Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Дохионы хэлээр хичээл заа гэсний төлөө хүүхдүүдийн эсрэг турхирч байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/660125847506320/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил болж гарч байгаа талаар би сонссон

 
Гэрэл зургийг mpa.mn

"Ноцтой мэдээ" сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх "Манай ах дүү хамаатан саданд хэлгүй, сонсголгүй хүмүүс байдаг. Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг доромжилж байна. Ийм хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хэвлэлийн хурал зохион байгуулахгүй бол болохгүй байна.

Бүхнийг мөнгө хөрөнгөтэй хүмүүс шийддэг болчихсон юм байна. 29-р сургууль дээр өрнөөд байгаа асуудал энэ хэвлэлийн бага хурлыг хийх шалтгаан болсон юм.

50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил болж гарч байгаа талаар би сонссон.

Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөөд энэ асуудал намдчихгүй. Үүнийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Батбаяр, багш нарыг юу гэж ойлгох вэ?.

Самбарын урд багш зогсоод уран зохиолын хичээл заахад сонсголгүй хүүхэд яаж ойлгох юм бэ" гэв.

"Төр засгаас яаралтай арга хэмжээ аваач гэж хүсмээр байна"

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал н.Амаржргал “Бидний өнөөдөр тавьж байгаа уриалга бол 29-р сургуулийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эцэг эхийн эрхийг хамгаалахад бидэнтэй хамтран ажиллаач гэдэг зүйл юм.

Сонсголгүй хүүхэд бол сэтгэцийн өвчтэй юм биш. Багш нар дохионы хэлээр ганц харилцах нь нийгэмшихэд нь муу нөлөөтэй гэдэг нь буруу зүйл.

Хүүхдүүдэд дохионы хэлнээс гадна харах чадвар дээр нь суурилж мэдлэг эзэмшүүлэх ёстой. Тэгвэл ЕБС-ийн хүүхдүүдтэй адил түвшинд сурах боломжтой.

Энэ ганц 29-р сургуулийн асуудал биш. Төр засаг өөрөө энэ талын бодлого байхгүй. Холбогдох яам тамгын газрууд сурч, хөгжих нөхцлийг бий болгож, төр өөрөө бодлого боловсруулж байж шийдэгдэх ажил. Тиймээс төр засгаас яаралтай арга хэмжээ аваач гэж хүсмээр байна”.

29-р сургуулийн захирлыг томилохдоо сонсголгүй хүний эрхийг давуу байлгахыг хүсч байна

"Монголын сонсголгүй иргэд" ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал "Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль 2005 онд батлагдсан. Энэ хуульд сонсголгүй хүний эх хэл дохионы хэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн. Би 29-р сургуулийг төгссөн. Одоогийн нөхцөл байдал ч мөн тухайн үед байсан. Олон жил тэвчсэн. 50 жилийн түүхт сургуулийг хараад сэтгэл маань урагдаж байна.

Хүүхдүүд дохионы хэлээр хичээл заа гэж хэлснийх нь төлөө өмгөөлөгч хөлсөлж авч, 60 гаруй багш хүүхдүүдийн эсрэг турхирч буй маш муухай үйл явдал болж байна. Батбаяр өмгөөлөгч өөрөө хууль бус үйл ажиллагаа хийж байна.

Сонсголгүй хүмүүсийг мэдэхгүй байж мөнгөний төлөө сонсголгүй хүүхдийн эрх ашгийг хөндөж байна. Хүүхдүүдтэй ярилцахгүйгээр яагаад багш нарын эрх ашгийг хамгаалж байгаа юм бэ? 29-р сургуулийн захирлыг халаад энэ асуудал шийдэгдчих юм биш. Eagle телевизийн сэтгүүлч энэ талаар үнэнийг олон нийтэд дэлгэсэнд баяртай байна. Энэ хүн үнэн зөв нэвтрүүлэг хийсэн байхад яагаад цагдаа шүүхээр шалгаад байгаа юм бэ? 

Ирээдүйд 29-р сургуулийн захирлыг томилохдоо сонсголгүй хүний эрхийг давуу байлгахыг хүсч байна. Сонсголгүй хүний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Бидний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллах хүн томилно гэж найдаж байна. Цаашид бидний эрх ашгийг хязгаарлахаа больцгоо.

Бид сонсохгүй нь хамаагүй, бид бүгдийг мэдэж, бүгдийг харж байдаг. Бид мал биш. Хэрэв Батбаяр бидний эсрэг үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлнэ".

Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар "30 хоногийн хугацаанд сонсголгүй хүн дохионы хэлээр асуудлаа илэрхийлсэн үйл явдлын гэрч боллоо. Боловсролын яамнаас сонсголгүй хүний хөгжих орчин сайжирч байна гэж худлаа судалгаагүй зүйл ярьж байна.

Дохионы хэл бол миний хэл мөн. Би хүмүүстэй дохионы хэлээр харилцаж байна.

Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна. Зүрх сэтгэл минь өвдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд сонсголгүй хүний хэл дохионы хэл мөн гэж заасан.

УИХ-ын дарга дохионы хэлний хуулийг батлах хэрэгтэй" гэлээ.

Хүүхдүүдийн хүслийг сонсооч

Сонсголгүй боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав "Сонсголгүй хүүхдийн хүсэл эрмэлзлэлийг хэн зохицуулах ёстой юм бэ? Хүүхдүүдийг хэн ч турхираагүй. Хүүхдүүд боловсролоо сайн авч чадахгүй байна. Би өөрөө сонсголгүй хүн. Бид нар хүн. Түүнээс сэтгэцийн өвчтэй хүн лав биш. Хавар болохоор сэтгэцийн өөрчлөлт ордог хүмүүс бид биш. Дохионы хэл хангалттай баялаг хэл.

2014-2016 онд хос хэл соёлын арга зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Багш нарт хангалттай мэдээлэл өгсөн.Тэд хүлээж аваагүй. Боловсролын яамнаас багш нарыг шалгах биш хүүхдүүдийг шалгаач. Хүүхдүүдийн хүслийг сонсооч" гэв.

Дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна

Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх​ С.Сэлэнгэ "Бид Боловсролын яам, нийгэм хамгааллын яаманд дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна.

Хүүхдүүд шаардлага хүргэснээсээ хойш 30 хонож байна. Тэдний шаардлагыг хүлээж авах цаг нь болсон.

Боловсролын салбар бол онцгой салбар. Гэтэл аль нэгийн намын юм уу төрийн бодлогоор гарч ирсэн хүн боловсролын салбарыг удирдаж байна. Энэ тусгай сургуулиудын хувьд мэргэжлийн өндөр чадвартай хүн удирдах ёстой. Сонсголгүй хүнийг ялгаврлан гадуурхаж байгаа нь гэмт хэрэг. 29-р сургуулийн багш нар мэргэшсэн байх учиртай. Хүн хөгжиж дэвжих ёстой биз дээ. 

Сонсголгүй хүүхдийн тухай зүйд нийцэхгүй юм ярьж байгаад дургүй хүрч байна. Хүний чанар, ёс зүй хаана байна? Хэл ам гаргаад байгаа дохионы хэл сурдаггүй багш нарыг өөрчилье. Сурган хүмүүжүүлэгч суралцагчдаа сэтгэцийн өвчтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр боловсролын яаманд тусгай сургуулийг хариуцсан хэлтэс байгуулмаар байна. 

Сүүлийн үед яригдаж байгаа энэ асуудал бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал. 29-р сургуульд сэтгэл засал, согог зүйч, нийгмийн ажилтан зэрэг тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй".

29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг уриалж байна


"Ноцтой мэдээ" сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх "Өмгөөлөгч Батбаяр хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан нөхөр 29-р сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна.

Мөн бусдын биед гэмтэл учруулсан гэсэн хэрэгт холбогдож байгаад өршөөлийн хуульд хамрагдсан юм билээ. Ийм хүмүүс өмгөөлөгч хийж яваад хууль хяналтын байгууллагынхан анхаарах цаг нь болсон"

29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг энэхүү хэвлэлийн бага хурлаар уриалж байна" гэлээ.