хэмжээ авч нөгөө барууны стандартын ороо гаргаж хаяад хуучин Солонгосын уламжлалт ор, дэвсгэрээ зассан. Эргээд нэг их удалгүй үнэлгээ өссөн байдаг. Өөрөөр хэлбэл ор нь тухгүй байсан гэж сэтгэгдэл бичсэн хүн тухайн улсын соёлыг дорд үзэж, буруу дүгнээгүй хэрэг юм. Зарим зочид хоносон зарим айлдаа зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй хандаж л байдаг. Миний жишээ нь хамгийн анх Airbnb-ээр захиалсан байр маань дотроо 00, шүршүүр байхгүй голын эрэг дээрх саравч байсан. Монголын нүүдэлчид айлд хоноход адилхан л нөхцөл угтана. Гэхдээ энэ бол өвөрмөц, өөр хаана ч авч чадахгүй туршлага гэдгийг бид ойлгох ёстой. Зарим айл угаалгын нунтаг, саван, шампунийг нь хүртэл бэлдсэн байдаг. Энэ бол тухайн айлаасаа, гэрийн эзнээсээ л хамаарах зүйлс шүү дээ. Зочид бол тухайн улсын, хотын өвөрмөц соёл, ахуйтай л танилцахыг хүсч байдаг.

Заримдаа хоносон айлдаа гомдоллодог хүмүүс бол гомдоллох гэхээсээ илүү анх удаа тийм соёлд орж, өвөрмөц ялгаатай орчинд орсон болохоор тэрэндээ дасахгүй хэлж байгаа үг л гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь миний Монголд идэж байгаа ихэнх хоол, ундыг би өмнө нь хэзээ амсаж байгаагүй. Эхний удаа хоолойгоор давахад хэцүү байсан. Хэд хоногийн дараа бантан шиг амттай хоол байхгүй болсон. Энэ шинэ туршлагаа бусадтай хуваалцахаар зарим хүнд энэ нь шүүмжлэл болж сонсогддог байх талтайг бид ялгаж салгаж ойлгох ёстой юм шүү. Өөрөөр хэлбэл аялаж буй хувь хүмүүсийн хөгжил, тэдний нүд нээгдэж байгаа хэрэг гэж бас хэлж болно. 

В.ГАНЗОРИГ: Гадаад улсаас олон төрлийн зочин гэртээ хүлээж аваад янз бүрийн соёлтой улсуудтай харьцахад амар биш байна уу Ану?

Б.АНУДАРЬ: Би Камеронтой санал нэг байна. Аялагчид тухайн улсынхаа бодит туршлага, жинхэнэ мэдрэмжийг авахыг л хүсдэг. Надад яг адил туршлага байгаа. Азиас ирсэн жуулчид манай орыг хатуу байна, тухгүй байна гэж ганц хоёр удаа гомдол гаргасан. Тэр нь намайг ороо соль гэсэн үг биш гэдгийг би мэдэж байсан болохоор би ороо огт солиогүй. 

В.ГАНЗОРИГ: Тийм учраас та аялагчидаа маш сайн мэдэрч ороо солиогүй үл барам хөдөө нэмж гэр барин улам олон гадны жуулчдыг татаж эхэлсэн байх нь ээ?

Б.АНУДАРЬ: Яг тийм (Инээв). 

КАМЕРОН: Энэ чинь Монгол улсын ирээдүй байхгүй юу! Анударь шиг залуу энтрепренер, үнэ цэнэ, баялаг бүтээгч залуус Монгол улсыг цогцлоон хөгжүүлнэ. Ийм учраас л би танай улсыг шинэ тутам хөгжин гарч ирж буй зах зээл буюу Frontier улс гэж томъёолоод байгаа юм. 

