Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн гэмт этгээдүүд Парагвайд “зууны дээрэм” үйлдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Бразилийн 50 орчим зэвсэгт этгээд Парагвайн Сиудад дел Эсте хотын хамгаалалтын компани болон цагдаагийн газарт халдаж их хэмжээний бэлэн мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ.

Хоёр цаг орчим үргэлжилсэн халдлагад дээрэмчид байлдааны хүнд зэвсэг техник ашигласан нь асар их хохирол учруулсан байна. Хамгаалалтын компанийн байранд бөмбөг дэлбэлэн нэвтэрч бэлэн мөнгөтэй шүүгээг олзлохдоо нэг цагдаагийн ажилтны амийг хөнөөжээ. Тухайн үед мөнгө хадгалах хэсэгт $40 сая орчим бэлэн мөнгө хуримтлагдаад байсан гэнэ.

Дайны хэмжээнд үйлдэгдсэн хэргийг Парагвайн албаныхан “зууны дээрэм” гэж нэрлэж байна.

Дээрэмчид мөнгийг аваад хуяглагдсан автомашинаар хил давж Бразилийн нутагт нэвтэрсэн гэнэ. Парагвай-Бразлийн цагдаа нар хамтран ажилласны хүчинд дээрэмчдийн гурвыг нь хөнөөж, дөрвөн хүн баривчилж чаджээ.

Баг зүүж, автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд хоорондоо Португаль хэлээр ярилцаж байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Тэднийг Бразилийн алдарт гэмт хэргийн бүлэглэл “First Capital Command”-ийн гишүүд гэж сэжиглэж байгаа юм. Энэ бүлэглэл Сан Паоло хотод төвтэй, Бразилийн нутаг дэвсгэр, шоронгуудад өргөн сүлжээтэй гэгддэг.

Сиудад дел Эсте хот бол Бразил, Аргентиний хилд байрладаг, бүс нутгийнхаа худалдааны гол төв ажээ. Дээрэмчид зугтахдаа хэд хэдэн автомашин орхисны нэг нь хуяглагдсан, агаарын довтолгоог эсэргүүцэх зэвсэг суурилагдсан машин байсан гэнэ.

Цочролд орсон цагдаагийн албаныхан “Энэ бол Парагвайд хэзээ ч тохиолдож байгаагүй хэрэг” гэж мэдэгджээ. Их хэмжээний мөнгө хуримтлагдсан байгааг дээрэмчдэд дотроос мэдээлсэн байх гэсэн сэжиг яригдаж байна.

Бразилийн ерөнхийлөгч Мишель Темер хэргийн талаар мэдээлэл авч, Парагвайн талыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Japan Times