Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Ёс зүй, хүн ёсны харилцаагаар зохицуулагддаг зүйлсийг төр зохицуулах гэж байна”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрхийн асуудлаар ажилладаг хуульчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Зөрчлийн хууль болон хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар мэдээлэл өгөв.

Тэд одоо хэлэлцэгдэж байгаа Зөрчлийн тухай хуульд заасан торгууль, эрх хасах шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн эрүүгийн хариуцлагаас хүнд байгаа нь алдаа гэж үзэж байна.

Тухайлбал: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд санаатай халдах, 17.3 залилах, 18.6 мөнгө угаах, 12.4 хахууль авах, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 23.1 хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг хэрэгт ногдуулах ялын доод хэмжээ 100-450 нэгж байхад зөрчил гаргасан нөхцөлд буюу сэтгүүлч худал мэдээ санаатай, санамсаргүйгээр тараахад 1,000 нэгжээр торгохоор заасан нь тухайн зөрчлийг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзсэнээс өөрцгүй болгож байгааг анхаарууллаа.

Энэ асуудлаар хуульч Ц.Оюунбаатар “Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн байгууллагын реакц, түүнийг эсэргүүцэж байгааг манай хүний эрхийн хуульчид ярилцаад, үүнийг дэмжиж байр сууриа хүргэж байна.

Монгол Улс ардчилсан,хүний эрхийг дээдэлсэн улс. Харамсалтай нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүний эрхээс ухарсан алхмууд хийж байна.

Тэр дундаа чөлөөт хэвлэлд нөлөөлж байгаа энэ үйл ажиллагаа үнэхээр харамсах сэтгэл төрүүлж байна. 173 хуудас зөрчлийн тухай хуулинд олон зүйлийг багтаахыг хичээсэн ч бүгдийг дээрээс нь хуульчлах буюу, бүгдэд арга хэмжээ, хариуцлага тооцохоор болоод байна. Ёс зүй, хүн ёсны харилцаагаар зохицуулагддаг зүйлсийг хуульчилж төр өөртөө татаж байна.

Үүнээс гадна гүтгүүлж хохирсон хүний хохирлыг барагдуулж, нэр төрийг нь сэргээх асуудлыг хаячихсан. Зүгээр л торгоод, торгуулийн мөнгөө төсвийн хөрөнгөд оруулах санаатай. Ийм байдлаар эрүүгийн эрх зүйн зөрчил болон хүний эрхийн зөрчил гаргаад байна” гэсэн юм.

"Ганц танхимтай УИХ цаашид хууль гаргах боломжгүй болжээ"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хуульч Ц.Монгол энэ талаар “УИХ хууль гаргахдаа хэлэлцүүлгийн явцад нэг гишүүний гаргасан саналыг ямар ч тооцоо судалгаагүйгээр, мэргэжлийн байгууллагаар нь дүгнэлт гаргахгүйгээр гар өргөж баталдаг учраас маш аюултай. Саяны жишээн дээр гишүүний гаргасан саналыг баталсан бол жирийн иргэд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж, сэтгүүлчид хохирно.

Яг хийсэн гэдгээрээ сэтгүүлчийг шийтгэдэг учраас сонинд юм уу телевизэд арга хэмжээ авч байсан тохиолдол байхгүй. Тийм учраас жирийн сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө хохирох байдал бий болчихоод байна.

Ганц танхимтай УИХ цаашид хууль гаргах боломжгүй болжээ. Хоёр танхимтай болгож зөв хууль гаргадаг тогтолцоонд шилжье” гэсэн юм.