Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Дутертэг Вашингтонд урьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Утсаар нөхөрсөг яриа хийх үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэг Вашингтонд урьсан талаар Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Ерөнхийлөгч нар Филиппинд явуулж байгаа Дутертэгийн хар тамхины эсрэг тэмцэл, мөн хоёр орны холбоотны харилцааны талаар ярилцсан байна. Тэд бас Хойд Солонгосын асуудлаар ярилцсан тухай Цагаан ордон мэдээлжээ.

Хоёул өнгөрсөн жил ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп, Дутертэ нарын яриа “тун найрсаг уур амьсгалтай” болсон гэнэ. АНУ-ын өмнөх засаг захиргааны үед Америк-Филиппиний харилцаа нэлээд муудаад байсан юм. Урт хугацааны турш Америкийн холбоотон байсан Филиппинийг Хятадад алдахад ойрхон байсан гэхэд болно.

Обамагийн засаг захиргаа Филиппиний хүний эрхийн байдлыг байнга шүүмжилж байсан бол Дутертэ өмнө нь Филиппиний колоничлогч байсан АНУ-ыг байнга элдвээр хэлж, Барак Обамаг бүдүүлэг үгээр доромжилж байв.

Тэгвэл Трамп Дутертэтэй утсаар ярихдаа их тааламжтай байж, ирэх арваннэгдүгээр сард Филиппинд болох АНУ-Асеан, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо амлажээ.

Родриго Дутертэ улс орондоо хар тамхины эсрэг цуст дайн явуулж, 2,724 хүнийг хөнөөгөөд байгаа. Хүний эрхийн тэмцэгчид үүнийг шүүхээс гадуур аллага гэж буруутгаж байгаа бол Филиппиний эрх баригчид цагдаа нар өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж тайлбарладаг.

Үүнээс гадна олон мянган хүн тодорхойгүй шалтгаанаар амиа алдаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Филиппиний нэгэн хуульч Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ерөнхийлөгч Дутертэг өгч, 8,000 орчим хүний амийг хөнөөх шийдвэр гаргасан гэж буруутгасан юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Филиппинийг гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэнэ гэж амласан Дутертэ хар тамхины наймаа эрхлэгчид, хэрэглэгчдийн эсрэг ажиллагаа явуулаад бараг жил болох гэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post