Индэр    
2017 оны 6 сарын 28
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Монголын нийгмийн бас нэг сорилт: Улс төр

Зураг

Системийн онолоор нийгмийг таван бүрэлдэхүүн хэсэгт (баялаг буюу эдийн засаг, мэдлэг буюу шинжлэх ухаан, эрх мэдэл буюу улс төр, ёс заншил буюу ёс суртахуун ба соёл урлаг буюу гоо үзэмж) хуваадаг тухай өмнөх нийтлэлд өгүүлсэн. Эдгээр хэсгүүдийн уялдаа холбоо харилцан зохистой байж чадвал тухайн нийгэм хөгжиж, нийгмийн зохион байгуулалт нь гишүүддээ өгөөжтэй болдог. Мөн баялгийн буюу эдийн засгийн хэсгийг нь задлан шинжилж Монгол улсад ямар гээч саад бэрхшээл тулгарч байгаа, ямар үр дагавартай болох тухай дурдсан.

Тэгвэл энэ удаа эрх мэдэл буюу улс төрийн хэсгийг нь задлан ярилцаж байна. Энэ үед Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль явагдаж, хамгийн их санал авсан Ардчилсан намын нэр дэвшигч санал өгсөн сонгогчдын тавин хувийн дэмжлэгийг авч чадаагүй учир, санал хураалт дахин явуулах болсонтой нийтлэл давхцаж байна. Улс төрийн өнөөгийн байдалд ямар хэмжээний саад учирч байгааг эрэмбээр нь ангилж, ямар түвшинд засаж залруулж болох арга замыг эрэлхийлж болох юм.

НЭГДҮГЭЭР ЭРЭМБИЙН СААД

Улс төрийн буюу эрх мэдлийн нэгдүгээр эрэмбийн бэрхшээлийг эрх мэдлийн хомсдол, эрх мэдлийн тэгш бус хуваарилалт, эрх мэдлийн тодорхой бус байдал гэж ангилдаг ажээ. Эрх мэдлийн хомсдолтой үе гэдэгт 1990 он хүртэл Монголын улс төр, эдийн засгийн хамгийн чухал шийдвэрүүдийг ЗХУ-ын нийслэл Москва хотод гаргаж байсан цагийг оруулж болох юм. Монгол Улсын төрийг дөч гаруй жил тасралтгүй тэргүүлсэн Ю.Цэдэнбал гуайг хойд хөршид аваачин, эмчилсэн нэртэй эх оронд нь буцаахгүй байсаар, тэр нас эцэслэсэн билээ. Энэ нь Монголын иргэдийн эрх мэдэл сул доройн илэрхийлэл.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд төр засгийн эрх мэдэл ард түмний гарт бүрэн шилжинэ, төр засаг нь нийтийн сонирхлыг илэрхийлсэн шийдвэрүүд гаргаж, эдийн засаг зах зээлийн механизмаар ажиллах ардчилсан нийгмийг бий болно гэж ард түмэн итгэж байлаа.

Гэтэл сонгуулиас сонгуульд эрх мэдлийн хуваарилалт тэгш бус болсоор төрийн эрх мэдэл иргэдийн биш, улс төрийн намуудын удирдлагын гарт төвлөрсөөр байна. Эдүгээ сонгуульд ялсан улс төрийн намын дарга улс төрийн хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болов.

Тэр хүн төр засгийн бүх эрх мэдлийг өөрийн намыг санхүүжүүлсэн, сонгуулийн зардлыг төлсөн бизнесийн бүлэглэлд үйлчлэхэд чиглүүлж, төр засгийн бараг бүх албан тушаал, төсвийн санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлэх, төр засгийн худалдан авалтыг арилжааны хэлбэрт шилжүүлээд байна.

Төр засгийн эрх мэдлийг хоёр нам (МАНАН) эвсэн болон ээлжлэн эрх барьсан он жилүүдэд энэ хоёр намыг дагасан, тэднийг санхүүжүүлдэг бүх компаниуд хөнгөлөлттэй зээл авч, хямд өртгөөр бизнесээ явуулах болсноор эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний үзэл санааг үндсэнд нь устгаад байна. Иргэд бүхий л чадлаа бизнес хийж өрсөлдөхийн оронд төрийн албанд орж “бялуу” хуваалтаас хүртэхийг чармайдаг болжээ.

Сүүлийн жилүүдэд сонгуулийн явц харьцангуй ил тод болсноор, санал тоолох үед булхай хийх боломж эрс багасаж, улмаар улс төрийн намуудад ард түмэн хариуцлага тооцох боломж олдож байгаа ч шударга бус үйлдэл улам гаарч байна.

