Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бид ДОЛООН жилийн хугацаанд 100 мянган “иргэн”-ээ хэвлийд нь хөнджээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үр хөндөлтийн тоо хэтэрхий өндөр болсныг хэдхэн тоогоор танд харуулъя.

Үндэсний Статистикийн Хорооны олон нийтэд дэлгэсэн мэдээллээр 2009 оны нэгдүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл амьд төрсөн хүүхдийн тоог, үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн тоотой харьцууллаа.

Долоон жилийн хугацаанд  Монгол Улсад 522,375 хүүхэд мэндэлсэн бол 113,012 хүүхэд хэвлийдээ амиа алджээ. Хар ухаанаар бодоход эхийн хэвлийд олдсон таван хүүхэд тутмын нэг нь үр хөндөлтөөр хорвоод мэндэлж чадаагүй гэсэн үг.  

2009 оны жилийн эцэст 12,602 эх үр хөндүүлсэн бол 2015 оны жилийн эцэст 18,168 эх үр хөндүүлсэн нь 44 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ тоо 2016 оны хувьд 18,316 болж нэмэгдсэн байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын гаргасан судалгаанаас харахад 2015 онд 1,000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн тоо улсын дунджаар 224.6, Улаанбаатар хотод 315.4 байгаа нь анхаарал татаж байна. Уг нь энэ тоог 2016 онд 160 хүртэл бууруулах төлөвлөгөөг хөтөлбөртөө тусгасан байдаг ажээ. Гэхдээ үзүүлэлт буурч чадсангүй.

ГРАФИК 1: Амьд төрөлт, үр хөндөлтийн тоо /2009-2015/

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо /1212.mn/

Эрүүл мэндийн сайдын батласан “Үр хөндөлтийг зохицуулах” 148 дугаар журам гэж бий. Энэ журамд зааснаар үр хөндөлт хийх эмнэлэг нь мэргэжлийн, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй, 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Ийм эмнэлэгт эмэгтэй өөрөө хүсвэл төлбөртэйгээр, эмч нарын хурлаар буюу зайлшгүй хийх ёстой үр хөндөлтийг үнэ төлбөргүй хийхээр заасан байдаг.

Гэхдээ зөвшөөрөлгүй газар үр хөндүүлж байгаа, эм ууж хүчээр зулбуулах зэрэг аймшигт үйлдлүүд гарч байгааг хэрэв нарийн тогтоож болдогсон бол хэвлийдээ амиа алдагсдын тоо үүнээс өндөр байх байсныг дурдахгүй өнгөрч болохгүй нь.

ГРАФИК 2: Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдал /2009-2015 он/

Эх сурвалж: Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2015 /НЭМГ/

Нийслэлд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг авч үзвэл Ажилчин 49.9 хувь, Оюутан 10.2 хувь, Ажилгүй 35 хувь, Малчин 2 хувь, Бусад 3 хувийг тус тус эзэлж байна.

Үр хөндүүлж буй 10 эмэгтэй тутмын 1 нь оюутан байгааг анхаарууштай. 

Үр хөндөлт яагаад анхаарах ёстой асуудал вэ?

Үр хөндөлтийн асуудал дэлхий дахинд маргаантай сэдэв байдаг. Үр хөндөлтийг хүлээн зөвшөөрдөг, зөвшөөрдөггүйгээрээ зарим улс төрийн намууд үзэл баримтлалаа тодорхойлох нь бий. Манай улсад үр хөндөлтийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ тоо хэтэрхий өндөр байгаа нь өөрөө нийгмийн эрүүл мэндийн асуудал юм.

Үр хөндөх ажилбарыг дагаад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг чухалчлан авч үзэх хэрэгтэй болдог. Учир нь үр хөндөлт хийлгэснээр цаашид олон эрсдлүүд гарах боломжтой. Дараах графикт анхаарлаа хандуулна уу. 

ГРАФИК 3: Үр хөндөлтөөс гарсан эрүүл мэндийн хүндрэл /2009-2015/

Эх сурвалж: Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2015 /НЭМГ/

Нийслэлд үр хөндөлтөөс гарсан хүндрэлийн 12.5 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 12.5 хувийг умай цоорсон, 6.2 хувийг үжил халдвар, 68.8 хувийг умайн дайврын үрэвсэл тус тус эзэлсэн байна. Үүнээс харахад эхчүүд юуг дэнчин тавьж үр хөндүүлдэг болохыг мэдэж болно.

Үр хөндөлтөөс урьдчилсан сэргийлэх сонгодог арга байдаг нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүд юм. Гэхдээ одоогоор жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэг эмэгтэйчүүдийн тоо төрөх насны эмэгтэйчүүдийн тал хүрэхгүй хувьтай тэнцэж байгаа юм.

Бүсгүйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, ухуулга сурталчилгаа хийх, хууль эрх зүйн орчноо сайжруулах гээд энэ асуудалд төрийн шийдвэртэй бодлого үгүйлэгдэнэ. Үүнээс гадна хувь хүний хариуцлагыг энд дурдах хэрэгтэй. Өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүдийг хэвшил болгох нь бүсгүй таныг олон "зовлон"-гоос аварна гэдгийг бүү мартаарай.