В.ГАНЗОРИГ: Монгол улсын ирээдүй залуусын гарт гэдэг дээр санал нэг байна. Түүнчлэн нүүдлийн ёс заншил, ахуй маань ч бидний онцлог шинж, үндэсний ижилслийн нэг хэсэг гэдэгтэй санал нэг. Гэвч хүмүүсийн хувьд түүх, ёс заншлаараа бахархаад цээжээ дэлдээд үлдэх үү, эсвэл ирээдүйгээ ярьж, зорьж эрчтэй хөгжих үү гэдэг дээр үргэлж маргаантай байдаг. Яг үнэндээ Монгол улсын үндэсний ижилсэл гэдэг зүйл юу вэ гэдгээ ч бид ойлгохоо байсан. Монгол хүн гэж яг хэн бэ, Монголчууд яг юу хүсээд байна вэ гэдгийг та нар харж мэдэрч чадаж байна уу

КАМЕРОН: Би Монголоос өөр нүүдэлчин ахуйтай газар зочилж байсан. Хагас жил тутам би хөдөө, орон нутаг руу явж аялдаг. Зорилго нь нутгийн өвөрмөц онцлог, соёлыг ойлгохоос гадна тэр нийгэмд, хүмүүст юу хэрэгтэй байна, яаж туслах вэ гэдгийг байнга судалдаг. Соёл уламжлалаа хайрлана гэдэг нь хав дарж хэнтэй ч хуваалцахгүй хамгаална гэсэн үг биш. Ялангуяа алслагдсан нутагт амьдарч байгаа хүмүүс даяаршил, дэлхийн хөгжлийн хэрчмээс хүртэх эрхтэй. Энэ бол ганц Монгол улсын асуудал биш ээ. Энэ бол дэлхий нийтэд тулгамдаж буй ярвигтай асуудал. Өнгөрсөн жил би багагүй хугацааг Йордан улсын нүүдэлчидтэй өнгөрүүлсэн. Тэр тэмээгээ хариулж амьдардаг нүүдэлчин ахуйтай улсууд. Airbnb компани Йордан улсад маш олон агуйтай.

Йорданы нүүдэлчид хадан дунд өөрсдийн амьдардаг агуйгаа Airbnb-д бүртгүүлээд гадны жуулчдыг аваад эхэлсэн. Нүүдэлчин малчин тул эдгээр хүмүүс байнга бэлэн мөнгөний гачаалалтай байдаг. Мөн улсын эдийн засаг нь ч тийм сайн биш. Өөрөөр хэлбэл нэг юмнаас хэт хараат ахуй тогтворгүй, даацгүй байдаг. Иймээс Йорданы нүүдэлчид тун удалгүй хагас цагийн малчид, хагас цагаар агуйдаа гадны зочид хүлээн авч хоноглуулан ахуй амьдралаа танилцуулдаг бизнесмэн болж хувирсан. Монголд миний хоносон малчин айл мөн яг адил байдлаар амьдралаа залгуулаад эхэлсэн байсан. Монгол улсад хэд хэдэн давуу тал байгаагаа сайн ашиглах хэрэгтэй. Үүний нэг нь монголчууд бичиг үсэгт тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Асар олон их, дээд сургуультай.

Монгол залуу хүн оюутан болж их сургууль төгсөөд буцаад хөдөө гарч малчин болох магадлал нь хир бол? Иймээс энэ бол дан ганц боловсролын асуудал биш. Хотын хүмүүсийн ажил эрхлэлтийн асуудал гэж ярихын сацуу хөдөөгийн хөгжил, дэд бүтцэд та бүхэн сайн анхаарах ёстой болов уу. Хот суурин газар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх тусах агаарын бохирдол, замын түгжрэл нэмэгдэж, эдийн засгийн хямрал, гэнэтийн цохилтонд хотын хүмүүс хамгийн түрүүнд нэрвэгддэг. Орон нутагт, алслагдмал газар суурьшиж буй иргэдийн хувьд иймэрхүү өөрчлөлтөнд харьцангүй бага өртдөг. Хэрэв та бүхэн бүх өндгөө Улаанбаатар хот гэдэг ганц сагсанд хийх юм бол ямар нэг юм болоход улс даяараа хүнд байдалд орно шүү дээ. 

