Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Том төслүүдийн мөнгийг Монголын банкуудаар дамжуулах тогтоол ОУВС-гийн хөтөлбөрт нөлөөлөх үү?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлаар тус сангийн Захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдана.  Хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэнэ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн билээ.  

ОУВС-гаас хөтөлбөрт хамрагдахын тулд манай эрх баригчдад тавьсан шаардлагууд дотор төсвийн тодотголд хэд хэдэн татвар нэмэхээс гадна банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх асуудал тусгагдсан. Тэд шаардлагыг биелүүлж энэ сарын эхээр 2017 оны төсвийн тодотголыг баталсан билээ.  

Төсвийн тодотголыг хэлэлцэж байх  үеэр гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудын мөнгөн урсгалыг Монголд татан оруулах, дотоодын арилжааны банкуудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд санаачилж батлуулсан. Ингэснээр Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хэлж байв. Тэрбээр энэ талаар “Нийт борлуулалтын орлогын таван хувь буюу 100 ам.доллараар юмаа зарчихаад 5 ам.долларыг оруулж ирдэг байж болохгүй. Бид дандаа зээлээр амьдарч болохгүй, байгаа юмаа өөрсдөдөө авч чаддаг байж амьдарна” хэмээн хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлжээ.

Албаны эх сурвалжаас тодруулахад зарим хөрөнгө оруулагчид энэ тогтоолын төсөлтэй холбоотой ОУВС болон Засгийн газарт хүсэлт гаргажээ. Хүсэлтийн гол агуулга нь их хэмжээний мөнгөн урсгалыг Монголын арилжааны банкууд гүйцэтгэх чадваргүй, ачаалал даахгүй. Тиймээс мөнгөн урсгал саатах, хугацаа алдах зэрэг эрсдэлтэй гэсэн байна.

Том төслүүдийн их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо оруулах нь эдийн засагт асар их ашигтай гэдгийг улс төрчид болон эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг. 

Гэхдээ энэ асуудал манай улсын хамрагдах гэж буй хөтөлбөрт шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэсэн мэдээлэл гарч байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ талаар “Энэ тухай тогтоол гарсан боловч Засгийн газрын түвшинд юу хийгдэж байгаа талаар мэдээлэл алга. ОУВС ч гэсэн хөтөлбөрт хамрагдахад саад болж байгаа гэсэн асуудал босгож ирээгүй. Цаашид асуудал хэрхэн өрнөхийг харж байя” гэсэн юм.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад дээрх тогтоолын төсөл шийдвэрлэх нөлөө үзүүлэх эсэх нь бүрхэг байна. Хэрэв хөрөнгө оруулагчдын хүсэлт биеллээ олбол манай улс тогтоолоо цуцлах, эсвэл ОУВС-гийн шаардлагыг биелүүлэхгүй байх гэсэн сонголтын өмнө тулж ирэх юм.