Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"МХҮХ-ны хэвлэж өгсөн Daisy номууд ЕБС-ийн сургалтын агуулга, стандартад нийцэхгүй байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар өнөөдөр 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо БСШУС-ын сайдын багцаас 100 сая төгрөг батлуулж, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сургалтад зориулж 9 дүгээр ангийн сурах бичгүүд болон 32 Daisy буюу сонсдог номыг хэвлэн 2016 оны тавдугаар сард өгчээ.

Харин 2016-2017 оны хичээлийн жил 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр 9 дүгээр анги байхгүй учраас сурах бичгүүдийг хүлээн авах боломжгүй гэдгийг сургуулийн зүгээс илэрхийлсэн байна.

"Манай сургуулиас ямар ном, сурах бичиг шаардлагатай байгаа талаар судалгаа аваагүй"
 
Гэрэл зургийг Mpa.mn

116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан Э.Давхарбаяр “Манай сургуульд Нийгмийн ухаан, Мэдээллийн технологи, Англи хэл гэсэн гурван төрлийн 9 дүгээр ангийн сурах бичгүүд болон 32 Daisy буюу сонсдог номыг хэвлэж, жилийн өмнө өгсөн.

Гэхдээ энэ жилийн хувьд манайд 9 дүгээр анги байхгүй байгаа. Манай сургуулиас ямар ном, сурах бичиг шаардлагатай байгаа тухай судалгаа аваагүй” хэмээн тайлбарлалаа.

Тус сургуулийн зүгээс МХҮХ-ны хэвлэж өгсөн Daisy номуудыг ЕБС-ийн сургалтын агуулга, стандартад нийцэхгүй, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирохгүй гэж үзэж байгаа аж.

Б.Батболд: Хүүхдүүдийнхээ өмнөөс туйлын их харамсаж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

116 дугаар тусгай сургуулийн хөгжмийн багш Б.Батболд “Хамгийн гол асуудал бол номууд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх ёстой. Улсаас боломж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж байхад хүүхдүүдэд маань хэрэгцээ шаардлагатай ном хэвлэж өгөх ёстой байсан.

Манай сургуультай хамтраад судалгаа хийсний үндсэн дээр энэ ажлыг хийсэн бол бид маш их баяртай байх байлаа.

Мөн нэмж хэлэхэд МХҮХ-ноос гаргасан нэг ном 170,000 орчим төгрөгийн үнэтэй байхад манай сургуулийн багш нар хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хийсэн нэг ном 20,000 төгрөгийн үнэтэй байна.

Манай сургуулийн гаргаж байгаа хэвлэлтийн үнээр тооцвол 2,500 ширхэг ном хэвлэх боломжтой байсан. Үүнээс үндэслэн хүүхдүүдийнхээ өмнөөс туйлын их харамсаж байна” гэв.

С.Марат: Яагаад Монголын Нууц Товчоог Daisy хэлбэрээр хийж өгч болоогүй юм?
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл С.Марат “Сургуулийн онцлог нь нийслэл хот бус, Монгол Улсын бүх аймаг дүүргээс хүүхдүүд ирж суралцдаг. 102 хүүхдэд одоогоор нийт 65 багш, ажилчин ноогддог. Монголын

Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо 100 сая төгрөгийн номыг хэвлэж, сургуульд өгсөн. Үүнд 50 орчим сая төгрөгийн сонсдог ном багтсан.

Гэвч үнийн дүнгийн хувьд маш харамсмаар зүйлүүд харагдаж байна. Жишээ нь, Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” гэдэг сонсдог номыг 4 орчим сая төгрөгөөр бичсэн байгаа юм.

Үүний оронд яагаад хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх байгаль орчин, түүхийн холбогдолтой ном хийж болоогүй юм? Яагаад Монголын Нууц Товчоог Daisy хэлбэрээр хийж өгч болоогүй юм? Үүнд үнэхээр харамсаж байна” хэмээв.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуульд нийт 102 хүүхэд суралцдаг бөгөөд 30 хувь нь бүрэн хараагүй, үлдсэн 70 хувь нь сул хараатай хүүхдүүд байдаг байна. 

116 дугаар тусгай сургуульд өгсөн Daisy номууд