Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний талаар Трампын хэлсэн үгийг Бээжин сайшаав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тайванийг үл тоосон утгатай үг хэлсэн нь Бээжингийн эрх баригчдыг баярлуулсан үйл явдал болжээ.

Трамп өнгөрсөн оны сүүлээр Тайваний ерөнхийлөгчийн утасны дуудлагыг хүлээж авсан нь Америк-Хятадын уламжлалт дипломат харилцаанд сэв суулгаж байсан юм. Пүрэв гарагт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Трамп Тайваний ерөнхийлөгчийн хоёр дахь дуудлагыг хүлээн авч Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй үүсгэсэн хувийн найрсаг харилцаагаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

Трамп “Тэр бол гайхалтай удирдагч. Тиймээс би дахин ийм алхам хийхгүй. Эхлээд түүнтэй ярихыг илүүд үзнэ” гэж Ши Жиньпиний тухай ярьсан байна.

Харин Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яамны мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань АНУ-ын удирдагчийн хэлсэн үгийг таатай хүлээн авснаа хэлсэн бол Хятадын хэвлэлүүд “энэ бол Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний нүүрийг алгадсантай адил явдал” гэж бахархан бичицгээжээ.

Энэ сарын эхээр болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын дараа Дональд Трамп, Ши Жиньпин нарын харилцаа эрс сайжирсан юм.

Харин Трампын хэлсэн үгний дараа Тайваний ерөнхийлөгчийн ордон Цагаан ордонтой холбогдох төлөвлөгөөгөө цуцалсан байна.

Баасан гарагт гаргасан Тайваний мэдэгдэлд “Бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой АНУ-ын баримталж байгаа байр суурийг бид ойлгож байгаа ба одоогоор ямар нэг дуудлага хийх төлөвлөгөөгүй байна” гэжээ.

Ажиглагчдын зарим нь Трампын хэлсэн үгийг Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний Вашингтоноос авах дэмжлэгт том цохилт боллоо гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Хятадын туслалцаа хэрэгтэй байгаа энэ үед гарцаагүй үйлдэл” гэж тайлбарласан байна.

Тайванийг Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзэн шаардлагатай бол зэвсгийн хүчээр нэгтгэхээ амладаг. Харин 1979 оноос хойш Нэг Хятад бодлогыг дэмжин, Тайваниас дипломат харилцаагаа салгасан хэдий ч АНУ бол Тайпэйн хамгийн том түнш, зэр зэвсгийн гол нийлүүлэгч нь болдог юм.

 

Эх сурвалж: AFP