Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос баллистик пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хийснээс хойш хэдхэн цагийн дараа Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийлээ.

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05:30 цагийн үед Пёньянаас зүүн хойд зүгт орших бүсээс харвасан пуужингийн туршилт амжилтгүй болсон тухай Өмнөд Солонгосын армийнхан мэдээлжээ. Пуужин Хойд Солонгосын нутгаас гарч чадалгүй, хэдхэн минутын дотор дэлбэрснийг АНУ-ын номхон далайн командлал мөн баталсан байна.

Пуужин нь KN-17 загварын дунд тусгалын баллистик пуужин байсан гэж албаныхан үзэж байгаа гэнэ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Рэкс Тиллерсон анх удаагаа НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд үг хэлэхдээ Пёньяний эсрэг олон улсын хамтарсан хоригийг хэрэгжүүлэх, үүнд Хятад улс тэргүүлэх оролцоотой байхыг уриалсан юм. “Дэлхийд нүүрлээд байгаа хамгийн аюултай асуудалд хойрго хандвал бид хортой үр дагавар үзэх болно” гэж тэр анхааруулсан байна.

Тиллерсон Хятадыг гол нөлөөлөх улс орон гээд хэрвээ дипломат арга хэрэгсэл бүтэхгүй бол АНУ цэрэг, зэвсгээр зохицуулахад бэлэн гэдгээ хэлжээ.

Гэвч Хятадын тал Америкийн байр суурийг эсэргүүцэж, нэг улс орон дангаар зөрчлийг шийдвэрлэж чадахгүй гэсэн байна. Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Хүч хэрэглэх нь сайн үр дүнд хүргэхгүй, зөвхөн гамшиг авчирна” гэж аюулгүйн зөвлөлд хандаж хэлжээ.

Тэрээр Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд зөвхөн Хятадаас их зүйл хүлээх боломжгүй гэлээ. ОХУ мөн Хятадын байр суурийг дэмжиж, сөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн аргаар шийдэхийг уриалсан байна.

Оросын гадаад хэргийн дэд сайд Геннадый Гатилов хүч хэрэглэхийг “хүлээж авах ямар ч боломжгүй” арга хэмжээ гэж зөвлөлд тайлбарлажээ.

Гэвч Тиллерсон байр сууринаасаа ухарсангүй.

Тэрээр дипломат яриа хэлэлцээрт тодорхой хэмжээний хүчний дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.

Тэр “Дипломат болон санхүүгийн хөшүүрэг дээр нэмээд Хойд Солонгосын түрэмгийлэлд шаардлагатай бол зэвсгийн цохилт өгөх боломжоор дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж АНУ-ын бодлогыг тайлбарласан байна.

Тиллерсон аюулгүй байдлын зөвлөлд хандаж хэлэхдээ “Хойд Солонгосын цөмийн довтолгоо Сөүл, Токиод хүрэх нь бодитой болсон. Харин АНУ-ын эх газарт хүрэх зэвсэг бүтээх нь ердөө цаг хугацааны асуудал юм” гэжээ.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Пёньянд 6 удаагийн хориг арга хэмжээ авсны сүүлийн хоёрыг нь өнгөрсөн онд хэрэгжүүлсэн юм.

Гэвч хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилт муу байгаагаас үр дүнд хүрэхгүй байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг.

Дональд Трамп пуужингийн туршилтын дараахан твиттер хуудсандаа "Амжилтгүй болсон хэдий ч өнөөдөр Хойд Солонгос пуужин харвасан нь Хятадын хүсэл сонирхол, тус улсын нэр хүндтэй удирдагчийг үл хүндэтгэсэн явдал боллоо. Маш муу!" гэж бичжээ.

 

Эх сурвалж: AFP