Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нөхцөл нь бүрдвэл Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ Трамп мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Блүүмберг мэдээллийн сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл нь бүрдвэл Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

“Хэрвээ тохиромжтой нөхцөл бүрдвэл би түүнтэй хүндэтгэлтэйгээр уулзах болно” гэж Трамп хэлээд “Нөхцөл нь бүрдсэн цагт шүү” хэмээн дахин онцолсон байна.

Гэхдээ тэр яг ямар нөхцөл бүрдвэл уулзах талаар тодорхой хэлээгүй юм. Харин Даваа гарагийн үдээс хойш Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тодотгохдоо Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд уулзалт болно гэжээ.

Спайсер “Ерөнхийлөгчийн хэлсэн үгний гол хэсэг нь ‘зөв нөхцөл бүрдэх үед’… гэхдээ энэ нөхцөл одоогоор бүрдээгүй байна” гэсэн байна.

Ярилцлагын үеэр Трамп мөн Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэг урьсан урилгаа хамгаалж тайлбар хийжээ. “Филиппин бол стратегийн хувьд, батлан хамгаалах бодлогын хувьд маш чухал улс” гэж Трамп ярьсан байна.

Хар тамхины эсрэг дайнд олон мянган филиппин хүний амийг хөнөөсөн Дутертэг Цагаан ордонд урьсан явдлыг Шон Спайсер мөн хамгаалж “Хойд Солонгосыг дипломат бодлого, эдийн засгийн хувьд ганцаардуулахад чухал үүрэгтэй бүс нутгийн орнуудтай хамтарч ажиллахад буруудахгүй” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post