Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Загалмайлсан эцэг” киног бүтээснээс хойш 45 жилийн дараа уран бүтээлчид нь уулзалджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Трибека Кино Наадмын хаалтын өдөр буюу Бямба гарагт домогт “Загалмайлсан эцэг” киноны уран бүтээлчид нэг дор цугларсан ховорхон үйл явдал тохиожээ.

45 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байсан шилдэг бүтээлийн найруулагч Фрэнсис Форд Коппола, жүжигчид Аль Пачино, Роберт Де Ниро, Роберт Дювал, Жэймс Кан, Дайан Кийтон, Талиа Шайр нар Radio City Music Hall танхимд цугларсан байна.

Уулзалтыг Трибека Кино Наадмын санаачлагч Роберто Де Ниро зохион байгуулжээ. Тэр “Загалмайлсан эцэг” киноны нэг ба хоёр дахь хэсэгт дүр бүтээж байсан юм.

Тэр үдэш уран бүтээлчид “Загалмайлсан эцэг” киног бүтээх ажил ямар хүнд нөхцөлд эхэлж байсныг дурсан ярьцгаажээ. Коппола залуухан, танигдаагүй найруулагч байсан бол Пачино театрын нэрд гараагүй жүжигчин байсан бөгөөд Парамонт студи түүнийг тоглуулах дургүй байсан гэнэ. Марио Пюзогийн зохиолыг ч сайн кино болно гэж ихэнх хүмүүс итгэхгүй байжээ.

Найруулагч Коппола ч гэсэн ийм бодолтой байснаа ярихдаа “Анх би энэ номыг уншаад сэтгэлээр унасан. Учир нь зохиол хэтэрхий нуршуу урт байлаа” гэсэн юм.

Тэрээр “зохиолын бараг гуравны нэг нь Люси Манчинигийн анатомийн тухай өгүүлж байв” гэжээ. Коппола бас Аль Пачиног тоглуулахын тулд уйгагүй хөөцөлдөж байснаа дурссан байна. Араас нь хэт улайран хөөцөлдөж байсан Копполад Пачино “Зүгээр дээ. Бид дахиад ажиллах байлгүй. Өөр боломж гарах биз” хэмээн хэлж аргадаж байсан гэдэг. Ингэж байж эхэлсэн киноны зураг авалтын дараа Пачино хувь заяатайгаа хэдийнээ эвлэрч “хамгийн муу кино боллоо” гэж бодож байснаа бас ярьсан байна.

Энэ мэтчилэн олон дурсамж хөвөрсөн үдэш өндөрлөж, “Загалмайлсан эцэг” киноны уран бүтээлчид тайзан дээр тэврэлдэн зогсоод гэрэл зургаа татуулжээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэрт жүжигчин Мэрлон Брэндо, Фредогийн дүрд тоглосон жүжигчин Жон Казале, кино зураглаач Гордон Уиллис нарыг нөхөд нь олон удаа дурсан ярьсан юм.

 

Эх сурвалж: Japan Today