Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжтой

ikon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN

Удахгүй ЕБС-аа төгсөх гэж буй сурагчдын хувьд хаврын сарууд үнэхээр чухал цаг үе байдаг.

Ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох, ямар сургуульд ороод, төгсөөд хаана ажиллах, гадаад сурах уу, эх орондоо сурах уу, сургалтын төлбөр, тэтгэлэг яах билээ гээд олон олон асуудлууд ар араасаа хөвөрдөг.

Тиймээс удахгүй амьдралынхаа дараагийн алхмыг хийх гэж буй хүүхэд залуучуудынхаа хариулт хайсан эдгээр чухал асуултуудад мэдээлэл өгөх зорилгоор МГТИС-ийн Сургалтын албаны дарга Н.Гантулгатай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

 

- Та эхлээд сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

- За тэгье.Манай сургууль байгуулагдаад 4 жил болж байна. Төрийн өмчийн их сургуулиудийн отгон нь.

Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан, германы сургалтын стандартыг нутагшуулан  монгол улсын дээд боловсролын шинэчлэлд загвар болохыг зорьж буй сургууль. Олон жилийн түүхтэй МУИС, ШУТИС зэрэг ууган их сургуулиудтай харьцуулахад харьцангуй цөөн хүн мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Хэдийгээр  шинэ тутам сургууль ч гэлээ манай багш, профессорууд герман мэдлэгтэй монгол ухаантай дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх том зорилгын төлөө гар сэтгэл нийлэн ажилладаг. Одоогоор бид “Уул уурхайн боловсруулалтын инженер”, “Механик инженер”, “Хүрээлэн буй орчны инженер”, “Үйлдвэрийн эдийн засагч инженер”-ийн бакалавр мөн “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент”-ийн магистрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.   

Бид удахгүй болох элсэлтийн шалгалтандаа бэлтгээд манай сургуулийн хамт олон тун завгүй ажиллаж байна.

 

- Хэдийгээр шинэ тутам сургууль ч гэлээ сүүлийн үед танай сургуулийг эцэг эх, хүүхэд залуус маань нэлээд сонирхож байх шиг байна. Гэхдээ шалгуур өндөртэй гэж сонссон. Шалгалтынхаа талаар мэдээлэл өгөх үү?

- Тэр үнэн. Бид дипломтой инженер биш, дэлхийн жишигт хүрсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэж байгаа учраас оюутан элсүүлэх шалгуур маань өндөр байхаас өөр аргагүй.

Манай сургуулийн диплом Европын холбооны улсуудад шууд хүлээн зөвшөөрөгдөх юм. Ийм болохоор Германд төгссөн инженертэй адил түвшний мэргэжилтнүүд Монгол улсаас төрөн гарна. Өндөр шалгууруудыг давж орсон оюутнуудад тэтгэлэгт хамрагдахаас эхлээд маш олон боломж нээгддэг.

Германы стандартаар боловсруулсан инженерийн сургалтын хөтөлбөрүүдийн бүх хичээл англи хэл дээр явдаг учраас математик болон англи хэлний суурь мэдлэг өндөр хүмүүсийг элсүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс бид математик, физик, химийн хичээлүүдийн агуулгаас бүрдсэн байгалийн ухааны шалгалт мөн англи хэл гэсэн хоёр төрлийн шалгалт авч, шалгалтын босго оноо давсан хүмүүсийг элсүүлдэг.

Бакалаврын ангийн босго оноо даваагүй ч өндөр оноотой хүмүүсийг бэлтгэл ангидаа элсүүлэн нэг жил сургаж үндсэн ангид нь оруулдаг.  Өнгөрсөн жилийн судалгаанаас  харахад манай сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч тэнцсэн сурагчдын ЭЕШ-ын дундаж оноо 680 байсан.

 

- Элсэлтийн шалгалт орон нутгуудад зохион байгуулагдах уу?

- Тэгэлгүй яахав. Ийм хүсэлт ч бидэнд их ирж байна.