В.ГАНЗОРИГ: Та бидний зарим нь хөдөө гарч малчин болж соёл иргэншлээс хол байж ахуй соёлоо аврах ёстой гэх гээд байна уу?

КАМЕРОН: Хэдхэн жилийн дараа харилцаа холбоо одоогийн бидний гар утас, интернэт хэрэглэж байгаагаас хамаагүй өндөр түвшинд очно. Технологийн дэвшил Монголын хязгаар нутагт сууж буй хэн ч дэлхийн хаана ч байгаа хүнтэй шууд холбогдох боломжийг үүсгэнэ. Энэ үед улс үндэстэн бүр өөрийн соёлоо хэрхэн авч үлдэх, хайрлан хамгаалж сурталчлах вэ гэдэг асуудал үүснэ.

и Airbnb-гаас гадна архитектор, дизайны чиглэлээр ажилладаг. Энэ шугамаар шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхээр дэлхийн олон орны гар урчууд, мэргэжлийн хүмүүстэй холбогдон ажилладаг. Камбож, Этиоп зэрэг улсуудын хөдөө, алслагдсан газруудад бизнес байхаар барах уу, улам өргөжин дэвжиж байгаа. Учир цахим төлбөрийн хэрэгсэл ашиглагдаад эхэлсэн. Эдгээр улсууд үүгээр дамжуулан өөрсдийн соёлоо экспортлоод эхэлсэн. Яагаад тэдний соёл, уламжлал ийм юм, үнэ цэнэ нь хаанаа юм, түүх заншил нь ямар юм гээд. Өөрөөр хэлбэл дэлхийн түвшинд соёлын солилцоонд орж байгаа амьд музей юм. Би зөвхөн нүүдлийн малчдыг хэлээгүй шүү.

Гар урлалынхан, дархчуудын бүтээл, хэрэглэж буй органик түүхий эд материал гээд энэ бүгдийг Airbnb шиг бизнесийн загвартай, Ану бүсгүй шиг энтрепренер сэтгэлгээтэй холбож чадвал Монгол улс эдийн засгаа солонгоруулах бүрэн боломжтой. Энэ жишиг загвараа та бүхэн бусад улсад ч экспортлон нэмүү үнэ цэнэ үүсгэж чадахаар байна. 

Б.АНУДАРЬ: Airbnb хөдөө, орон нутгийн хүмүүст маш том боломжийг үүсгэж өгч байгаа гэж бид боддог. Орон нутгийн хүмүүс ойр байх суурин газарт очиж суурьших, ажил хайж хот явах шаардлагагүй болж байгаа. Одоо байгаа газраа, Монгол ахуйгаараа амьдраад нэмэлт орлого олоод амьдрах шинэ боломж үүссээр байгаа.

Манай хамаатны хүмүүсийн хүүхдүүд нь хотод их, дээд сургуульд сурдаг хэдий ч өөрсдөө хөдөөнөө амьдардаг. Бага хүүхэд нь бүр хот явж сургуульд сурмааргүй байна, эндээ ажиллаж амьдарна гээд зөрөөд байгаа гэсэн. Өөрийн ёс заншлаа ярихын сацуу бусадтай соёлын харилцаанд хэрхэн орох вэ гэдгээ бид сайн бодолцох хэрэгтэй санагддаг. Наад зах нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж чадвал гадны зочид хүлээн авахад тухтай болж, тэр хирээр нэмэлт орлогын эх үүсвэр нээгдэнэ. 

В.ГАНЗОРИГ: Та хоёр Монголын үндэсний ижилслийн гол элементүүд нь ёс уламжлал, нүүдлийн ахуй гэж байна. Зөв үү?

КАМЕРОН: Та бүхэн нүүдлийн ахуйг, малчдаа өнгөрсөн түүхийн нэг хэсэг гэж бүү хараарай. Тэд бол бусдад ашиглагдан, бусдын зугаа болдог музейн ховор “үхмэл” үзвэрүүд огт биш. Харин орчин үеийн технологийг хэрхэн зөв бөгөөд тэдэнд ашигтай байдлаар хэрэглэж нэмүү үнэ цэнэ үүсгэх тал дээр бүгдээрээ анхаарах ёстой. Жишээ нь Монголд What3Words гээд хаяг заадаг үйлчилгээ ороод ирсэн.

Нүүдэлчин малчид жилд хаашаа ч хамаагүй хэд ч нүүсэн гэсэн энэхүү системээр дурын хүн байгаа газрыг нь олоод очиж чадна. Нөгөө малчин айл ч энэ хирээр гадны зочдыг хүлээн авч гэртээ байлган, ёс заншлаа танилцуулж жилийн дөрвөн улиралд нэмэлт орлого олох боломж байна. Бэлэн технологи нь байна. Үүнийг ашиглаад өөрсдийн өвөрмөц ёс заншлаа бусдад экспортолж аялал жуулчлалын салбартаа цоо шинэ реформ хийх хэрэгтэй. Гэхдээ барууны хэв маяг руу хэзээ ч шилжиж, тэднийг дуурайж болохгүй шүү. Тэгэх л юм бол та бүхэн өөрсдийн үндэсний ижилсэл гэдэг зүйлээ алдах болно.

Аялагчдын хувьд дөнгөж сургууль төгссөн залуусыг зорилтот зах зээлээ болгох бас хэрэггүй. Дунд эргэм настай, дээд боловсролтой, тогтмол орлоготой над шиг хүмүүсийг зорилтоо болгох хэрэгтэй. Иймээс хүмүүс амралтаараа Нью Йорк хот явж зугаалж цэнгэхийн тулд хэдэн мянган доллар зарцуулах чадавхтай байдаг. Энэ мөнгийг нь Монгол руу татаж, тэдний хэзээ ч үзээгүй туршлагыг мэдрүүлж, тэр мөнгө нь эргээд Монголын орон нутгийн хөгжлийг тэтгэх, орон нутгийн жижиг дунд бизнес хөгжих, зочин хүлээж авч байгаа гэрийн эзэд Монголынхоо жинхэнэ ардын элчин сайдууд болж соёлын экспортын гол нүүр царай болох ёстой.

Яагаад уул уурхайн компаниуд хэдэн сая доллараар Монголд алт, баялаг байна гэж сурталчилгаагаа хийж байхад аялал жуулчлал энэ том боломжоо сурталчилахгүй байгаа юм бэ? Би жишээ нь Монгол руу явлаа гээд ганц зураг фэйсбүүктээ оруулсан юм. Хормын дотор 75 сэтгэгдэл, 300 гаруй лайк цуглуулсан. Энэ бол миний хувийн аккаунт байсан. Миний хүүхдийн зурагнаас илүү олон лайк цуглуулж фэйсбүүк дээр миний гэр бүлийг Монгол ялсан. Иймээс та бүхэнд соёлоо экспортолж, үндэсний ижилсэлээ хадгалан хөгжүүлж, орчин үеийн технологийг ухаалаг ашиглаж, гадаад орчны шоконд уян хатан хариу үйлдлэл үзүүлж чаддаг бизнесийн шинэ загвар үүсгэх бүрэн бололцоо байна. 

В.ГАНЗОРИГ: Та бүхний яг энэ яриад байгаа зүйлийг манай засгийн газар сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Эдийн засгаа солонгоруулна, энэ солонгын нэг өнгө нь аялал жуулчлал байна гээд. Гэвч миний хувьд одоог хүртэл бид тодорхой зорилго, ойлгомжтой стратегитай болж чадаагүй санагддаг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд та нар Монголын шийдвэр гаргагчдад юу гэж зөвлөх байсан бэ?

