Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: Эрүүгийн хуульд орж байгаа өөрчлөлтүүд

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлах анхны хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.

Байнгын хороо болон ажлын хэсгийн гишүүдийн санал дүгнэлтээр тус хуульд нэмэлт хэд хэдэн өөрчлөлт оруулсан.

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан болон тус сургуулийн багш хууль зүйн ухааны доктор Ө.Мөнхсайхан нарын байр суурийг сонссон юм.

Цагдан хорих ажиллагаанд оргон зайлж болзошгүй гэсэн таамгаар хорих хандлага 40 орчим хувийг эзэлж байна

-Өнөөгийн бодит шаардлагатай харьцуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчилсэн төсөл хүний эрхийн үнэт зүйлс, стандартад нийцэж чадаж уу? 

- Д.Б:Шинэ хуулийн төсөлд өөрчлөлт орсон зүйлүүд байна. Гэхдээ учир дутагдалтай зүйл заалтууд ч байгаа.

Хэргийг мөрдөн байцаалтад буцаах гэсэн зохицуулалт хуулийн төсөлд орсон байгаа нь харамсалтай санагдаж байна. 

Дэлхийн жишгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаахыг хязгаарласан байдаг. Энэ нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах хүчин зүйл болдог. 

Нөгөөтэйгээр зөвхөн байцаалтад тулгуурлаж нотлох ажиллагааг хэрэгжүүлж байгаа аргаас татгалзаж байгаа. 

Энэ нь тодорхой хэмжээнд төсөлд тусгагдсаныг дэмжиж байна. Хүний эрхийн хязгаарлалт ихэнхидээ шүүхийн зөвшөөрөл, заалтын үндсэн дээр хангагдах ёстой. 

-Ямар ч хууль баталсан хүний эрхийн асуудлыг бид цаг ямагт нэгдүгээрт ярих ёстой. Үүнтэй холбогдуулж таниас цагдан хорих ажиллагаанд  хүний эрх ямар байдлаар зөрчигдөж байгаа талаар тодруулмаар байна? 

-Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг хууль бол эрүүгийн байцаан  шийтгэх хууль. 2002 оны эрүүгийн байцаан шийтгэх хуулиас эхлээд цагдан хорих, баривчлах, үзлэг нэгжлэг хийх, процессын албадлага хэрэглэх ажиллагаа зэрэг хүний эрхийн суурь зарчмууд алдагдаж ирсэн.Энэ нь хүний эрхийн үндэсний комиссын удаа дараагийн зөвлөмжүүд зэргээс харагдаж байгаа юм. 

Цагдан хорих ажиллагаанд оргон зайлж болзошгүй гэсэн сэжиг таамгаар хорих хандлага 40 орчим хувийг эзэлж байна. 

Үүнийг судлаачид шүүмжилдэг. Барууны орнууд оргон зайлсан, оргон зайлж байгаад баригдсан, нотлох баримтыг устгасан зэрэг тодорхой хэрэг үйлдсэн тохиолдолд маш хязгаарлагдмал хүрээнд цагдан хорьдог. 

Манайд болохоор нийтлэг хэлбэрээр хорих ажиллагаа явагддаг үндэслэл нь тодорхойгүй. Хуулиараа 60 орчим хувийг нь шууд цагдан хорьдог нь хүний эрхийн суурь зарчмыг зөрчиж байгаагийн тод илрэл.

-Цагдан хорих дэлхийн жишиг ямар байдаг юм бэ?

-Д.Б: Нийтлэг жишгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр цагдан хорих ажиллагааг явуулдаг. Цагдан хорих ажиллагааны хугацаа хоёроос дээш удаа сунгагдахгүй байх, дээд хязгаар нь есөн сараас хэтрэхгүй байх зэрэг стандартууд байгаа. 

Нөгөө талаар цагдан хоригдож байгаа этгээдийн эрх зүйн байдлыг харгалзан эрүү шүүлтийн агуулга бүхий хорьж цагдах ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. 

Өнөөдрийг хүртэл дээрх зүйлүүд зөрчигдөж ирсэн.  Байцаан шийтгэх хууль тодорхой түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг үгүйсгэж болохгүй л дээ. 

-Хэрэг шүүхээс хэд дахин буцдаг. Иргэдэд энэ нь зардал чирэгдэл ихээр учруулах нь мэдээж. Үүнийг шинэ хуулиар шийдэж байгаа болов уу?

