Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"ШТС-ын талбай дээр хийгээр цэнэглэх станц байрлуулснаар хот тэсрэх бөмбөг дээр байрлана гэсэн үг"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид Шатахуун түгээх станц, автомашины хийн түлшний станцуудад болон барилгын материалуудад хяналт шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын ДБХХ-ийн дарга Н.Гантулга "Нийслэлийн хэмжээнд автомашиныг хийгээр цэнэглэх 9 ААН-ийн 40 станц байна. Эдгээрээс 22 нь шатахуун түгээх газрын талбай дээр хамт байрлаж байна.

ШТС-ын талбай дээр автомашиныг хийгээр цэнэглэх станцыг /АХЦС/ байрлуулснаар Нийслэл хот маань үндсэндээ тэсрэх бөмбөг дээр байрлана гэсэн үг юм. Ийм аюултай нөхцөл байдал бий болж болзошгүй байна. Тийм учраас холбогдох газрууд энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.

Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг 9 аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд Петростар ХХК-ийн 1, Содмонгол групп ХХК-ийн 2, М Ойл групп ХХК-ийн 2, нийт таван ШТС улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Харин Горгаз ХХК, Дашваанжил ХХК-иудын АХЦС-ууд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр АХЦС суурилуулан ажиллаж байна" гэлээ.

Шалгалтад хамрагдсан АХЦС-уудын 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй АХЦС-аар шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ.

Үүнд Горгаз ХХК-ийн 5 АХЦС, Тэс петролиум ХХК-ийн 4 АХЦС, Дашваанжил ХХК-ийн 3 АХЦС, Синчи ойл ХХК-ийн 1 АХЦС нийт 13 АХЦС дээрх зөрчлийг гаргасан байна.

Зөрчилтэй АХЦС-уудын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, барилгын тухай хуульд заасны дагуу цахилгаан хангамжийг хязгаарлаж, холбогдох хуулийн дагуу 5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

ШТС-уудад хийсэн хяналт шалгалт

Нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрлийн хүрээнд шатахуун түгээх үйл ажиллагаа явуулж байгаа 17 ААН-ийн 207 ШТС байдаг байна.

  • Төвийн 6 дүүрэгт 183  
  • Багануур дүүрэгт 10 
  • Налайх дүүрэгт 11
  • Багахангай дүүрэгт 3

Эдгээрээс Петростар ХХК-ийн 1, Содмонгол групп ХХК-ийн 2, М ойл групп ХХК-ийн 2, нийт 5 ШТС улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. Мөн 24 ШТС-ын талбайд 22 АХЦС суурилуулан ашиглаж байгаа зөрчил гарчээ.

Иймд зөрчил илэрсэн ШТС-уудад үйл ажиллагааг зогсоох, цахилгаан хангамжийг хязгаарлах болон торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.

Дизелийн түлшинд хяналт, шалгалт хийхэд шинжилгээнд хамрагдсан дизелийн түлш нь стандартын шаардлагад нийцсэн үзүүлэлттэй гарсан байна.