Б.АНУДАРЬ: Бид хөгжлийнхөө замаар л явж байна. Бүх юмыг төгс болгох гээд байвал хүмүүсийн сонирхол буурна. Бид өөрчлөгдөж бас хөгжиж байгаа. Үүнд цаг орж байгаа нь үнэн ч бид хөгжлийнхөө зөв зам дээр зогсож байгаа гэдэгт итгэлтэй байна. 

КАМЕРОН: Америк, Англи, Франц мэтийн барууны улсуудыг битгий дагаж дууриагаарай. Би Йорданы аялал жуулчлалын сайдтай уулзаж энэ салбарыг нь хэрхэн хөгжүүлэх талаар саналаа солилцож байсан. Тэд улсаа тойрон чиргүүл, тэргээр 800 км аялах тусгай чиглэл гаргасан. Энэ нь жуулчдыг татах маш том хөшүүрэг болсон.

Мөн тэд архелогийн олдворууд, үзмэрүүдээ эргэлтэнд оруулж жуулчдын очих ёстой цэг болгож чадсан. Энэ аялалд багтахын тулд жуулчид хэдийг ч төлөхөд бэлэн болтол нь хөтөлбөр үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Одоо хүмүүс өндөр хөгжилтэй улсуудаас таашаал авахаа больсон. Тэнд бүх юм нэг стандарт, ижил үйлчилгээтэй, хоорондоо ялгагдахгүй болсон. Тэгэхээр барууны улсууд биш шинэ тутам гарч ирж байгаа зах зээл, улсуудыг загварыг та бүхэн анхааралтай ажиглаж судлах хэрэгтэй. 

Б.АНУДАРЬ: Өнгөрсөн жил бид зочдоо аваад говь руу аялсан юм. Зам маш хүнд байсан. Засмал замгүй, энхэл донхол ихтэй шороон замаар зочноо сэгсчүүлэн авч яваадаа дотроо санаа зовсон. Гэтэл манай зочид эсрэгээрээ маш их баяртай байсан. Ийм замаар би нутагтаа хаана ч явж чадахгүй шүү дээ гээд сонирхоод аялалаас таашаал авч байлаа. 

КАМЕРОН: Би яг адил мэдрэмж авсан. Өнгөрсөн хэд хоног Монголын хөдөө нутгаар аялан замгүй газар зам гаргаж явж, машины хамар давсан устай өргөн том голуудыг гаталж байхдаа бага зэрэг айж байсан ч аялалын хувьд том таашаал авч чадсан. Манай жолооч нар өөртөө маш итгэлтэй машинаа жолоодон замгүй газраар хурдын замаар явж буй мэт давхих нь бас л содон мэдрэмж байсан шүү. 

В.ГАНЗОРИГ: Тэгэхээр зарим улсын сул тал нь бусад улсын хувьд давуу бас сонирхолтой тал болж болдог байх нь ээ? Өөрөөр хэлбэл би харж байгаа уламжлалт өнцгөө жаахан өөрчилж чадвал цоо шинэ мэдрэмжүүдийг бие биедээ өгч чадах нь.

КАМЕРОН: Тийм ээ. Хэрвээ та Америкт очвол бүх хоол нь савлагдсан, мөн химийн хольцтой болсон байгаа. Яагаад гэвэл тэнд хэдэн зуун сая хүнийг хооллохын тулд шийдэл хэрэгтэй. Монголд хоол ундаа хэрхэн бэлдэж буйг нь анх харахад, жишээ нь хонь муулж, гэдсэнд нь халуун чулуу хийхийг харахад жаахан хүнд байсан. Гэвч мах нь цэвэр органик байсан. Би Монгол хоолноос болж ямар ч асуудалд ороогүй, гэдэс яагаа ч үгүй шүү.

В.ГАНЗОРИГ: Магадгүй цагаан архи нэмэр болсон байх? (Инээв)

КАМЕРОН: Магадгүй. Гэхдээ бас л Монгол архи байсан болохоор нэмэр болсон байх аа. Монгол эко хоол, шинэ саасан сүү хэрэглэх зэрэг нь миний хувьд маш сонирхолтой байсан. Энэ чинь л орчин үед хүчтэй тренд болж байгаа аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн шүү дээ. Орчин үед хүнсний асуудал дэлхий даяар хүчтэй яригдаж байна.

