Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

THAAD-ийн эсрэг Хятад цэрэг, зэвсгийн арга хэмжээ авахаа мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост суурилуулж эхэлсэн АНУ-ын THAAD пуужингийн цохилтоос хамгаалах системийн эсрэг Хятад улс цэрэг, зэвсгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Пүрэв гарагт тус улсын батлан хамгаалах яамны төлөөлөгч Ян Южинь хэлэхдээ “Хятад улс Өмнөд Солонгост суурилуулж байгаа THAAD (Terminal High Altitude Area Defence) системийг бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж байна гэж үзэн шийдвэртэй эсэргүүцэж байна” гэжээ.

Үүний эсрэг Хятадын арми үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд бодит зэвсэг хэрэглэсэн цэргийн сургуулилалт, шинэ зэвсэг, техникийн туршилтыг хийхээ мэдэгдсэн байна.

Лхагва гарагт АНУ-ын зэвсэгт хүчин THAAD системийн эд ангиудыг Өмнөд Солонгос дахь суурилуулах байрлалд тээвэрлэн хүргэсэн юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Бээжин THAAD системийг устгах зорилготой бэлтгэл сургуулилалтыг эхлэхээ мэдэгдэж байгаа нь энэ гэнэ. Дайн гарахад хүрвэл Хятадын арми Донфэн ангиллын ойр ба дунд тусгалын пуужинг ашиглан THAAD системийг сөнөөх боломжтой гэгддэг. Үүнээс гадна цахилгаан соронзон долгионы хүчээр THAAD-ийн радарын системийг ажиллагаагүй болгох шинэ зэвсгээ турших магадлалтай болжээ.

Өмнөд Солонгос THAAD-ийг зөвхөн Хойд Солонгосын пуужингийн цохилтоос хамгаалах зорилготой гэж тайлбарладаг. Харин Хятад улс түүний радарын хүчин чадал өөрийнх нь газар нутгийн зүүн хойд хэсгийг хянах чадвартай гэж үздэг юм.

Удахгүй Япон улс мөн THAAD системийг АНУ-аас авах магадлалтай байгаа. Үүний дараа Тайвань улс бас Японы жишгийг дагаж магадгүй гэж Бээжин санаа зовж байгаа юм. Хятадын эх газраас Тайванийг онилсон 2,000 гаруй пуужин бэлэн байдаг гэдэг.

 

Эх сурвалж: South China Morning Post