-Д.Б: Шүүхийн процессын эрх зүйн орчин манайд дутагдалтай байгаагаас болж хэрэг олон дахин буцдаг, анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох зэрэг асуудлууд гарч байгаа юм. 

Гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр гарч байж шүүх шийдвэрээ гаргалаа гэж үздэг ийм гаж тогтолцоо Монголд л байна.

Анхан шатны шийдвэр л эцсийн шийдвэр байх ёстой. 

Шүүх хуралдаанд яллах чиг үүрэг бүхий мөрдөн байцаагчийн бүрдүүлсэн прокурорын яллах дүгнэлт, материалыг хавтаст хэргээр бүрдүүлж шүүх хүлээж авдаг.

Хавтаст хэргээр бүрдүүлж байгаа материалыг уншихыг Япон, скандинавын орнууд хориглосон. 

Хавтаст хэрэг уншихгүйгээр шүүх дээр нарийн нотолгоо, байцаалтаа хийдэг. Гэтэл манай эрүүгийн  хуульд энэ заалт бас л тусч өгсөнгүй. 

Шүүх төвийг сахисан биш яллах талыг барьдаг жишиг рүү орж байна

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ололт ба дутагдлыг та юу гэж харж байна вэ?

-Ө.М: Өмнө нь шүүх дээр хэргийг хэлэлцэж байгаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг хууль одоо үйлчилж байгаа. Энийг таслан зогсоох хуулийн шинэчлэлийг засгийн газраас УИХ-д өргөн барьсанд олзуурхаж байна.

Мөн хүнийг цагдан хориход нарийвчилсан тодорхой үндэслэлээр цагдан хорих заалт орсон. 

Өргөн баригдсан төсөл ажлын хэсэг дээр хэлэлцэгдэж байх үед саяны дэвшилттэй заалтуудаас ухарсан тохиолдол гарсан. 

Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг зөвшөөрсөн зохицуулалт хуулийн төсөлд орсон байна. 

Энэ зохицуулалт нь хүний эрхийн талаасаа ухралт. Яагаад гэхээр шүүх хэргийг хэлэлцээд тухайн шүүгдэгчийн гэм буруу нь үндэслэл бүхий эргэлзээгүйгээр нотлогдсон тохиолдолд гэм буруутай гэж үздэг.

Нотлогдохгүй бол гэм буруугүй гэж үзээд цагаатгах ёстой. Шүүх төвийг сахисан биш яллах талыг барьдаг жишиг рүү очиж байна шүү дээ.

Цагдан хорих хугацаа одоогийн хуульд 24 сар, төсөлд найман сар гэж тусгагдсан байгаа.

Тэгэхээр энэ хугацаа тулаад ирэнгүүт хэрэг шүүх рүү шилжчихдэг.

Шүүх дээр хэрэг хэлэлцэгдэж байгаад буцаад мөрдөн байцаалтад шилждэг.  Ингээд хуулиар тогтоож өгсөн хугацаа бодит байдал дээр хэд дахин сунгагддаг.

Нэмэлт мөрдөн байцаалт, шүүхээс буцаах зохицуулалт нь хүнийг хугацаагүй, урт хугацаагаар хоригдоход хүргэж байна. 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хэрхэн хуульчилж өгч байгаа юм бол? 

-Ө.М: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүнийг нэгжих, үзлэг хийх, нууцаар тагнах зэрэг энэ бүх ажиллагаа хийх зөвшөөрлийг прокурор өгөх зохицуулалт орсон байгаа.

Прокурор мөрдөн шалгах үйл ажиллагаанаас хангалттай хөндий биш. Дээрээ нэгдсэн удирдлагатай болохоор хараат биш.

Тийм учраас хувь хүний халдашгүй чөлөөтэй байдлыг хянах боломж шүүгчтэй харьцуулахад прокурорт байдаггүй.

Олон улсын туршлага болон манай үндсэн хуулийн зарчмаас харахад хүнд нэгжлэг хийх, тагнах ажиллагаа зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр явагдана гэж тусгасан байгаа.

Прокурор мөрдөн шалгах ажиллагааг удирдах юм бол хүний эрхийн асуудлыг улам дордуулсан хэрэг болно.

-Ярилцсанд баярлалаа