Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп 10 жилийн өмнө нас барсан Павароттиг “миний сайн найз” гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Италийн ерөнхий сайд Паоло Жентилони Цагаан ордонд айлчилж, Дональд Трамптай уулзсан юм. Ирэх сард Италид Их Долоогийн уулзалт болох бөгөөд энэ үйл явдал тэдний ярианы гол сэдэв болжээ.

Уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийх үеэр Трамп Итали орныг “урлаг соёл, шинжлэх ухааны зүг чиг заагч” хэмээн магтаж, Жюзепе Верди, Паваротти зэрэг алдартнуудыг төрүүлсэн өлгий гэж хэлсэн юм. Харин дараа нь тэр алдартай дуурийн дуучин агсан Лучиано Павароттиг “миний найз, миний агуу мундаг найз” гэж хэлжээ.

Харамсалтай нь Павароттиг 10 жилийн өмнө нас барсныг Трамп мэдээгүй бололтой. Тэд үнэхээр “сайн найзууд” байсан эсэх, тэр ч байтугай нэрт дуучныг амьд сэрүүн үед хоорондоо уулзаж байсан нь ч эргэлзээтэй гэнэ.

Тодруулбал 2002 онд Трамп Атлантик ситид өөрийн казинод зохион байгуулсан концертод Павароттиг хөлсөлж дуулуулсан ч дараа нь “сайн дуулаагүй” гэх шалтгаанаар мөнгөө буцааж авахаар хэл ам хийж байсан гэдэг.

Мөн өнгөрсөн онд Трампыг Павароттигийн дууг сонгуулийн сунгаандаа ашиглаж байгааг эсэргүүцсэн мэдэгдлийг нэрт дуучны бэлбэсэн эхнэр гаргаж байжээ. Трампын эргэлзээтэй мэдэгдлийн дараа сошиал сүлжээний хэрэглэгчдийн дунд Трампыг элэглэсэн мэдээллүүд ихээр гарч эхэлсэн байна.

Мөн телевизийн шоуны нэрт хөтлөгч Жимми Киммел “Павароттигийн сүнс”-тэй уулзаж, үнэхээр Трамп түүний сайн найз байсан эсэхийг асуусан хошин зохиомж бүтээж үзүүлжээ.

Эх сурвалж: Independent