Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч бэлэн болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Хятадын анхны тээвэрлэгчийг сэлбэн тоноглож байгаа нь

Ням гарагт Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн флот үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой болсон юм.

Үүнтэй зэрэгцэн тус улсын анх удаагаа үйлдвэрлэж байгаа нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг бэлэн болж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Хөлгийг цэвэрлэж, “Type 001A” гэх түр оноосон нэрийг арилгасан байгаа нь нээх ажиллагаа ойрхон болсныг харуулж байна гэж ThePaper.cn сайт мэдээлсэн байна. Түүнийг Шанхайн хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэж байгаа.

Сонирхогчдын авсан гэрэл зурагт тэнгисийн цэргүүд нээлтийн бэлтгэл хийж байгаа нь харагдаж байгаа юм. 70,000 тонн жинтэй, 315 метр урт, 75 метр өргөн тээвэрлэгч хөлөг нь Хятадын одоогийн цорын ганц тээвэрлэгч болох “Ляонинь”-аас бага зэрэг том юм.

“Ляонинь” хөлгийг Хятадын засгийн газар 1998 онд Украины хөлөг онгоцны үйлдвэрээс дуусаагүй байхад нь худалдан авч, сэлбэж босгосон ажээ. 2011 онд “Ляонинь” хөлгийг ажиллагаанд оруулсан бол үүнээс 5 орчим жилийн дараа Хятад улс өөрийн бүтээсэн анхны хөлөгтэй болж байна.

Хэдийгээр гадаад хэлбэр нь ойролцоо боловч шинэ техникээр тоноглогдсон, илүү олон тооны J-15 байлдааны нисэх онгоц байрлуулах чадалтай, нэмэлт бусад онгоц, нисдэг тэргүүдийг байрлуулах боломжтой юм. Гэсэн хэдий ч Хятадын тэнгисийн хүч түүний гол өрсөлдөгч АНУ-тай харьцуулахад хол хоцрогдсон байна.

Хятад улс одоо л хоёр нисэх онгоц тээвэрлэгчтэй болох гэж байгаа бол АНУ хамгийн орчин үеийн 10 тээвэрлэгчтэй. Эдгээрийн 4 нь Ази, Номхон Далайн бүсэд байрладаг юм. Америкийн тэнгисийн хүчний тээвэрлэх даац 9.5 сая тонн бол Хятадынх үүний 4 хувь буюу 400,000 тонн.

Тээвэрлэдэг нисэх онгоцнууд нь АНУ-ынх олон төрлийнх, хамгийн сүүлийн үеийн F-35 сөнөөгч онгоцнууд хүртэл бий. Тэгвэл Хятадынх ганцхан J-15 онгоцтой.

Мөн АНУ 200,000 тэнгисийн цэрэгтэй бол Хятадын арми 100,000-д хүргэх тухай одоо л ярьж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post