Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

12-р ангийн сурагч "Туркийн Элчин сайд болов"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн хавар 4 сарын 23-нд Туркийн үндэсний бүрэн эрх, хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх 1920 оны дөрөвдүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний их хурал байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан байдаг. Хожим хойно Туркийн Үндэсний Радио телевиз тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлжээ.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг "Миний мөрөөдлийн дэлхий" сэдвийн дор Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5, 61, 111, 122-р дунд сургууль, Американ сургууль, Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буй юм.

Тиймээс Турк улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмед өнөөдөр эдгээр сургуулиудын сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр ирсэн хүүхдүүдтэй цуг ЭСЯ-ны хашаанд Турк-Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож мод суулгалаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Дараа нь уламжлал ёсоор Элчин сайд М.Ахмет ирсэн хүүхдүүд дундаас 61-р сургуулийн 12-р ангийн сурагч П.Халиунаа охиныг Элчин сайд болгон түр хугацаанд эрх мэдлээ шилжүүлсэн юм. Шинэ Элчин сайд суудалдаа суун анхны үүрэг даалгавраа өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

П.Халиунаа "Одоо үед Монголын нийгэмд хүүхдүүд маш их сурах хүсэл сонирхолтой байдаг. Энэ хүсэл сонирхлын дагуу хүүхдүүдийг илүү оюунлаг болгох, мөн олон өөр үндэстэн хүүхдүүдийг нэгтгэж зөвхөн Монголоо хөгжүүлэх зорилгоор бус бүгд хамтдаа хөгжих хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийг ч өөрчилж чадах боловсон хүчинг бэлтгэж чадна" гэв.

Үүний дараагаар сурагчид "Миний мөрөөдлийн дэлхий" урлагийн тоглолтоо Монголын Хүүхдийн ордонд тоглох юм байна.

ФОТО

Мөн сурагчдын дунд "Миний мөрөөдлийн дэлхий" сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдааныг зарласан бөгөөд маргааш хүүхдүүдэд шагнал гардуулсанаар олон улсын хүүхдийн баярын үйл ажиллагаа өндөрлөх аж.