Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл бүх нийтийн санал асуулга явуулна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг өнөөдөр (2017.04.30) 14:30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн түүврийн судалгааны аргачлалаар сонгогдсон 735 хүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байгааг онцлов.

Тэрбээр, Ард иргэдэд хэлэлцүүлгийн талаарх нэгдсэн хуралдааныг телевизийн шууд эфирээр хүргэж байгааг дурдан анхдугаар Зөвлөлдөх санал асуулга нээлттэй, ил тод байдлаар үргэлжилж байна хэмээлээ.

Үргэлжлүүлэн хэлэхдээ “Хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн оролцоо идэвх сайтай байгааг цохон тэмдэглэмээр байна.

Түүхэн, бүх ард түмний хэлэлцүүлэгт өөрийн оруулах хувь нэмэр, үүнээс гадна Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцыг зөв зүг рүү нь чиглүүлэх, зөв системтэй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн чин сэтгэл, хариуцлагаар иргэд хандаж байгаад баяртай байна” хэмээн М.Оюунчимэг хэлэв.  

Дараа нь үргэлжлүүлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж энэ хэлэлцүүлгийг хийж байна уу? Эсвэл ард түмний санаа бодлыг тандах гэж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм уу?” зэрэг асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудал байхгүй.

Зөвхөн асуудал дагуулж буй зургаан сэдэв дээр эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ярилцаж байгаа юм.

Оролцогчид өөрсдийн санал бодлоо хэлэлцүүлгийн төгсгөлд бичгээр өгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн юм.

Мөн сонгогдсон зургаан сэдвийн алийг нь төлөөлөгчид түлхүү дэмжиж байгааг тодруулахыг хүсэхэд, энд цугларсан эрдэмтэн, судлаач, оролцогчид бүгд хариуцлага нэхэж байна.

Улстөржихгүйгээр тодорхой албан тушаалтан бүрт хариуцлага тооцдог болох зохицуулалтыг иргэд хүсэж байна гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариулав.

Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, хэрвээ оролцогчид энэ зургаан сэдвээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл дараагийн шатанд бүх нийтийн санал асуулга явуулна гэж тодотгон хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.