Химийн хольцтой, генетикийн өөрчлөлтэй хүнсний бүтээгдэхүүнээс бол хавдар үүсэх, хүн өвдөх, үхэх тохиолдлууд гарсаар байна. Тиймээс Монгол хүнсний асуудлаараа дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын урд гишгэж яваа. Заримдаа ирээдүй гэдэг болгон зөв байдаггүй. Иймээс та нар хөгжлийнхөө зөв зам дээр яваа гэж би дахин хэлмээр байна. 

В.ГАНЗОРИГ: Airbnb дээрх Монгол улсын зарим нэг статистик тоо, мэдээллүүдээс бидэнтэй хуваалцаач. Бид хир идэвхтэй зочин хүлээн авагчид бас аялагчид вэ?

КАМЕРОН: Би Airbnb компанийг төлөөлөн Монголд ирсэн анхны хүн нь болсон. Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагчийн хувиар биднийг Монголын залуу манлайлагчид урьж эх орноо таниулан сурталчилсан. Энэ боломжийг ашиглаад би Монгол оронтой улам дотно танилцаж, судлахыг зорьж байна. Одоогийн байдлаар 600 гаруй Монгол айл гадны зочид гэртээ хүлээн авахаар бүртгүүлсэн, идэвхтэй хамтран ажиллаж байна. Эдгээр айлууд 1,000 гаруй зочид аль хэдийн хүлээн авч үйлчлэн Монголын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмрээ оруулаад байна. Энэ айлууд ганц Улаанбаатар хотод төвлөрөөгүй. Орон нутаг, хөдөөгийн айлууд ч нилээд байгаа.

Монголд ирж буй аялагчдыг бүлэглэн хэлж болохгүй байна. Оюутнууд, тэтгэвэрийн хүмүүс гээд төрөл бүрийн хүмүүс ирдэг. Гэхдээ тэдний нэг ижил чанар нь юу вэ гэхээр Монгол гэдэг брэндийг нь үзэж, харж, хэрэглэж, мэдрэх гэж ирдэг. Нэг ирсэн зочдыг эргээд яаж дахин дахин авч ирэх вэ гэвэл Airbnb компанийн туршлагыг судлах хэрэгтэй. Бид аялагчдад зориулж толгой хоргодох газар зарах биш тухайн улсын соёл, уламжлалыг таниулах үйлчилгээ эрхэлдэг компани юм. Хамтдаа хоол хийх, гэрийн эзэнтэй ууланд алхах, морин хуур тоглож сурах зэрэг жинхэнэ Монгол туршлагыг үзүүлж мэдрүүлэх ёстой. Би яагаад дээрээс хойш Йордан улсыг жишээг дурдаад байна гэвэл статистикийн хувьд Airbnb дээр Монгол, Йордан хоёр яг ижил үзүүлэлттэй яваа. Гэхдээ Йордан улсын хүн ам 8 сая. 

В.ГАНЗОРИГ: Бид 3 сая хүн амтай атлаа яагаад өөрөөсөө бараг 3 дахин их хүн амтай адил статистик үзүүлэлтэй байна вэ?

КАМЕРОН: Яагаад гэвэл монголчууд та бүхэн хамаагүй илүү энтрепренер сэтгэлгээтэй байна гэсэн үг. Йордан хэдийн маш тайван улс боловч эрсдэлтэй бүс нутагт оршдог. Монгол бол азийн Швейцар болох бүрэн боломжтой. Монгол маш тайван, аюулгүй, эрсдэлгүй улс гэж надад санагдсан. Шөнө гудамжаар алхахдаа би санаа зовоогүй. Азийн бусад улс, хотуудад ингэж тайван алхахад заримдаа хүнд. Дээрээс нь монголчууд маш найрсаг.

