Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунцэцэг: Хөгжлийн үед геодези, маркшейдерийн мэргэжил маш чухал үүрэгтэй

Р.Саруул
2017 оны 4 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Геодезийн салбарын эрхлэгч Доктор, профессор Д.Оюунцэцэгтэй ярилцлаа. 

- Уул уурхайгаас эдийн засгаа бүрдүүлж буй өнөө үед энэ салбарт ажиллах мэргэжилтнийг бэлтгэх асуудал чухал ажил болсон. Одоогоор манай улс дотоодын мэргэжилтнүүдээр дутмаг. Хэдхэн сургууль уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж байна. ШУТИС эдгээрийн дунд тэргүүлэх байр суурьтай. Тиймээс ярилцлагаа Геодезийн салбарын талаарх мэдээллээр эхлүүлье?

 - Геодезийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУИС-д 1980 оны эхэнд Геодезийн тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр А.Дамдинсүрэн томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тэнхим байгуулагдсан цагаасаа өргөжин тэлсээр геодези, уул уурхайн маркшейдер, сансрын геодези, астрономи, эдэлбэр газрын кадастр, зураглалаар бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байсан.

Манай салбар нь анх таван багш, гурван ажилтантай байгуулагдаж байсан бол 1992-1993 он хичээлийн жилээс геодези, маркшейдерийн тэнхим болон өргөжиж, 11 багш, хоёр туслах ажилтантай болсон. Улмаар 2002-2003 оны хичээлийн жилээс профессорын багийн тогтолцоонд шилжсэнээр геоматикийн ба маркшейдерийн профессорын багууд болж зохион байгуулагдаж ажилласан. 

Мөн 2006 онд зохион байгуулалтын өөрчлөлт орж, хоёр баг нь нэгдэн геодези, маркшейдерийн профессорын баг байгуулагдан сургалтын үйл ажиллагаа явуулж байгаад мөн оныхоо наймдугаар сараас геодезийн салбар болон өргөжин ажиллаж байна.

Одоо манай салбар геодези болон уул уурхайн маркшейдер мэргэжлээр бакалавр, геодези, геодезийн мэдээлэл зүй, газрын кадастр, уул уурхайн маркшейдер мэргэжлүүдээр магистр, геодези, уул уурхайн маркшейдер мэргэжлүүдээр докторын сургалтыг явуулж байна. 

- Геодези, уул уурхайн маркшейдерийн мэргэжил хэр эрэлттэй вэ?

 -Улс орны хөгжил эрчимтэй урагшилж буй өнөөгийн цаг үед хамгийн чухал ач холбогдолтой мэргэжил бол геодези болон уул уурхайн маркшейдер юм. Манай төгсөгчид аль ч салбарт удирдах болон тэргүүлэх албан тушаалд ажиллаж байгаа. Тэр дундаа уул уурхай, барилга, газрын салбаруудад манай мэргэжлүүдээр төгсөн гарсан инженерүүд 90 хувь мэргэжлийн ажлын байраар хангагдаж буй нь бидний бахархал юм. 

- Танай салбарын төгсөгчид яг аль чиглэлд түлхүү ажиллаж байгаа вэ. Ер нь энэ мэргэжлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Манай мэргэжлүүдээр төгсөж гарсан геодезийн инженерүүд хувьд БХБЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, түүний харъяа хэлтсүүд болон хот төлөвлөлтийн салбар, Оюутолгой, Таван толгой, MCS корпораци, геодези, аж ахуйн нэгж, үйлдвэрлэлд ажиллах бүрэн боломжтой юм.

Мөн орчин үеийн геодезийн багаж, тоног төхөөрөмж, программ хангамжууд дээр ажиллаж төрөл бүрийн масштаб бүхий газрын зураг болон барилга, зам гүүрний, уурхайн болон, эдэлбэр газрын кадастрын зураг гэх мэт төрөл бүрийн зураг хийх чадвартай болно.

