Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс анхны дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө өнөөдөр хүлээж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын анхны дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг далайд гаргах ёслол өнөөдөр өглөө болсон байна. Хятадын хоёр дахь тээвэрлэгч хөлгийг Ляонинь мужийн Далянь боомтоос далайн усанд тавьжээ.

Шинэ хөлөг 315 метр урт, 75 метр өргөн хэмжээтэй, 70,000 тонн жинтэй.

1998 онд Украинаас дутуу үйлдвэрлэгдсэн Зөвлөлтийн Варяг хөлгийг худалдан авч, засаж сэлбээд “Ляонинь” нэрээр ашиглаж байгаа нь өнөөдрийг хүртэл Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цорын ганц тээвэрлэгч байсан юм.

Шинэ тээвэрлэгчийг үйлдвэрлэх ажил 5 жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Хэдийгээр Хятад улс хоёр тээвэрлэгчтэй болсон ч гол өрсөлдөгч АНУ-аас тэнгисийн цэргийн хүчин чадлын хувьд хол хоцорсон хэвээр байгаа юм.

 

Одоогоор нэр өгөөгүй байгаа, “Type oo1A” түр нэртэй шинэ хөлөг нь АНУ-ын 100,000 тонн жинтэй, цөмийн хөдөлгүүртэй тээвэрлэгчээс бараг хоёр дахин бага хэмжээтэй.

Тэгвэл 2021 онд үйлдвэрлэж гаргах Хятадын гурав дахь тээвэрлэгч нь цөмийн хөдөлгүүргүй байхаар төлөвлөгдөөд байна. АНУ-ын армид 10 нисэх онгоц тээвэрлэгч байдгийн дөрөв нь Ази, Номхон Далайн бүсэд байрладаг ажээ.

Нисэх онгоц тээвэрлэгч нь агаарын довтолгоог дэлхийн хаана ч явуулах боломж олгодог чухал зэвсэглэл юм. Дэлхийн цөөн хэдэн улсад ийм хөлөг байдгийн ихэнх нь АНУ-д ноогдож байна.

 

Эх сурвалж: South China Morning Post