Гудамжинд, хээр төөрөөд зогсож байхад өөрсдөө хүрч ирээд л асуугаад, зам заагаад өгдөг. Зарим нь бүр хэд хэдэн гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг. Найрсаг зан гэдэг зүйл монголчууд та бүхний цусанд байдаг зүйл байх аа. Чухам энэ давуу талаа энтрепренер сэтгэлгээтэй зөв хослуулсан тулдаа та бүхэн Йордан улсаас хамаагүй илүү байна гэсэн үг. Иймээс энэхүү эхлэлээ та бүхэн улам өргөжүүлбэл аялал жуулчлалын салбараа шинэчлэн хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлөө эрчимжүүлэх, хотыг төвлөрөлөө бууруулах, эдийн засгаа солонгоруулан, гадаад орчны эрсдлээ багасгаж чадна. Намайг хүлээн авсан гэрийн эзэн, Монголын залуу манлайлагчид, Монголын хүүхэд залуустай яриа хийж уулзаж байхад тэр чигээрээ энтрепренер сэтгэлгээ, шинийг санаа, санаачлага “үнэртэж” байсан.

Дээрээс нь Монголчууд их ганган, стиллэг хүмүүс байна. Энэ нь та нар өөрсөддөө их анхаарч, өөрсдийгөө хөгжүүлж, өөрсдөөрөө бахархаж чаддаг улс гэсэн үг. Эдгээр зүйлс нь Монголыг судлах сэдлийг минь улам их төрүүлж байгаа. Түүний дараа Монголд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргана аа.

В.ГАНЗОРИГ: Анударь та Airbnb компанийн нэг захиралтай ярилцаж байна. Хост буюу Монголд зочин хүлээн авдаг түншийн хувьд энэ компанид хэлэх санал, шүүмжлэл, магтаал байна уу?

КАМЕРОН: Магтаал хэрэггүй шүү. Төлбөр тооцоо, мөнгө чинь ингэхэд дансанд чинь түргэн шуурхай орж байгаа биз дээ?

Б.АНУДАРЬ: Надад ямар ч асуудал одоохондоо гараагүй байна. Миний зочид Монголыг үнэхээр сонирхож ирсэн, манай соёл уламжлалаас суралцах хүсэлтэй маш найрсаг хүмүүс байдаг. Airbnb бол гайхалтай дэд бүтэц. Би өөрөө ч энэ системээс суралцаж байгаа ба энэ дэд бүтэц жил бүр улам сайжран хөгжсөөр байгаа. Би хоёр дахь жилдээ хэрэглэж түншилж байна. Баярлалаа л гэж хэлмээр байна даа. 

КАМЕРОН: Анударьд тавих нэг асуулт надад байна. Таны хүлээж авсан зочдоос хамгийн өвөрмөц, сонирхолтой түүхтэй нь аль улсаас ирсэн ямар хүн байсан бэ?

Б.АНУДАРЬ: Хоёр долоо хоногийн өмнө би Герман улсаас ирсэн нэг хосыг хүлээн авсан. Тэд найзуудынхаа хуриманд оролцохоор Монголд ирэнгээ Хустай нуруунд байх манай гэрт дөрөв хоносон юм. Хэдий тэд завгүй аялаж байсан ч манайхаас явахынхаа өмнө тэд манай гэрт, Монголд амьдралаа холбон хамтдаа үүрд амьдрахаар сүй тавьсан. Энэ үйл явдлын гэрч болсондоо би маш баяртай байгаа. 

КАМЕРОН: Airbnb-ээр дамжуулан нэг хос гадны улсад амьдралаа холбохоор шийдсэн байна шүү дээ. Ямар гайхалтай туршлага вэ?

В.ГАНЗОРИГ: Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа! Аялал жуулчлалын салбарын ирээдүй болон Монгол ижилсэлээ хэрхэн хадгалж, хайрлан хөгжүүлэх талаар маш сонирхолтой хөөрөлдлөө. 

x