Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын захын хөгжлийг нэг шат ахиулсан ЦАХИМ ТАЛБАРЫН нээлт боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Валют арилжааны “Банк хоорондын цахим талбар”-ыг нээх ёслол өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа.

Ханшийн хэт савлагаа манай улсын иргэн, ААН-ын анхаарлын төвд байдаг, нөлөөлөл ихтэй, чухал асуудал юм. Монгол Улсын валютын зах зээл улирлын хэлбэлзэл өндөртэй, цөөн тооны арилжааны банктай, зэх зээлийн хэмжээ жижиг тул томоохон валютын арилжаа хийх аж ахуйн нэгжүүдэд хүндрэл тулгардаг байв. Үүний нэг шалтгаан нь нэгдсэн дэд бүтэц дутмаг байсантай холбоотой.

Монголбанкнаас бий болгосон валют арилжааны “Банк хоорондын цахим талбар” бий болсноор энэ асуудлууд шийдэгдэх эхлэл тавигдаж байгаа юм.

"Банк хоорондын валют арилжааны цахим талбар" гэж юу вэ?

Банк хоорондын гадаад валютын арилжааг Блүүмберг терминалаар дамжуулан хийх цомхон хэмжээний биржийн систем юм. Цахим талбарт арилжааны банкууд шууд оролцох эрхтэй бөгөөд харилцагч та арилжааны банкуудаар дамжин оролцох боломжтой.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Олон жилийн турш энэ дэд бүтцийн асуудлыг яаж боловсронгуй болгох вэ гэдгийг зах зээлд оролцогчид болон Төв банк ярилцаж ирсэн. Өнгөрсөн 2016 онд УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнөөдөр энэ ажлын эхлэл тавигдаж, Монгол Улс банк хоорондын валютын арилжааны цахим талбартай болж байгааг албан ёсоор зарлахад таатай байна.

Энэхүү цахим арилжааны талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд оролцох боломжтой. Арилжааны банкуудаар дамжуулж ААН, иргэд мөн оролцох боломжтой.

Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын төлбөр тооцоо, спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал бүрэлдэх, Монголбанк шаардлагатай үед зах зээлд оролцох интервенцийнхээ бодлогыг тодорхойлох боломж бүрдэнэ. Цаашид валют арилжааны нэгдсэн талбарыг бий болгох үндэс суурийг тавих боломжтой” гэсэн юм.

"Банк хоорондын валют арилжааны цахим талбар"-ын ШИЙДЭХ ГОЛ АСУУДАЛ ЮУ ВЭ?

Уг талбар ашиглалтад орохоос өмнө иргэд, ААН-үүд ихэвчлэн банкуудын самбарын ханшаас мэдээлэл авч, их хэмжээний валют худалдах, худалдан авах арилжаа өөр дүнгээр хийгддэг байсан тул томоохон бөөн дүнтэй арилжаа ямар ханшаар хийгдэх нь тодорхой бус байсан юм. Харин уг талбар ашиглалтад орсноор 100 мянган ам.доллараас өндөр дүнтэй валютын арилжаа ямар ханшаар хийгдэж буй нь тухай бүртээ уг талбарт харагдах тул зах дээрх валютын ханш бодитой тогтож, зах зээл илүү үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

"Цахим талбарын арилжаа идэвхжихээр энэ нь валютын захын хөтлөгч ханш болно"
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Иргэд “Найман шарга” захаас ханшаа ихэвчлэн хардаг. Цахим талбар бий болсноор ямар өөрчлөлт гарах вэ?

-Цахим талбарын арилжаа идэвхжихээр энэ нь валютын захын хөтлөгч ханш болно. Ингэснээр энэ ханш яваандаа хамгийн хөрвөх чадвартай, хамгийн сайн ханш хэд байна гэдгийг илтгэх боломжийг бий болгох юм.

-Ченжүүд тоглолт хийх боломжгүй болно гэсэн үг үү?

-Тийм. Захын нэгдмэл байдлыг хадгалснаар зах дээрх оролцогчид олон болно гэж ойлгох хэрэгтэй. Ингэвэл хэн нэгэн томоохон тоглогч зах зээлийг савлуулах, зах зээлд нөлөөлөх боломж нь буурах юм.

-Иргэд, ААН, ББСБ-ууд арилжаанд хэрхэн оролцох вэ?

-Банкаар дамжуулан оролцох боломжтой. Бид арилжааны ханш тухайн цаг мөчид хэд байна, эрэлт нийлүүлэлт ямар байна гэдгийг зарлах учраас иргэд, ААН, ББСБ-ууд тухайн ханшаар арилжаанд оролцох боломжтой болох юм.

-"Найман шарга" дээр ажилладаг ченжүүд энэ талбарт орж байгаа юу?

-Банкаар дамжуулан оролцох боломжтой. 

-"Найман шарга" зах байгаа тохиолдолд өөр үнэ яваад л байна гэсэн үг биш үү?

-Захын эргэлт томорч, эрэлт нийлүүлэлт нэг газар уулзахаар бусад ханшууд цахим талбар дээрх ханшаа дагаж тогтох учиртай. 

-Ханшийн мэдээллийг хаанаас авах вэ?

-Бид Монголбанкны вэбсайт болон банкуудын цахим хаягаар, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байхаар төлөвлөсөн.

-100 мянган ам.доллараас доош хэмжээтэй арилжаанд оролцох гэж байгаа иргэд яах вэ?

-Банк хоорондын нэг арилжааны доод хэмжээ нь 100 мянган ам.доллар байгаа. Гэхдээ 100 мянган ам.доллараас доош хэмжээтэй валют авах, зарах сонирхолтой иргэдийн хүсэлтийг банкууд багцалж арилжаа хийх боломжтой учраас зөвхөн том хэмжээний арилжаа хийх боломжтой гэж ойлгож болохгүй.

-Цахим талбарын арилжаанд бүх банкууд оролцож байгаа юу?

-Манай арилжааны 14 банкнаас 11 нь оролцож байгаа. Яваандаа арилжааны банкууд нэмэгдэж оролцох бололцоо нь бүрэн нээлттэй. 

-Цахим талбар идэвхтэй ажиллахад ямар хугацаа шаардлагатай вэ?

-Бид дөрөвдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл туршилтын арилжааг эхлүүлсэн. Арилжааны идэвхжил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин нэмэгдэж 28 сая ам.долларт хүрсэн. Иргэд, ААН-үүд банкаараа дамжуулаад арилжаанд оролцвол идэвхжил нь улам нэмэгдэнэ. 

Цахим талбарт арилжаанд оролцогчдын ёс зүйн асуудал их чухал. Тиймээс Монголын банкуудын холбоо, арилжааны банкууд болон бусад оролцогч талууд нээлтийн үеэр ёс зүйн дүрмээ баталж гарын үсэг зурлаа. 

ФОТО ЗУРГУУД: 
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn