Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Туркэд 1,000 хүнийг баривчилж, 9,100 цагдааг ажлаас нь халжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Эрдоганы эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилготой бүх нийтийн санал асуулга болсноос хойш долоо хоног орчмын дараа 1,000 гаруй хүнийг баривчилж, 9,100 орчим цагдааг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Анкарагийн эрх баригчид гаргажээ.

Дээрх ажиллагаанд өртсөн бүх хүмүүс Эрдоганыг төрийн эрхнээс буулгах зорилготой зохион байгуулагдсан гэх 2016 оны долдугаар сарын төрийн эргэлтэд оролцсон гэж сэжиглэгдэж байгаа юм. Турк даяар 3,000 гаруй хүнийг баривчлах шийдвэр гарсны түрүүч нь баривчлагдаад байгаа ажээ.

Лхагва гарагт явагдсан баривчлах ажиллагаанд 8,500 цагдаа оролцсон байна.

Зөвхөн Истанбул хотоос 390 хүнийг баривчилжээ. 10 орчим хоногийн өмнө үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг иргэдийн 51.4 хувь нь дэмжсэнээр ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоганд үлэмж хэмжээний эрх мэдэл олгогдож, үндсэндээ Туркэд нэг хүний засаглал тогтоод байгаа юм.

Ажлаасаа чөлөөлөгдсөн 9,100 гаруй цагдаа нь Эрдоганы дайсан, төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх номлогч Фетхуллах Гюленийг дэмжигчид хэмээн сэжиглэгдэж байна.

1999 оноос хойш АНУ-д цагаачлан амьдарч байгаа Гюленийг шилжүүлж өгөхийг Анкара Вашингтоноос тасралтгүй шаардаж байгаа.

Төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Туркэд нийт 47,000 орчим хүнийг баривчлаад байна. Есөн сар үргэлжилсэн онц байдлыг санал асуулгын дараа дахин гурван сараар сунгасан юм.

Барууны орнууд Туркэд болж байгаа хэрэг явдалд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian