Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Их аварга Д.Дагвадорж, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар Монгол тулгатны бөхийн их наадам зохион байгуулна

ikon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх ухаан, соёл урлагийн “Алтан агсарга” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд боллоо. Уг ёслолыг үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс санаачлан хүргэсэн юм.

Чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтдийн судалгаа бүтээлүүдэд “Алтан агсарга” шагналыг олгох бөгөөд энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх ажээ.

Энэхүү ёслолын үеэр Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар монгол үндэсний бөхийн их наадам зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ.

“Алтан агсарга” нийгэмлэгийг Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Лувсанданзанжанцан судлал төв зэрэг байгууллагууд, мөн үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх зорилгоор үүсгэн байгуулжээ.

Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбаруудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл, туурвил гаргасан монгол угсаатан эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүийн үйл ажиллагааг нь дэмжин тэтгэх, урамшуулан алдаршуулах, нийгэм, эдийн засгийн бусад салбарууд дахь  дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлж дэмжих юм байна.

Олон улсын монгол судлалын холбоо нь 1959 онд Улаанбаатар хотноо Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Хангин Гомбожав Оуэн Латтимор нарын нэрт эрдэмтдийн үүсгэл санаачлагаар голомтоо бадрааж өдгөө европ, ази, австрали америк тивийн 27 улсын 100 гаруй их сургуульд салбар төвүүдтэй төдийгүй олон зуун эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээлүүдээрээ дэлхий дахинд монгол улс үндэстнийг таниулан сурталчилж байдаг.

Монгол улсад төвтэй Монгол судлалыг хүчтэй хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн бахархалт үүргээр зогсохгүй өнөөдрийн нийгэм улстөрийн тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдэхэд төр засгийн холбогдох институциуд болон олон улсын ба дотоодын хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь туслах суурь судалгааны орчинг бүрдүүлдгээрээ нийгэмд ач холбогдолтой юм.

 

Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгийн бодлогын зөвлөл нь Ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, гэвш Д.Нямсамбуу, түүхч С.Чулуун, Их аварга Д.Дагвадорж, “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатар нарын ахмад залуу гурван үеийн төлөөлөлүүдээс бүрдэж,”Монгол тулгатны 100 эрхэмүүд”-ээс бүрдсэн их чуулганаар бодлого төлөвлөлтөө хэлэлцүүлэн батлуулах бүтэцтэйгээр ажиллах болжээ.

Үндэсний Соён гэгээрлийн  “Алтан агсарга” нийгэмлэгийн гишүүнчлэл нь тус нийгэмлэгийн  үйл ажиллагааг дэмжин оролцох гадаад дотоодын байгууллага хувь хүн бүрт нээлттэй болохыг нийгэмлэгийн бодлогын зөвлөл онцлон дурджээ.