Өнгөрсөн жил бид Дархан Эрдэнэт, Сэлэнгэ гэх зэрэг цөөн хэдэн аймгуудаар зохион байгуулж байсан бол энэ жил хүрээгээ тэлж Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв гээд нийт 11 аймагт очиж элсэлтийн шалгалтаа авна.

Ер нь Улаанбаатарын сурагчид мэдээлэлд илүү ойр байдгаас хамааран одоо суралцаж байгаа  оюутнуудын 70 гаруй хувь нь Улаанбаатарын харьялалтай.Тиймээс бид хөдөө, орон нутгийн сайн инженер болох хүсэл мөрөөдөлтэй, хүүхэд залуусыг мөн элсүүлэхийн тулд элсэлтийн шалгалтаас өмнө дээрх 11 аймагт хүрэлцэн очиж сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулж эхлээд байна. 

Цаашдаа бид 21 аймагтаа бүгдэд нь хүрч элсэлтийн шалгалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

- Эдгээр аймгуудыг ямар шалгуураар сонгосон бэ?

- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд болон аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрууд мөн эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан дээрх аймгуудыг сонгосон. Бидний төсөөлсөнөөс илүү олон хүн манай сургуулийг сонирхож, элсэлтийн шалгалтад орохыг хүсэж байгааг хараад бид баяртай байна.

 

- Дээд боловсролын шинэчлэлд загвар болохыг зорьж буй их сургуулийн хувьд багшлах боловсон хүчнүүдээ хэр бүрдүүлсэн бэ?

- Энэ маш чухал асуудал, манай нийт багш нарын 60 орчим хувь нь доктор, магистрийн зэрэгтэй мөн Герман улсаас зочин профессорууд уригдан ирж хичээл ордог.

Түүнчлэн монгол профессорууд маань бүгд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад докторын зэргээ хамгаалж, тэндээ багшилж, судалгааны ажлууд хийж байсан чадварлаг хүмүүс байдаг. Ерөнхийдөө олон улсын чадварлаг мэргэжилтнүүд нэг дор цуглаж дэлхийн түвшинд үнэлэгдэ хмонгол инженерүүдийг бэлтгэж байна гэж ойлгож болно.

- Та түрүү яриан дундаа тэтгэлэг авах боломжийн тухай цухас дурьдаад өнгөрсөн, жаахан тодруулахгүй юу?

- Бид оюутнууддаа сургуулийн болон хамтын ажиллагаатай түнш компаниудын 50, 100 хувийн тэтгэлэг олгодог.

Энэ нь мэдээж тухайн оюутны сурлагын амжилттай шууд холбоотой. Тэтгэлэг семистрээр олгогдоно. Хэрэв оюутан эхний улиралд тэтгэлэг авч чадсан бол дараагийн улиралд тэтгэлэгээ хадгалаж үлдэхийн тулд амжилтаа буруулахгүй байх хэрэгтэй. Тэтгэлэгийг амжилттай сурч буй ямар ч оюутан авах боломжтой.

Харин анх оюутан болж байгаа элсэгчдийн хувьд эхлээд элсэлтийн шалгалтын үр дүнгээс хамаардаг. Шалгалтаар тэнцсэн нийт хүүхдүүдийн эхний 20 хувь нь тэтгэлэг авах боломж байдаг. Энэ хичээлийн жилээс Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/ манай оюутнуудад ХБНГУ-д болон МГТИС-д тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байгаа.

Үндсэндээ нийт оюутны 40 хувь нь тэтгэлэгтэй суралцах бүрэн боломж манай сургуульд бий.

- Танай сургуулийн элсэлтийн шалгалт хэзээ вэ, хэрхэн бүртгүүлэх вэ?

- Mанай сургуулийн элсэлтийн шалгалт 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот болон дээрх 11 аймагт нэг өдөр зэрэг явагдана. 

Манай сургуулийн www.gmit.edu.mn хаягаар ороод элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлэхээс гадна дээрх шалгалт авах аймгуудад 5 сарын 19 өдөр өөрийн биеэр ирэн бүртгүүлэх боломжтой.

За танд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.