Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвээр хэсгийн хэлэлцүүлэг хийлээ

ikon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29) эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна.
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь сэдэв “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, дөрөв сэдэв буюу "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх" талаарх сэдвүүдээр хэсгийн хэлэлцүүлгийг үдээс хойш хийлээ.

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь сэдвийн эхний асуудлын хүрээнд:

- Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог байсныг зургаан жилийн хугацаатайгаар сонгох;

-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох;

 - Нэг удаа улируулан сонгодог байсныг зөвхөн нэг удаа сонгохоор өөрчлөх талаар ярилцлаа.

 

Хоёрдугаар асуудлын хүрээнд:

 - Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, зарлиг гаргах эрхийг хасах талаар ярилцсан юм.

Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын дөрөв дэх сэдэв буюу “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвийн хэлэлцүүлэг эхэлсэн.

Дөрөв дэх сэдвийн эхний асуудлын хүрээнд:

- Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод гэж хуваахаар өөрчлөлт оруулах. Аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдах асуудлын хүрээнд ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Уг сэдвийн хүрээнд:

- Баг, хороо, тосгоны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга шууд томилж болох тухай асуудлыг Үндсэн хуульд тусгах эсэх талаар хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Одоо дээрх хоёр сэдвийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэсгүүдээс гаргасан асуултад экспертүүд хариулт өгөх гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.