Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

70 гаруй шувууны чихмэлийг сэргээн засварлах ажил хийгдэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Богд хааны oрдон музей болон ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенберг (Schenkenberg)-ийн Байгалийн түүхийн музейн хооронд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн 2 дугаар шатны ажил энэ сарын 20-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

Тус хамтын ажиллгааны хүрээнд Богд хааны ордон музей, Монгол улсын их сургууль, Байгалийн түүхийн музей, Германы Зенкенберг Байгалийн түүхийн музей хамтран Богд Хааны Ордон Музейд хадгалагдаж буй шувууны чихмэлийг сэргээн засварлах, төрөл зүйлийг тодорхойлох, дэглэлтийг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Сэргээн засварлалтын ажлын хүрээнд ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч Х.Маргит болон Г.Диана нартай хамтран Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд музейн 70 гаруй шувууны чихмэл цуглуулгыг сэргээн засварлах дадлага сургалтын ажлыг гүйцэтгэж байна. 

Одоогоор Богд хааны oрдон музейд нийт 70 гаруй шувууны чихмэлүүд  хадгалагддаг ба эдгээр чихмэлүүд Богд хааны чихмэл амьтаны цуглуулгын нэгээхэн хэсэг болно. Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Гамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд амьдардаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болсоор байна. 

Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтдын төрөл зүйл ховордох, улмаар устаж үгүй болох аюул нүүрлэж буй өнөө үед одоогоос 116 жилийн өмнө хийгдсэн Богд хааны амьтдын чихмэл цуглуулга дотор устаж үгүй болсон амьтны чихмэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч эдгээр амьтдын чихмэл цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсч нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай болсон.

Богд хааны эдгээр амьтны чихмэл цуглуулгыг анх 1901 онд Германаас захиалан авчруулж байсан бол эдүгээ 116 жилийн дараа Германы сэргээн засварлагчид ирж  шувууны чихмэлүүдийг сэргээн засаж буй нь онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна. Шувууны чихмэлүүдийг сэргээн засварлах энэхүү төсөл 2 үе шаттайгаар хийгдэж байгаа бөгөөд эхний шатны ажил  өнгөрсөн оны 11 сард амжилттай өндөрлөсөн юм.

 

ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн ажилтан Х.Маргит нь чихмэлчин мэргэжилтэй, тус музейдээ 1984 оноос ажиллаж өнөөг хүртэл ажиллаж буй арвин дадлага туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Берлиний Гунболтын их сургууль төгссөн ба сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол улсад жил бүр тогтмол ирж биологийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа юм. Г.Диана мөн чихмэлчин мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээрээ  Германы Зенкенберг Байгалийн түүхийн музейд 1992 оноос одоог хүртэл сэргээн засварлагчаар ажиллаж байна.

Мөн Монгол улсын их сургуулийн биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар болон түүний шавь нар шувууны төрөл зүйлийн судалгаа, нутагшилыг тодруулахад хамтран ажиллаж байгаа бөгөөд Герман мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан Богд хааны oрдон музейд хадгалагдаж буй шувууны чихмэлүүдээр  каталоги гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.