Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Доналд Трамп өөрийгөө АНУ-ын түүхэн дэх хамгийн амжилттай Ерөнхийлөгч хэмээв

Б.Даваахүү
2017 оны 5 сарын 1
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулж, энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсөн билээ.

Тэрбээр конгрессын ордны өмнө библийн судар дээр зүүн гараа тавьж, баруун гараа өргөн “Доналд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай” хэмээж, хүчирхэг гүрний 45 дахь Ерөнхийлөгч болсноос хойших 100 дахь өдөр нь энэ сарын 29-нд тохиолоо.

Д.Трамп 100 дахь өдрөөрөө Пенсильвани мужийн Гаррисбергт илтгэл тавьж, Ерөнхийлөгч болсноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг танилцуулсан байна.

Тэрбээр “АНУ-ыг дахин агуу гүрэн болгох тэмцэл эхэлж байна” хэмээн энэ үеэр дурдсаны зэрэгцээ “Цаашдаа ч АНУ нэгдүгээрт байх болно” гэдгийг онцолжээ. Гэвч, тангараг өргөснөөс хойш улс төрийн аливаа бодлого, амлалтуудынх нь ердөө 20 орчим хувь нь л биеллээ олсон гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлд гарсан байв.

Гэсэн ч, энэ бүгдийг үл харгалзан тэрбээр өөрийгөө АНУ-ын түүхэн дэх хамгийн амжилттай ажилласан Ерөнхийлөгч хэмээн тодорхойллоо. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ялж дэлхий нийтийн гайхшируулснаас хойш олон нийтийн анхааралд байх болсон Д.Трамп юун түрүүнд өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг цуцлах зарлигийг үзэглэсэн байдаг. Гэвч түүний намынхан энэ асуудалд зөвшилцөлд хүрч чадаагүй.

Энэ мэтээр түүний дэвшүүлсэн чухал бодлогууд конгресст хүрмэгцээ улс төрийн том хана мөргөн царцаж байлаа. Түүний хувьд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр ажилдаа орсон эхнийхээ өдрөөс л эрүүл мэндийн шинэчлэлийг цуцална гэж мэдэгдэж байв. Гэвч “Obamacare”-ийн оронд бүгд найрамдахчуудын санал болгосон төслийн эхний оролдлого шууд л нуран унаж, гуравдугаар сарын сүүлчээр буюу Трампын ажлын 64 дэх өдөр Трамп ухрахаас өөр аргагүй болсон.

Дараагийнх нь хана. Түүний сонгуулийн үеэр дэвшүүлсэн гол амлалтын нэг болох АНУ, Мексикийн хилд асар том хана барих бүтээн байгуулалтын ажлын төсөв холбооны төсвөөс хасагдсан. Үүгээр зогсохгүй 100 хоногтоо үр дүнг танилцуулна гэж амласан татварын шинэчлэлийн бодлого нь төсвийн алдагдлыг тэлнэ гэх шүүмжлэлд өртсөн юм.

Мөн Барак Обамагийн засаглалын үед эхлүүлсэн газрын тос, байгалийн хий олборлолтын журмыг цуцлах тухай зарлигийг үзэглэж байв. Ерөнхийдөө түүний үзэглэсэн шийдвэрээс хамгийн анхаарал татсан нь лалын шашинт орны иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглох зарлиг байв. Харин уг зарлигт шүүх хориг тавьсан билээ.

Энэ мэтээр түүний дэвшүүлсэн амлалт, бодлогын ердөө 20 орчим хувь нь л биелчхээд байхад Ерөнхийлөгч Доналд ТрампМиний бүрдүүлсэн кабинет эхний 100 хоногтоо л АНУ-ын түүхэнд байгаагүй том амжилт гаргасан” гэж магтжээ. Дашрамд дурдахад, түүний эхний 100 хоногийг ард иргэд хэрхэн дүгнэж буй талаарх санал асуулгыг “ABC News” телевиз “Washington Post” сонинтой хамтран явуулсан байдаг.

Улмаар судалгаанд оролцогсдын 42 хувь нь түүнийг сайн ажилласан гэж үнэлсэн бол 56 хувь нь амлалтаа биелүүлээгүй гэж үзжээ. Энэ нь 34 дэх Ерөнхийлөгч Дуэйт Эйзенхауэрийн үеэс хойших 65 жилийн дотор хамгийн тааруу чансаа болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Харин ажиллагааг нь дэмжигчид 40 хувьтай байв.