Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ши, Абэ нартай Хойд Солонгосын асуудлаар ярих шийдвэрийг Трамп гэнэт гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай Хойд Солонгосын асуудлаар телефон утсаар ярих гэнэтийн шийдвэр гаргасан тухай Цагаан ордон мэдээлжээ.

Америкийн цагаар Ням гарагийн үдэш буюу манай цагаар Даваа гарагийн өглөө болох энэ яриа ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөнд яаралтай нэмэгдсэн байна.

Хойд Солонгосын Ардын Арми байгуулагдсаны 85 жилийн ой маргааш буюу Мягмар гарагт тохиож байгаа. Энэ үеэр Пьёньяны дэглэм ямар нэг зэвсгийн туршилт явуулж магадгүй байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хойд Солонгосын их сургуульд багшилж байгаад буцах гэж байсан АНУ-ын иргэнийг дэглэмийн эрх баригчид баривчилсан тухай Пьёньян дахь Шведийн элчин сайд мэдээлжээ.

Ингэснээр Хойд Солонгост хоригдож байгаа АНУ-ын иргэдийн тоо 3 болж байгаа юм. Мөн Хойдын арми АНУ-ын тэнгисийн байлдааны хөлгийг живүүлэх чадалтай гэж Хойд Солонгосын төрийн Родон Синмун сонинд бичсэнийг Ройтерс агентлаг саяхан дамжуулсан байна. Мөн Солонгосын хойгт хүрэхээр удаан яригдаж байгаа USS Carl Vinson хөлөг тэргүүтэй цохилтын бүлэглэл саяхан Японы тэнгист хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Ази, Номхон далайн бүсэд хийж байгаа 10 хоногийн айлчлалынхаа үеэр очсон улс болгондоо Хойд Солонгосыг заналхийлсэн мэдэгдэл хийж байгаа.

Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал Дональд Трампыг Хойд Солонгосын эсрэг ямар нэг шийдвэртэй алхам хийлгэж магадгүй боллоо.

 

Эх сурвалж: Bloomberg