Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрөөсөө 25 насаар эгч багштайгаа гэрлэсэн залуу Францын ерөнхийлөгч болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны талыг баримтлагч, центрист үзэл баримтлалтай, 39 настай Эмануэль Макрон өнгөрсөн Ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулаад байна.

Тавдугаар сарын 7-нд болох хоёр дахь шатны сонгуульд ялбал тэр Францын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болох юм. Түүний өрсөлдөгч нь “Францын Трамп” гэгддэг Үндэсний Фронт намын дарга Марин Ле Пэн. Макроны хувьд улс төрийн карьер нь тун амжилттай яваа залуу. Өнгөрсөн наймдугаар сард тэр социалист ерөнхийлөгч Франсуа Олландын намаас гарч, өөрийн центрист үзэлтэй “En Marche” намыг байгуулсан юм.

Тэр цагаас хойш Макрон сонин хэвлэлийн нүүрнээс салахаа больж, нам нь 250,000 гаруй дэмжигчтэй болжээ. Залуу үеийн эрч хүчтэй төлөөлөл гэгдэж байгаа Макрон Ротчилдийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж хэдэн сая еврогийн орлого олсон гэдэг. Үүнийхээ дараа тэр 2012 онд Олландын эдийн засгийн зөвлөхөөр хоёр жил ажилласны дараа эдийн засгийн сайд болсон юм.

Сонгуулийн сурталчилгааны туршид Макрон Европын Холбоонд үнэнчээ илэрхийлж, үндсэрхэг үзэлтнүүдээс Франц орныг аварна гэж амлаж байв. Улс төрийн хувьд төдийгүй, хувийн амьдралдаа ч тэр уламжлалыг эвдэгч. Зүүн хойд Францад амьдардаг урлагт дуртай хүү дунд сургуулийнхаа жүжгийн багш Брижит Троньеод дурлаж байжээ. Макроноос 25 насаар эгч, гурван хүүхдийн ээж, хатагтай Троньео 2007 онд нөхрөөсөө салж, түүнтэй гэрлэж байв.

“17 настайдаа Макрон ‘Ямар ч хариу өгсөн би тантай гэрлэнэ’ гэж хэлж байсан” хэмээн Троньео өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Paris Match сэтгүүлд ярьж байжээ.

Тэдний хайр дурлалд сэжиглэнгүй ханддаг хэвлэлүүд Макроныг ижил хүйстэн гэж үе үе бичдэг ч тэр үгүйсгэдэг юм.

Эмануэль Макрон эхний шатанд ялсан тухай мэдээ Европын Холбооны удирдагч нарыг баярлуулж, зах зээлд эерэг өөрчлөлтүүдийг авчраад байна.

Түүнийг сонгуулийн хоёр дахь шатанд тэргүүллээ хадгалах боломжтой гэж ихэнх ажиглагчид үзэж байгаа юм. Макроны ард тун ойрхон саналаар удаалсан Марин Ле Пэнийг Европын Холбоог нураах дайсан гэж үзэж байна.

 

Эх сурвалж: AFP