Харин уул уурхайн маркшейдерийн мэргэжилтэн нь ашигт малтмалын ордын хайгуулын ажлаас эхлэн уурхайг хаах хүртэлх газрын хэвлий дэх ашигт малтмалын зүй тогтол, нөөцийг судлах юм. Мөн ашиглалт явуулах үеийн хэмжилт зураглал хийх, хяналт тавих зэрэг уулын үйлдвэрлэлийн бүхий л үе шатны ажлыг хийж гүйцэтгэдэг.

Манай мэргэжлийн 90 гаруй хувь нь мэргэжлээрээ ил болон далд уурхайн бүх шатны албан тушаалуудад ажиллаж байгаагийн зэрэгцээ уул уурхайн чиглэлийн мэргэжлийн олон маркшейдер төрийн албанд ажиллаж байгаа.

- Их сургуулийн статусыг тодорхойлох гол үзүүлэлтэд тухайн мэргэжлийн багш судлаачдын судалгааны чиглэл түүний цар хүрээг багтаадаг гэж хэлж болно. Танай мэргэжлийн багш судлаачдын судалгааны чиглэлийг танилцуулаач?

 - Газарзүйн мэдээллийн систем GIS, LIS, зайнаас тандан судлал, GNSS-ийн хэмжилт, боловсруулалт, тоон зураглал, ашигт малтмалын хаягдал, бохирдлын судалгаа, уурхайн маркшейдерийн зураглалын ажил, ордын геометр тогтлын судалгаа, хүдрийн ба ашигт малтмалын чанарын үзүүлэлтийг дундажлах судалгаа, газрын тооллого бүртгэлийн онолыг боловсронгуй болгох, газрын шинэтгэлийн эрх зүйн орчны шинжилгээ гэх мэт чиглэлээр судалгаа шинжилгээний ажил мөн хамтарсан төсөл судалгаа, гэрээт ажлуудыг хийж байна.

2011-2012 онд ХБНГУ-ын Оствестфален-Липпе дээд сургуультай хамтарсан “Зайнаас тандан судалгааны аргаар хаагдсан уурхайн бүртгэл ангилал хийх” олон улсын төсөл амжилттай хэрэгжсэн. Төслийн шугамаар докторант, магистрант нарыг Монгол болон ХБНГУ-д солилцооны журмаар судалгааны ажилд хамруулсан.

Мөн Олон Улсын их дээд сургуулиудын консорциумаас зохион байгуулдаг Олон улсын Залуу судлаач эрдэмтдийн зуны сургалтад жил бүр 2-3 докторант судлаач багш нарыг тогтмол хамруулж байгаа. 

- ШУТИС-аас өөр дээрх мэргэжлүүдээр сургалт явуулж буй сургууль хэр олон бэ?

- Сүүлийн жилүүдэд геодези, уул уурхайн маркшейдерийн мэргэжлүүдээр сургалт явуулдаг хувийн их дээд сургуулиуд нэмэгдэж байгаа. Гэхдээ улсын гэх тодотголтой их сургуулиудаас зөвхөн манай ШУТИС Геодези болон Уул уурхайн маркшейдерийн мэргэжлээр инженер бэлтгэж байгаа.

Ер нь бол геодези, уул уурхайн маркшейдер мэргэжлийн суурь нь манай ШУТИС-д анх тавигдсан. Манай сургалтын хувьд 1956 оноос анхны “Геодези”-ийн хичээл тухайн үеийн МУИС-ийн Байгалийн ухааны факультетын харьяан дахь Газарзүйн салбарт заагдаж байсан түүхтэй.

Тэгэхээр бусад хувийн их дээд сургуулиудаас ялгарах онцлог нь бидэнд арвин их туршлага, улсын их дээд сургуулиудаас цор ганц геодези, уул уурхайн маркшейдерийн мэргэжилтэн бэлтгэж зэргээс гадна, манай төгсөгчид тэдгээрийн ажиллаж буй үйл хэрэг нь бүтэмжтэй төгсөж гараад эргээд сургууль, багш нартайгаа уялдаа холбоотой ажиллаж байгаагаараа бахархах нь бидний хамгийн том ялгарах онцлог юм даа. 

- Сургалтын орчны хамгийн чухал хэсэг нь дадлагажих тоног төхөөрөмж, лабораториуд. Танай салбарын техник, технологи, тоног төхөөрөмжийн бааз суурь хангалттай юу?

