Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ болон барууны орнуудын судлаачид Хойд Солонгосыг хүчээр номхотгоход гарах зардал, цөмийн дайн гарвал үүсэх хор хохирлыг тооцоолж суухад нэгэн судлаач үүнээс бүр хойно үүсэх нөхцөл байдлыг судалжээ.

Тодруулбал Ким Жон Уны дэглэм унаж, тэр гэр бүлийн хамт Хятад (хамгийн өндөр магадлалтай), Орос, эсвэл Өмнөд Америкт цагаачилж амьдарвал үүний үр дүнд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхлэх юм.

Энэ тухай төсөөллийг бүр 2008 оноос эхлэн судлах болсон гэгддэг. Хэрвээ ингэвэл хаалттай, харгис дэглэмд амьдарч байсан 30 сая орчим хүний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэх юм. Австралийн Үндэсний Их сургуулийн эрдэмтэн Леонид Петровын хийсэн тооцооллоор хоёр Солонгосын түүхэн нэгдэл нь $3 их наядын зардалтай болох ба хоёр орны иргэд соёлын хувьд нэгдэж, нэг үндэстэн болоход хамгийн багадаа 10 жил шаардана гэжээ.

Тэр “Хоёр орны ард иргэд хоорондоо тусгаарлагдаж, өөр өөр аялгаар ярьдаг, дэлхий ертөнцийг өөр өөр нүдээр хардаг болсон байгаа” гээд Хойд Солонгосын иргэдийг Өмнөд Солонгосын эрх баригчид ялгаварлан гадуурхаж, нэг хэсэгтээ “хоёрдугаар зэрэглэлийн иргэд” гэж харьцах магадлалтай гэсэн байна.

“Ядуу, түрэмгий, боловсролгүй цус нэгтнүүд нь улс орныг нь түйвээхийг Өмнөд Солонгос хүсэхгүй” гэж Петров үзэж байгаа юм. Харьцуулбал Баруун, Зүүн Германы нэгдэл маш амархан өрнөж дууссан гэдгийг тэр хэлжээ.

Гэхдээ Өмнөд Солонгосын эдийн засаг хямарч, хямд ажиллах хүч хэрэгтэй байгаа тул хоёр Солонгосын нэгдэл алсдаа ашигтай болохыг Петров бас хэлсэн байна.

Гэвч энэ бүх үйл явцад $3 их наядын зардал гарах ба үүнийг хэн төлөх нь тодорхойгүй гэжээ.

 

Эх сурвалж: Independent