Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

29 дүгээр тусгай сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 29 дүгээр тусгай сургуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

29 дүгээр тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

НЗД-ын орлогч Ш.Анхмаа “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БСШУСЯ-наас албан ёсоор Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авлаа.

БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29-р сургуулийн захирлыг үүрэг ажлаас нь чөлөөлж, тус сургуулийн захирлыг хавсран  гүйцэтгэгчийг томилох шийдвэр гарсан.

Нийслэлийн хэмжээнд нийт тусгай зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг.

29-р сургуульд гарсан зөрчил бусад тусгай сургууль дээр ч мөн ийм асуудал байхыг үгүйсгэхгүй учраас Нийслэлийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, тусгай зургаан сургуульд хяналт шалгалт явуулан зохих арга хэмжээнүүдийг авах болно.

Өнөөдрийн байдлаар 29 дүгээр тусгай сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явж байна” хэмээн тайлбарлалаа.

"Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн ажлаас нь чөлөөлж байгаа"

НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга​ А.Даваажаргал “29 дүгээр тусгай сургуулийн асуудлуудыг ялгаж салгах ёстой. Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн ажлаас нь чөлөөлж байгаа.

Бидний нотолсон зүйл хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтооно. 

Бидэнд байгаа мэдээллээр эрүүгийн шинжтэй асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа.

Мэргэжил, ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул өнөөдрөөс эхлэн 29 дүгээр тусгай сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэж ойлгож болно” гэлээ. 

"Тусгай сургуульд тусгай хяналт тавих хуулийн заалт одоогоор байхгүй"

Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл “Нийслэлийн Боловсроын Газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шинжилгээний ажлыг явуулдаг.

Энэ дагуу явуулсан шалгалтаар асуудал үүсэхээс өмнө нь зөрчил илэрсэн.

Камержуулах асуудлын хувьд нийслэлийн цэцэрлэгүүд 90 гаруй хувьтай, сургуулиуд мөн дотоод нөөц бололцоонд тулгуурлан камержуулах үйл ажиллагаа явагдаж байгаа.

Ямар нэг зөрчил үүссэн тохиолдолд бичлэгийг хууль тогтоох байгууллагаас баримт болгон авч, шалгадаг. Тусгай сургуульд тусгай хяналт тавина гэдэг хуулийн заалт одоогоор байхгүй” гэв.