- Геодезийн мэргэжил бол багаж тоног төхөөрөмж, сургалтын орчин, материаллаг бааз сайтай байхыг шаарддаг мэргэжил болохоор бид энэ тал дээр ихээхэн анхаарч ажилладаг юм. Манай салбарын хувьд Доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит геодезийн лаборатори, Газарзүйн мэдээллийн системийн ESRI лаборатори, Maptek, Trimble, Агаарын гэрэл зураглал, фотограмметр, зайнаас тандан судалгааны зэрэг анги лабораторид сургалт явагддаг.

Үүнээс гадна бидний гол давуу тал бол манай салбар ШУТИС-ийн Горхийн сургалт-судалгааны полигонд геодезийн хээрийн дадлага хичээлийг жил бүр тогтмол явуулдаг. Геодезийн энэ полигон нь анх 1970 онд геодезийн сургалтын дадлагыг явуулах зорилгоор байгуулагдсан. Нэг дор 100 оюутан хүлээн авах хүчин чадалтай.

Дадлагын хугацаанд оюутнууд том масштабын байр зүйн зураглалын ажлыг хийдэг. Мөн сургалтын ажилд ашиглах багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тухай бүрд нь хийдэг. Мөн Техникийн дадлага олгох Оюутан Солилцох Олон Улсын холбоо (IAESTE)-ын оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Швейцарь, Герман улсаас оюутан хүлээн авч дадлагыг мөн Горхийн сургалт-судалгааны полигон болон өөрийн бааз дээрээ суурилан явуулж байсан.

- Сүүлийн жилүүдэд манай их, дээд сургуулиуд олон улстай хамтран ажиллаж, томоохон төсөл, эрдмийн бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Геодезин салбар энэ тал дээр хэр идэвхтэй ажилладаг вэ?

- 2010 онд ШУТИС-ийн ректор, БНХАУ-ын Шаньдуны ШУТИС-ийн ерөнхийлөгч нар геодези мэргэжлээр бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, 2011-2012 оны хичээлийн жилд бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр анхны 15 оюутан элсэн орсон. Энэ хөтөлбөрийн маань давуу тал нь хоёр сургуулийн хос бакалаврын диплом гардан авах боломж бүрдүүлсэнд байгаа юм.

Мөн ОХУ-ын Сибирийн геосистем ба технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2011 оноос хамтарсан зуны геодезийн сургалтын дадлагыг хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийт 40 гаран оюутан дадлагад хамрагдсан. Түүнчлэн 2012 оны зургаадугаар сард геодези болон уул уурхайн маркшейдер мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр таван жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.

Энэ ажлыг бид үргэлжлүүлэн 2017 онд Геодезийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөө Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авсан. Олон улсад магадлан итгэмжлүүлснээр Геодези мэргэжлээр төгссөн оюутнууд маань олон улсын их дээд сургуульд үргэлжлүүлэн магистрын сургалтад шууд хамрагдах эрхтэй болж байгаа. 

Манай салбарын хувьд БНХАУ-ын Шаньдуны ШУТИС, ОХУ-ын Москвагийн Геодези зураг зүйн сургууль, ОХУ-ын Сибирийн геосистем ба технологийн их сургууль, ХБНГУ-ын Оствестфален-Липпе дээд сургууль зэрэг гадаад дотоодын их дээд сургуулиудтай хамтран ажиллахаас гадна төр болон хувийн хэвшлийн компани, албан байгууллагуудтай хамтран ажилладаг.

Оюутнуудаа дадлагажуулж, төгсөх үед нь ажлын байраар хангахад ихээхэн анхаарч Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, нийслэл, дүүрэн, аймгийн газрын албууд, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Геодези, фотограмметр, зурагзүйн холбоо, Геомастер ХХК, Монмэп ХХК, Инженер Геодези ХХК, Аэрогеодези ХХК, Оюусурвэй ХХК, Багануур ХК, бусад компани, аж ахуй нэгжүүдтэй байнга хамтран ажиллаж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Зураг