Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Ким Жон Уныг “нэлээд ухаалаг залуу” гэж магтав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ням гарагт телевизийн сувгаар ярихдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “нэлээд ухаалаг залуу” гэж магтсан байна.

Ким Жон Уныг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг хэлж мэдэхгүй ч 2011 онд эцгийгээ нас барсны дараа буюу 27 настайгаасаа эхлэн улс орныг удирдах хэцүү ажилтай нүүр тулсан хүн гэж Трамп онцолжээ.

CBS сувгийн “Face The Nation” хөтөлбөрт орсон Дональд Трамп “Маш хэцүү хүмүүстэй, ялангуяа генералуудтай ойлголцох хэрэг гарсан нь ойлгомжтой. Тэр их залуудаа эрх мэдлийг гартаа оруулсан хүн. Тиймээс тэр нэлээд ухаалаг залуу байж таарна” гэсэн юм.

Гэвч Ким Жон Уны үүсгэж байгаа асуудлыг тэвчих аргагүй гэж Трамп хэлжээ. Харин Бямба гарагт Хойд Солонгосын харвасан пуужингийн хариуд ямар арга хэмжээ авахыг асуухад тэр “Энэ бол шатрын нүүдэл шиг. Би өөрийн юу бодож байгааг бусдад мэдэгдмээргүй байна. Ямар ч байсан дахин ийм явдал гаргуулахгүй байх шийдлийг бид олж хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Хэрвээ Хойд Солонгос цөмийн туршилт хийвэл Трамп “таатай хүлээж авахгүй” гээд “надаас гадна Хятадын төрийн тэргүүн мөн баярлахгүй гэдгийг би хэлж чадна” гэжээ.

“Таагүй хандах” гэдгийг зэвсэг хэрэглэнэ гэсэн үг мөн эсэхийг асуухад Трамп “Мэдэхгүй. Зүгээр л юу болохыг харцгаая” гэсэн байна. Харин Хятадыг хэрхэн Хойд Солонгосын эсрэг ашиглаж байгаа тухай асуухад “Шууд хэлэхэд, Хойд Солонгосын асуудал бол худалдааны асуудлаас чухал. Худалдаа чухал л даа. Гэхдээ дайн болж, олон сая хүний амь үрэгдэхээс чухал юм гэж үү?” гэж Трамп хариулжээ.

“Тиймээс хэрвээ Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Хятад бидэнд тусалж чадвал энэ нь АНУ-ын хувьд ашигтай гадаад худалдааны гэрээ байгуулснаас ялгаагүй ач холбогдолтой юм” гэж Дональд Трамп тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Korea Herald