Зураг
Зураг
Индэр    
2017 оны 6 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголчуудын СОНГОЛТОНД юу нөлөөлж, хэзээ шийдвэрээ гаргадаг вэ?

Зураг

Германы парламентийн сонгуулийн дараа сонгогчид саналаа өгөх шийдвэрээ хэзээ гаргасан бэ гэсэн судалгаагаар нийт сонгогчдын гуравны нэг нь санал авах бүхээгт гэж хариулжээ. Тэгвэл Монголчууд сонголтоо хэзээ хийдэг мөн тэрхүү сонголтонд нь юу хамгийн ихээр нөлөөлдөг талаарх 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хийсэн нэгэн сонирхолтой судалгаа байгаа юм. 

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн 2016 оны наймдугаар сарын 16-26-ны өдрүүдэд буюу УИХ-ын ээлжит сонгууль болсны дараа сонгогчдын дунд хийсэн судалгааны нэг асуулт  нь "Аль нам, хэн гэдэг нэр дэвшигчид санал өгөхөө та хэзээ эцэслэн шийдсэн бэ" гэсэн байсан юм. 

Энэхүү асуултад 28 хувь нь зургаадугаар сар гарахаас өмнө буюу сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сонголтоо хийсэн гэжээ. 

Харин 44 хувь нь зургаадугаар сар, сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хийсэн байна.  Тэгвэл 11 хувь нь яг сонгуулийн санал авах өдөр сонголтоо хийсэн гэсэн хариулт өгчээ. 

Үүнээс үзвэл Монголын сонгогчдын олонх буюу 55 хувь нь сонгуулийн сард буюу зургаадугаар сард сонголтоо хийж байна. Харин 28 буюу 30 орчим хувь нь сонгуулийн сар эхлэхээс өмнө сонголтоо хийчихсэн байна. 

График 1, "Аль нам, хэн гэдэг нэр дэвшигчид санал өгөхөө та хэзээ эцэслэн шийдсэн бэ?"

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн энэхүү судалгааг “Сант Марал” сангийн жил бүр хийдэг “Улстөрийн Барометр” ээлжит судалгааны нэг асуулттай харьцуулан харвал бас сонирхолтой. 

2017 оны гуравдугаар сард хийсэн “Сант Марал”-ын судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 56.9 хувь нь аль нэг намыг онцолдог уу гэдэг асуултад “Үгүй” гэж хариулсан байдаг.

Өөрөөр хэлбэл аль нэг намын гишүүн бус, бас аль нэгийг нь онцлон дэмждэггүй гэсэн хэсэг нь судалгаанд оролцогчдын 57 орчим хувь байгаа юм. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн судалгаагаар шийдвэрээ сонгуулийн сард нь гаргасан сонгогчийн хувь 55 байгаа нь манай улсын хөвөгч сонгогчид буюу хэнд ч саналаа өгөх магадлалтай хэсэг 50-60 хувь нь гэдгийг дахин харуулж байна. Үүний бас нэгэн нотолгоо нь Монголын нийт ард түмний 58 хувь нь намын гишүүн бус гэсэн хүн ам зүйн судалгаа байдгийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн тайланд дурджээ. 

Тэгвэл нийгмийн энэхүү олонх хэсэг нэр дэвшигчдийн юуг нь илүү онцлон сонголтоо хийдэг талаар бас нэгэн сонирхолтой асуултад дийлэнх нь буюу 35 хувь нь “Мэдэхгүй эсвэл хариулаагүй” гэжээ. 

График 2, "Сонгуулийн сурталчилгааны үеэр намууд, нэр дэвшигчдийн ярьж байсан зүйлээс чухам ямар мэдэгдэл (амлалт/бодлого) таны санал өгөх шийдвэрт нөлөөлсөн бэ?"

Сонгогчдын 35 хувь нь дээрх асуултанд хариулахыг хүсээгүй байна. Харин үүний дараа шийдвэр гаргалтанд хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь мөрийн хөтөлбөр байгаа юм. 

Харин “УИХ-ын 2016 сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаарх үнэлэмж бүрдэхэд хэн, юу голчлон танд нөлөөлсөн бэ? гэсэн асуултад сонгогчдын дийлэнх нь буюу 31 хувь нь “Улс төрчидтэй хийсэн уулзалт” гэж хариулжээ. 

График 3, УИХ-ын 2016 сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаарх үнэлэмж бүрдэхэд хэн, юу голчлон танд нөлөөлсөн бэ?

Дээрх гурван асуулгаас үзвэл манай сонгогчдын 55-58 хувь нь хэнийг сонгох вэ гэдгээ сонгуулийн сурталчилгааны сард шийдэж байна.

Мөн шийдвэр гаргахдаа:

  • нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр,  
  • нэр дэвшигчийн уулзалт,
  • хэвлэл мэдээллийн мэдээлэл, сурталчилгаа,  гэсэн гурван хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлж байна. 

Гэхдээ хамгийн сонирхолтой нь иргэдийн шийдвэр гаргалтад сонгуулийн мөрийн хөтөлбөр хамгийн их (25 хувь) нөлөөлсөн авч сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тийм итгэл төгс бус байгаа нь ямар зөрчилдөөнтэй сонголт хийж байна вэ гэдгийг харж болно. 

Юу гэхээр "Сонгуулийн сурталчилгааны үеэр намууд, нэр дэвшигчдийн ярьж байсан амлалтууд биелэгдэх эсэхэд та хэр итгэлтэй байна вэ?" гэсэн асуултад сонгогчдийн 38 буюу 40 орчим хувь нь "Ерөнхийдөө итгэлгүй, Огт итгэлгүй" гэдэг хариултыг өгчээ. 

Харин 56 хувь нь "Ерөнхийдөө итгэлтэй", "Бүрэн итгэлтэй" байна гэдэг хариултыг сонгосон байна. 

Үүнийг задалж харвал нэр дэвшигчдийн амлалт биелэгдэхэд "Бүрэн итгэлтэй" байна гэсэн нь ердөө 16 хувь байгаа нь сонгогчид сонголтоо хийхдээ мөрийн хөтөлбөрийг харж сонгодог  гэсэн боловч тэр нь биелэгдэнэ гэдэгтээ итгэл сул байгааг харуулж байна.