Шударга бус үйлдэл ямар ч шийтгэлгүй өнгөрч, гэмт хэрэгтнүүд олноор өршөөгдөх, ял завших болсноор иргэд төр засаг шударга ёсыг тогтоож чадна гэдэгт улам бүр итгэл алдарч байна. Хууль бус орчин нөхцөл газар авч, шүүх засаглал шударга ёсыг сахин хамгаалж чадна гэдэгт иргэд эргэлзэх боллоо.

Засгийн газар ч гэсэн гадаад, дотоодод бонд гаргаж өр зээл тавихдаа, эргэн төлөлтийг дараагийн засаг нь хариуцахаар тооцдог болжээ. Төр засгийн бүхий л үйл ажиллагааг сонгуулийн дөрвөн жилээс цааш хэтрэн харахаа больжээ.

ХОЁРДУГААР ЭРЭМБИЙН СААД

Эхний эрэмбийн саад бэрхшээлүүдийг улс орон ялан гарч чадахгүй бол хоёр дахь эрэмбийн буюу таслан зогсооход бэрх “авлигал” гэгч дараагийн саадтай тулгардаг. Монголын нийгэмд “авлигал” гэгч саад нь хэлбэр нь ил тод боловч шийдэхэд хэцүү, хамрах хүрээ нь улам өргөжин тэлсээр олон жилийн нүүр үзэж байна.

Авлигын үзүүлэлтээр манай орон дэлхийн 176 орноос 88-р байр эзлэн, 100 онооноос 39 дээр гацаад 4 жил болж байна. Төр засгийн хамгийн чухал албан тушаал дээр намдаа хамгийн их мөнгө тушаасан хүмүүс очдог болж, улмаар өөрийн хамаатан садан, анд нөхөд, нутгийн найз нараараа очсон байгууллагаа дүүргэж байна. Энэ үйлдлийн хамгийн тод жишээ бол нийт яамдууд.

Харамсалтай жишээ нь Гадаад харилцааны яам бөгеөд гадаадад байгаа элчин сайдын яам, консул төлөөлөгчийн газруудад ажиллуулахаар, төр солигдмогц явуулж буй хүмүүс бол монголын авлигын жинхэнэ толь нь юм. Энэ яаманд ажилчин, ажилтнуудын боловсрол, мэргэжил чадвар нь биш, аль даргын “шахаа” нь чухал болсон жишиг тогтоод удаж байна.

Авлигал бол улс төрийн эрх мэдлийн хамгийн том саад бэрхшээл бөгөөд хөгжиж буй орнууд энэ бэрхшээлийг даван туулж чадахгүй байгаа учраас улс оронд нь тогтворгүй байдал бий болж, иргэд нь талцан, авлигачдын хараат хэвлэл мэдээллийн турхиралтаас үүдэлтэй эмх замбараагүй байдал үүсэн, хөгжил нь зогсож, улс орон нь ядуурдаг ажээ.

Авлига нь нийгмийн системийн баялаг, мэдлэг үйлдвэрлэх, хуваарилах бүтцийн доголдол гарснаас бий болдог. Авлигыг хазаарлаж, зогсоож чадахгүй байгаа нь манай нийгмийн зохион байгуулалт өөрөө тийм чадваргүй болсныг харуулж байна. Авлигал нь хүнд сурталтай, эрүүл бус нийгмийн зохион байгуулалтын илрэл юм. Энэ саадыг бий болгосон хүмүүс авлигын үр шимийг сорж амьдардаг учир түүнийг арилгах сонирхол огтхон ч байдаггүй ажээ.

Монголын улс төрийн буюу эрх мэдлийн хүрээнд бий болсон эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд, юуны өмнө төрийн эрх мэдлийг авдаг цорын ганц институц болох улс төрийн намуудыг сахилга баттай болгох, тэдний хөрөнгийг нийт иргэд хянаж чаддаг байлгах шаардлагатай ажээ. Ийм эрх мэдлийг нийт иргэдэд олгох оновчтой механизмыг бүрдүүлэхийн тулд юуны өмнө Сонгуулийн Ерөнхий Хороог татан буулгаж, Сонгогчдын Ерөнхий Хороог байгуулах нь шийдэл юм.

Сонгогчдын Ерөнхий Хорооны тогтмол ажиллагаатай удирдах зөвлөлд улс төрийн намын төлөөллөөс гадна иргэд, олон нийтийн хараат бус төлөөллийг оруулан, улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд улирал тутам хяналт хийж, олон нийтэд цахим хуудсаар мэдээлэх ажлыг хамгийн түрүүнд зохион байгуулах шаардлагатай байна.

Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.